Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0587

 

2020 оны 09 сарын 14 өдөр         Дугаар 128/ШШ2020/0*******7           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СТ” ХХК

Хариуцагч: БОАЖЯ.

Хариуцагч: АМГТГ КХД.

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”, СТ ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч АМГТГ КХД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...СТ ХХК нь Баянхонгор аймгийн гэх газарт ашигт малтмал ашиглалтын МУ-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/879 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай компанид ирүүлсэн байдаг.

Уг албан бичигт “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/4******* тоот, БОАЖС-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/1025 тоот албан бичгээр ирүүлсэн ******* тоот дүгнэлтийг тус тус үндэслэн танай компанийн эзэмшиж байсан ашигт  малтмалын ашиглалтын МV-******* тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдье” гэжээ.

 Манай компанийн зүгээс маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. *******ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын дарга *******д гомдол гаргасан ба түүний хариу болгож ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц. *******ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 3/2019 дугаартай албан бичигт маргаан бүхий дээрх захиргааны акт нь “БОАЖЯ’’-ны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар ‘‘Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт“-д үндэслэсэн болохыг дурдсан.

Хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийн 1 дэх заалтад "Баянхонгор аймгийн Засаг дарга Ж. *******ын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичиг, гурав дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоол, 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул СТ ХХК-ийн эзэмшиж буй МV-О21136 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.” гэсэн байна.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн З.З дахь хэсэгт Яам нь Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт,  бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, ,эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн, 4.2 дахь хэсэгт Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биеийнхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана гэж тус тус заасан байна.

БОАЖЯ нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын цор ганц Төрийн захиргааны төв байгууллага гэж Монголын ард түмэн ойлгож хүлээн авч байгаа. Гэтэл энэ мэргэшсэн яам нь Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын бичгийг аялдан дагаж уламжилдаг, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй. 

Дээр дурдсан "‘дүгнэлт " гэдгийн Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлох шаардлага маргаантай дүгнэлт огт нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч СТ ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд огт байхгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсэг”-ийг байгуулсан байна.

Гэтэл уг ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2020 оны 02 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай бодит байдал дээр ямар байсан, СТ ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээх болох эсэх талаар мэргэжлийн яамны хувьд баримт сэлт, мэдээллийг цуглуулан, дүгнэлтийн үндэслэл болж буй мэдээллийн эх сурвалж, баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулсан үнэлгээг дүгнэлтдээ тусгасан бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “ зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцсэн шийдвэр болох байжээ.

СТ ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах гэж заасан эрхийн дагуу 2019 онд өөрийн талбай дээрээ нэмэлт хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөг төрийн эрх бүхий байгууллагаа батлуулсан ба манай компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 онд авснаас хойш ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй болно.

АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын дарга *******д гомдол гаргасан ба түүний хариу болгож ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц. *******ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 3/2019 дугаартай албан бичигт маргаан бүхий дээрх захиргааны акт нь “БОАЖЯ"-ны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-д үндэслэсэн болохыг дурдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу БОАЖЯ нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл БОАЖЯ Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчиж оролцогч этгээд болох манай компанид захиргааны актыг мэдэгдээгүй нь тухайн хүчин төгөлдөр болоогүй дүгнэлтийг үндэслэн гаргасан Хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг мөн хууль бус, хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

Иймд БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”, СТ ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. *******ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт” нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг дараах үндэслэлээр бүрэн хангаагүй гэж үзэж байна. Үүнд;

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 37,2- т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй М№ 5140-1 ;2011 буюу “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт”-ын 2 дахь хэсэгт “Энэ стандарт нь удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад үүсч хөтлөгдөх зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны шинжтэй баримт бичигт хамаарна. Энэ стандарт нь төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид хөтлөгдөж буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгүүд, тэдгээрийн нэр төрөл, тодорхойлолтыг тогтооно” гэж, 3 дахь хэсэгт баримт бичгийг “а) захирамжлалын баримт бичиг b) зохион байгуулалтын баримт бичиг с) мэдээлэл-лавлагааны баримт бичиг" гэж 3 төрөлд хуваана, 5.3 дахь хэсэгт Зохион байгуулалтын баримт бичиг дараах төрлийн баримт бичгүүдээс бүрдэнэ гээд үүнд албан бичиг, зөвлөмж, гэрээ, дүгнэлт...” гэж тус тус тодорхойлсон байна.

БОАЖС-ын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт нь хэн нэг этгээдийн үйл ажиллагааг хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан зэрэг захирамжилсан шинж байхгүйн дээр МNS 5140-1:2011 стандартад тодорхойлсончлон дүгнэлт нь угаас захирамжлалын баримт бичгийн шинжгүй, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг байна.

Түүнчлэн дээрх дүгнэлт нь дангаараа аливаа эрх зүйн шууд үр дагавар үүсгэх боломжгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5- д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж зааснаас үзэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байж дүгнэлт гаргахаар зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргаж байна. Өөрөөр хэлбэл дүгнэлт дангаараа тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа асуудал биш юм.

 Мөн дүгнэлт нь гадагш чиглэсэн эсэхийг аваад үзэхэд гадагш чиглэсэн гэдэг нь тухайн шийдвэрийн үйлчлэл нь байгууллагын дотоод харилцааны хүрээнд хамаарах буюу дотогш чиглэсэн бус, харин гуравдагч этгээдэд буюу байгууллагын дотоод харилцааны гадна орших этгээдэд эрх олгосон эсхүл үүрэг хүлээлгэсэн шинжээр илэрхийлэгддэг. Гэтэл тус дүгнэлтийг БОАЖС-ын тушаалаар байгуулагдсан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан бөгөөд дүгнэлтийн 1 дэх хэсэгт Тус компани нь Баянхонгор аймгийн Шанд булаг нэртэй 1783.29 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МЧ/-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар, 2 дахь хэсэгт дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг эргэн танилцуулах талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон заалттай байна. Үүнээс үзэхэд дүгнэлт нь нөхцөл байдлыг дүгнэсэн, түүнийг өөр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг нь хангуулахыг албан хаагчдаа даалгасан буюу гадагш чиглэсэн шинжгүй дотоод зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг гэж дүгнэхээр байна.

Иймд БОАЖС-ын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй байх тул шүүх үүнийг хүлээн авч хэрэг үүсгэх үндэслэлгүй байна.

 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах тохиолдлыг 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тодорхой заасан бөгөөд дүгнэлт нь дангаараа дээр тайлбарласанчлан хэн нэг этгээдэд шууд үр дагавар бий болгох боломжгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй, зохион байгуулалтын баримт бичиг тул захиргааны акт гэж үзэн сонсох ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймд БОАЖЯны ажлын хэсгийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл, 37 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан зүйлд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч АМГТГ КХД шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Баянхонгор аймгийн Баян Овоо Шанд булга нэртэй 1783,29 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх АМГТХЭГ-ын Кадастрын даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *******7 дугаар шийдвэрээр “СТ” ХХК-нд олгожээ. Ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “СТ” ХХК-ийн талаар Баянхонгор аймгийн Баян Овоо засаг дарга Ж *******ын 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 03 тоот албан бичиг, 3 багийн Иргэдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоол, 01 дугаар тэмдэглэлийг төрийн захиргааны төв байгууллага БОАЖЯанд ирүүлсэн байна. Уг албан бичигт “Баянхонгор аймгийн Баян Овоо дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “СТ” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн .56.1.5-т заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү" дурджээ. Үүний дагуу БОАЖЯ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот дүгнэлтийг гаргасан байна.

 БОАЖЯ 2020 оны 02 дугаар сарын 13-ны уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ******* тоот “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүргүүлжээ.

Уг дүгнэлтэд “СТ” ХХК-ийн М\/-******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын (Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ******* дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэр гарчээ.

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг Сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл Нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай  бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд СТ ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийг Хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч СТ ХХК-иас БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”, АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар[1] хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”[2] шийдвэр гаргуулахыг эцсийн байдлаар хүсэн тодорхойлсон болно.

1.БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хууль бус байсан болох тухайд:

БОАЖЯны сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай"  А******* дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг баталжээ[3].

Уг ажлын хэсгийнхэн Баянхонгор аймгийн Баян Овоо Засаг дарга Ж.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичиг[4], Баян Овоо 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол[5], түүний хурлын тэмдэглэл[6] зэргийг үндэслэн Баянхонгор аймгийн Баян Овоо дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч СТ ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан "байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх" гэж дүгнэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”[7]-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасны дагуу гаргажээ.

Гэтэл хожим энэхүү ажлын хэсгийнхэн өөрийн гаргасан дээрх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар  дүгнэлтээ "...эзэмшигч СТ ХХК-ийн М\/-******* дугаар  тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйлдвэрлэлийн болон ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20/11 албан бичгээр болон уг ашиглалтын зөвшөөрөл бүхий талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах 2019, 2020 оны тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Баянхонгор аймгийн БОАЖЯаар хянуулж, батлуулж байгаагүй..." зэргийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020\13 дугаар дүгнэлтээр[8] бүхэлд нь хүчингүй болгосноор маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болжээ.

Өөрөөр хэлбэл БОАЖЯны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020\13 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч СТ ХХК-ийн Баянхонгор аймгийн Баян Овоо дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйлдэл хийгээгүй гэж дүгнэжээ.

Харин энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц "...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар  дүгнэлтийг хариуцагч өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасны дагуу хүчингүй болгосон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн..." гэж тайлбарласан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч СТ ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан гомдол гаргасныг захиргааны байгууллага хүлээн авч өөрийн гаргасан дүгнэлтийг хянан үзээд түүнийг гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хүчингүй болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан  эдлэх эрхэд хамаарч байх бөгөөд уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр: АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *******7 дугаар шийдвэрээр[9] Баянхонгор аймгийн дахь Шанд булаг нэртэй 1783.29 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг  СТ ХХК-д олгожээ[10]

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр[11] дээрх М\/-******* дугаар тусгай зөвшөөрлийг “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”...” зэргийг үндэслэн цуцалжээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах  үндэслэлийг нэрлэсэн заасан байх бөгөөд энэ хуулийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ тухайд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б: "...Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг БОАЖЯны 2020\04 тоот дүгнэлтийг үндэслэн гаргасан..." гэж тайлбарласан болно.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий акт болох АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн хамгийн гол үндэслэл нь  БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" дүгнэлт байжээ.

Харин хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад нэхэмжлэгч СТ ХХК-ийн М\/-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 56.1.2 "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; 56.1.3 "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; 56.1.4 "тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол; 56.1.6 "стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн. 56.1.7"хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон", 56.1.8 "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн", 56.1.9 "Энэ хуулийн 49.1, 49.2, 49.3-т заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол; 56.1.10 "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан; 56.1.11 "Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй" гэх үндэслэлүүд байгаагүй болно.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн үндэслэл болсон БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" дүгнэлтээ БОАЖЯ өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон.

Гэвч дүгнэлт хүчингүй болсон эсэхийг үл хамаарч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга өөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрээ цуцлаагүй.

Улмаар тус актыг үйлчлэл бусад байдлаар хэрэгжиж, эрх зүйн нөлөөллөө бүрэн үзүүлсээр байсан тул шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан  "БОАЖЯны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2:Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан АМГТГ КХДийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 1-8 хуудас

[2] Хавтас хэргийн 134 хуудас

[3] Хавтас хэргийн 54 хуудас

[4] Хавтас хэргийн 85-86 хуудас

[5] Хавтас хэргийн 76 хуудас

[6] Хавтас хэргийн 72-75 хуудас

[7] Хавтас хэргийн 62-63 хуудас

[8] Хавтас хэргийн 119, 127-128 хуудас

[9] Хавтас хэргийн 67 хуудас

[10] Хавтас хэргийн 20-21 хуудас

[11] Хавтас хэргийн 132 хуудас