Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0440

 

 

БК ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батжаргал, Д.Хаш-Эрдэнэ, гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд З банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор БК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар БК ХХК-ийн 7.000 м.кв газар эзэмших эрхийг албадан худалдах гэсэн нь Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, уг захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх заалтын БК ХХК-ийн 7.000 м.кв газар эзэмших эрхийг албадан худалдах гэснийг хүчингүй болгож, дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... БК ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 08-ны хооронд 5 жилийн хугацаатай газар эзэмшиж улмаар 2011 оны 02 дугаар сарын 09-ны өдөр газар эзэмших дуусгавар болсон байна.

... Мөн газрын төлбөрийн нэхэмжлэл нь дангаараа захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй бөгөөд БК ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан эрх бүхий байгууллагын шийдвэр гэж үзэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрхийг тухайн шатны Засаг даргын захирамж гарснаар сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

... Уг газрыг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн дагуу өөрийн мэдэлдээ шилжүүлэн авч, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээний дотор Э ХХК-д эзэмшүүлсэн болно.

... БК ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болоод 3 сар 17 хоног өнгөрсөн байхад шүүх 7.000 м.кв газар эзэмших эрх дуусгавар болсон байхыг шалгалгүйгээр эвлэрлийг баталсан нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судлан үзээгүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гарсныг залруулан Хан-Уул дүүргийн 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2705 дугаар захирамжаар ... БК ХХК-ийн 7.000 м.кв газар эзэмших гэснийг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

... БК ХХК газар эзэмших эрхээ З банкд барьцаалсан байдаг ба ийнхүү барьцаалахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчиж, газар өмчлөгчийн үүргийг хэрэгжүүлэгч Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг аваагүй, барьцааг Хан-Уул дүүргийн газрын албанд бүртгүүлээгүй, эрхийн гэрчилгээндээ барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй нь барьцааны гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд барьцааны бүртгэл хийлгээгүй мөн баталгаажуулахгүйгээр З банкд 7.000 м.кв газрыг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн.

... БК ХХК-ийн 7.000 м.кв газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхаар мэдэгдсэн мэдэгдэл нь БК ХХК-ийн газар эзэмших эрх, үүрэг 4 сарын өмнө буюу 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон буюу 120 хоногийн дараа газрын албанд хандсан нь газрын алба уг мэдэгдлийг хүлээн авч хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй, хэрэгжүүлэх ч боломжгүй.

... БК ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болсон байсныг Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн Э ХХК-д 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн дагуу хууль ёсоор газар эзэмшиж байгаа билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2705 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 129 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт БК ХХК-ийн удирдлагууд удаа дараа БК ХХК-ийн урьд эзэмшиж байсан 7.000 м.кв газрын талаар Э ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулан 2 удаа хэрэгсэхгүй болгож, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гомдлыг хүлээн авч эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас сэргээн эцэслэн шалгаж байгаа болно. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжийн дагуу МК ХХК-ийн бетон зуурмагийн узелийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдэж байгаа боловч эрүүгийн болон иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэлгүйгээр удаа дараа түдгэлзүүлсээр өнөөдрийг хүрч байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж нь БК ХХК-ийн эрх ашгийг хөндсөн, ямар нэгэн байдлаар хохирсон зүйл огт байхгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт түүний цаг хугацаа болоод орон зай, шалтгаант холбоогоор нотлогдох болно.

... БК ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг даргын /25 дугаар шийдвэрийн/ хооронд газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дууссанаас хойш 5 сар буюу 150 хоногийн дараа 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамж гарч, Э ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь БК ХХК-тай ямар ч хамааралгүй гэдгийг батлан нотолж байгаа тул БК ХХК-ийн шүүхэд гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд З банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч МК ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, БК ХХК-ийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** гэрчилгээтэй, 8014/021 нэгж талбарын дугаартай, 7.000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан.

... Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэг, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э ХХК-д дээрх газрыг дуудлага худалдаа, төсөл, тендер шалгаруулалгүйгээр өгнө үү. З банкны эрх хүлээн авагч тус банкны зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэн Засгийн газраас гаргасан бондын төлбөрийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээлдэгчдийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах явцад барьцаа хөрөнгө үнэгүйдэх, алдагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал гарч байгаа тул бидний ажилд хуулийн дагуу туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд МК ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар шүүгчийн захирамжаар З банкд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхийг албадан худалдаж хангуулахаар шийдвэрлэсэн. ... З банкны эрх хүлээн авагчаас 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1319 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын албанд БК ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** гэрчилгээтэй, 8014/021 нэгж талбарын дугаартай 7.000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, аливаа шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай хүсэлт болон шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн боловч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр заалтыг зөрчин, Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр, З банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг харгалзан үзэлгүй 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар ЭГ ХХК-нд газар эзэмших эрхийг 4 давхардуулан олгосон. ... Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын алба тус газарт үл хөдлөх эд хөрөнгө байгаа болохыг мэдсээр байж ЭГ ХХК-нд олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 2006 онд БК ХХК-д тус газрын газар эзэмших эрхийг олгосон бөгөөд тухайн үед ЭГ ХХК өөрийн эзэмшлийн газар дээр давхардуулан олгосон гэх үндэслэлээр гомдол, хүсэлт гаргаагүй мөртлөө 2011 онд буюу бүтэн 5 жилийн дараа БК ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссаны дараа Газар давхардуулан олгосон гэх үндэслэлээр тус газрын газар эзэмших эрхийг нэр дээрээ шилжүүлэн авсан байна. Нийслэлийн Засаг дарга тус газрын газар эзэмших эрхийг ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр, давхардуулан олгосон гэх үндэслэлээр ЭГ ХХК-д олгосон нь тус хуулийн заалтыг зөрчиж байна.

Иймд БК ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь МК ХХК-ийн эрх ашигт бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БК ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар зээлийн барьцаанд барьцаалсан Улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Бетон зуурмагийн үйлдвэр, БК ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаартай 7.000 м.кв газрыг албадан худалдахаар шийдвэрлэсэн. Харин 2012 оны 06 дугаар сарын 29-ний 2705 дугаар захирамжаар албадан дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн БК ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаартай 7.000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар Э ХХК-д олгосон гэх үндэслэлээр дээрх газрыг албадан дуудлага худалдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ ердийн харьяаллын шүүхийн 2012 оны 2705 дугаар шийдвэрийг үндэслэлээ болгох боломжгүй.

Учир нь ердийн харьяаллын шүүх 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2705 дугаар шийдвэр гаргахдаа Э ХХК-д газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийг үндэслэсэн байдаг.

Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны акт болох 523 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэж буй захиргааны хэргийн шүүх ердийн харьяаллын шүүхийн шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

2. Анхан шатны шүүх БК ХХК газар эзэмших эрхээ З банкд барьцаалахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн тухайд:

Гуравдагч этгээд МК ХХК болон З банкны хооронд 2008 он, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар зээлийн гэрээ байгуулан үүний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар Барьцааны гэрээ байгуулж МК ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаарт бүртгэлтэй 7.000 м.кв газрыг барьцаалан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үүний дагуу З банкнаас 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1319 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын алба, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт БК ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8014-021 дугаар газар эзэмших эрхийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай хүсэлтийг хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Э ХХК-д олгохоос өмнө дээрх Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр юм.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэхдээ тухайн газар дээр бусдын өмчлөлийн зүйл байгаа эсэх, бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэх, гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Иргэний хууль болон Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олголт хийсэн нь нэхэмжлэгч БК ХХК, гуравдагч этгээд МК ХХК болон З банкны эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл боллоо.

3. Анхан шатны шүүхээс тухайн хэрэг маргааныг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэхийн тулд БК ХХК-ийн маргаан бүхий 7.000 м.кв газрын аль хэсэг нь Зоос банзны барьцаанд байгаа МК ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр болон 1 давхар ажилчдын байр байгаа эсэх,, аль хэсэгт нь Э ХХК-ийн эзэмшлийн кирамзитын үйлдвэр байгааг тогтоох шаардлагатай байсан ба энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй болно.

Ингэснээр шүүх тухайн үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадалгүй маргаан бүхий 7.000 м.кв газрыг хууль зөрчин бүхэлд нь Э ХХК-д өгсөн Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамжийг зөвтгөн бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Маргаан бүхий газар дээр байрлах нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эд хөрөнгийн байршлыг тогтоосноор 7.000 м.кв газрын аль хэсгийг нь Э ХХК-д олгох боломжтой эсэх, аль хэсэгт нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлах боломжтой зэрэг дээр дүгнэлт хийх боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын холбогдох хэсэг буюу Э ХХК-ийн кирамзитын агуулах, төмөр зам байрлах газрыг л тус компанид эзэмшүүлэх боломж байснаас биш газрыг бүхэлд нь буюу БК ХХК, МК ХХК, З банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин бүхэлд нь олгож шийдвэрлэсэн нь бусдын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг Э ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар газрын асуудлыг шийдвэрлэлгүй нэг этгээдэд давуу эрх олгон шийдвэрлэсэн тухайд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. Учир нь маргааны үйл баримт бүрт дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгслийн нэг бөгөөд түүнд шүүх бүрэлдэхүүн, хуралдаанд оролцогч болон тэдгээрийн асуулт, тайлбар, нотлох баримтыг шүүх үнэлсэн байдал, шүүхийн шийдвэрийн агуулга зэргийг тусгах ёстой.

 

Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх нөхцөл байдлыг тодорхой тусгаагүй, тухайлбал, шүүх бүрэлдэхүүн, шүүхээс гарсан шийдвэр зэргийг шүүхийн шийдвэрт бичсэнээс зөрүүтэй, шүүх хуралдааны явцад гаргасан хэргийн оролцогчдын тайлбар бүрэн биш байгаагаас гадна шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Энэ нь шүүх тухайн шийдвэрийг гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

 

Хоёр. Нэхэмжлэгч БК ХХК-аас гаргасан Нийслэлийн Засаг дарга 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж анхан шатны шүүх Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хувьчилж авсан гэх Э ХХК-ийн төмөр замын эзэмшил газрын талбайг тухайн үед хэрхэн тогтоосон, өөрөөр хэлбэл Э ХХК-д эдгээр хувьчлан авсан эд хөрөнгөтэй холбогдуулж, эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлж ирсэнтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулахаас гадна бодит байдал дээр Э ХХК-д эзэмшүүлсэн газарт МК ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний барилга, бетоны барилга доорх газар хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар Э ХХК-д нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг урьд нь тухайн компанид бүгдийг нь эсхүл зарим хэсгийг нь эзэмшүүлж, ашиглуулж байсан эсэх болон тэр нь МК ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газартай давхцаж байгаа эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ хүрээнд тодруулах шаардлагатай байжээ.

 

Дээрх алдааг залруулж, холбогдох баримтыг бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР