Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2280

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02337 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Оюунбадам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Нацагдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн А.Т-тай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр А.Т- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, .....дугаар байрны 2 давхарын 198 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг захиалсан. Гэрээний 1.2-т зааснаар 1 метр квадрат талбайг 1 515 152 төгрөгөөр тохиролцон 300 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Барилга баригдах явцад хариуцагч А.Т- 150 000 000 төгрөг төлсөн. 198 метр квадрат талбайг А.Т- өдий болтол ашиглаж байгаа мөртлөө үлдэгдэл 150 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа. Хариуцагчид удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагыг хүргүүлж байсан. Хэрэв үлдэгдэл мөнгийг төлвөл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгнө гэдэг. Гэрээний дагуу алданги шаардаж байгаа боловч бид алданги нэхэмжлэхгүй, үлдсэн 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ж” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 98 тоот гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах .... дугаар байрны 2 давхарын үйлчилгээний зориулалттай 98 м.кв талбайг 300 000 000 төгрөгөөр авахаар тохирсон. Гэрээний дагуу нийт 169 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Учир нь “Ж” ХХК-ийн санхүүгийн албаны ажилтан Б.А-ийн “ХААН” банкны ............... тоот дансанд 165 000 000 төгрөг, борлуулалтын менежер Т.С-д 4 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Анхны гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үүгээр бол 5 асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохирсон. Бидний зүгээс эдгээр ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр буюу 2 976 100 төгрөгөөр хийж гүйцэтгээд, зардлыг нийт үнийн дүнгээс хасуулах саналыг удаа дараа гаргасан. Ингээд залгуулаад эдийн засгийн хямрал нүүрлэж, бизнесийн үйл ажиллагаа биднээс шалтгаалахгүйгээр доголдолж төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Иймд 2 976 100 төгрөгийг нийт төлбөрөөс хасч өгнө үү. Нэмэлт гэрээгээр гарын үсэг, огноо байхгүй ч гэсэн энэ хүсэлт гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн баримт болно гэж үзэж байна. Б.Асралмаагийн нэр дээрх дансаар “Ж” ХХК захиалагч нараас мөнгө авдаг байсан юм билээ. 169 000 000 төгрөг Б.А-ийн дансааар ороогүй гэдгийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анхны гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үүгээр бол 5 асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохирсон боловч “Ж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид өөрсдийн хөрөнгөөр дараах зүйлүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Худалдааны 2 дугаар давхараас орох хаалга 850 000 төгрөг, дээрээс орж ирсэн салхивч, бохирлын хоолойг солиход материалын зардал, ажлын хөлс 327 000 төгрөг, таазаар үргэлжилсэн бохирын шугам хоолойд вакум хаалт хийлгэсэн ажлын хөлс 1 234 100 төгрөг, айлуудын дундын босоо шугам гэмтлээс шалтгаалан ус алдсанаас үүдсэн 4-5 удаагийн засварын материал, ажлын хөлс 565 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг 150 000 000 төгрөгөөс хасч тооцно уу. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад манай талаас гаргасан зарим нотлох баримт эргэлзээтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 19 000 000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна, нэмэлт гэрээний дагуу нэхэмжилж буй 3 000 000 төгрөгт холбогдох хэсгээ дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Нэмэлт гэрээ гэдэг нь тамга тэмдэггүй, огноогүй, нэхэмжлэгч компанийн төлөөлөх этгээдийн гарын үсэггүй байгаа тул энэ нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь төлбөр төлөх графикийн доор жич гээд энэ 3 000 000 төгрөгийн задаргааг бичсэн байгаа. Үүнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Урьдчилгаа 90 000 000 төгрөгөө анх өгөөд хариуцагч нь уг үйлчилгээний талбайг ашиглахаар орсон байдаг тул засвар үйлчилгээний 3 000 000 төгрөг нь шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. н.Сонин-Эрдэнэ гэдэг хүнд А.Т- 4 000 000 төгрөг өгсөн гэдэг. Энэ мөнгийг А.Т- өөрийнхөө данснаас мөнгө гаргахдаа орон сууцны төлбөр гэсэн утгыг гүйлгээний утга дээр бичээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 15 000 000 төгрөгийг н.Сонин-Эрдэнэд байр зуучлалын хөлс гэсэн гүйлгээний утгатай А.Т-гийн данснаас шилжүүлсэн мөнгө гэдэг нь баримтаас харагдаж байна. Түүнээс биш “Ж” ХХК-ийн дутуу төлбөрийг төлж байгаа төлбөрийн баримт биш тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т-гаас 150 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, хариуцагч А.Т-гийн нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэмэлт гэрээний дагуу 3 000 000 төгрөгийн зардал гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нэмэлт хятад ханз үсгээр бичигдсэн гэрээн дээр “Ж” ХХК-ийн албан ёсны тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан байхад тамга дарагдаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 3 000 000 төгрөгийн засвар  үйлчилгээ хийсэн, материал авсан баримтуудыг хэрэгт хавсаргасан байхад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. “Ж” ХХК нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний 3.1-т заасныг зөрчсөнөөс үүдэн гарсан 3 000 000 төгрөгийн зардал гаргуулах үндэслэл байхад, энэ талаарх нотлох баримтуудыг харьцуулан үзэж үнэлэлгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгохоор энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

   Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч А.Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч А.Т- нь 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

   Зохигчид 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр “Жиашидэ” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ........ дугаар байр, 2 давхарт байрлах 198 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, А.Т- нь 300 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 13-17 дугаар тал/

 

   Гэрээний зүйл болох дээрх орон сууцыг “Ж” ХХК нь 2011 оны 12 сарын 29-ний өдөр барьж дуусгасан болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл нь баригдаж дууссан орон сууц байсан тул анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /20-22 дугаар тал/

   Худалдан авагч А.Т- нь гэрээний урьдчилгаа төлбөрт 150 000 000 төгрөг төлж, 2012 оны 5 сарын 15-ны өдрөөс хойш гэрээний зүйлийг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргаагүй байна.

   

   Хариуцагч А.Т- нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээний үлдэх төлбөр 150 000 000 төгрөг гаргуулах хэсэгт маргаагүй байх тул анхан шатны шүүх дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар тэрээр давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

   Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбоотой гарсан зардлыг худалдагч хариуцахаар заасан. Худалдан авагч А.Т- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй. 

 

    Хэргийн 18 дугаар талд авагдсан нэмэлт гэрээгээр худалдагч “Ж” ХХК нь хаалга солих, холбоо дохиоллын өрөөний хажуугийн хэсэгт ариун цэврийн өрөөг байрлуулан угаалтуурын асуудлыг шийдвэрлэх, салхивч бохирын шугам хоолойд хаалт хийх, бүх вакуум цонхуудад засвар үйлчилгээ хийх, бохирын шугам хоолойг дээшлүүлэх зэрэг үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь уг нэмэлт гэрээнд компанийн тамга дарагдаагүй үндэслэлээр уг гэрээг байгуулаагүй, дээрх доголдолтой холбоотой гарсан зардлыг хариуцахгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан боловч уг нэмэлт гэрээнд зурагдсан гарын үсэг, үндсэн 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн гэрээнд зурсан гарын үсгийн хооронд зөрүүтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд уг нөхцөл  байдлын талаар  тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг нэмэлт гэрээнд зурагдсан гарын үсгийг няцаагаагүй болно. Гэрээнд “Ж” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж нэмэлт гэрээг байгуулсан гэж үзнэ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх этгээд гарын үсэг зурснаар хэлцэл хийсэнд тооцох ба компанийн тамга дарагдаагүй нь уг нэмэлт гэрээг байгуулаагүй гэх үйл баримтыг нотлохгүй.

 

  Нэмэлт гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс хариуцагч нь өөрийн зардлаар бусдаар гүйцэтгүүлж гарсан зардал нь 2 976 100 төгрөг тул сөрөг нэхэмжлэлээ 3 000 000 төгрөг гэж тодорхойлж шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар нийт 2 876 100 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна. Тодруулбал, нэмэлт гэрээгээр “Ж” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч А.Т- өөрийн зардлаар хийсэн нь хэргийн 61-64, 66-71-р талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Харин үйлчилгээний заалны цахилгааныг засварлах ажлыг талууд нэмэлт гэрээгээр тохиролцоогүй байх тул хэргийн 72 дугаар талд авагдсан цахилгааны баримттай холбоотой 100 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчээс 2 876 100 төгрөг гаргуулж хариуцагч А.Т-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Т-гаас 150 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 2 876 100 төгрөг гаргуулж хариуцагч А.Т-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 123 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 60 967 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ