Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2018/00008

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П-дхолбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний биеийг П-н 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/8- тоот захирлын тушаалаар туршилтын хугацаагаар няравын ажилд томилогдсон. П-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/4- тоот тушаалаар няравын бүтэц, орон тоо цомхотголд орсон гэсэн үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дотуур байрны жижүүрээр шилжүүлж ажиллуулсан. П-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэх хуудсаар бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн. Миний ажиллаж байсан дотуур байрны бүтэц, орон тоо ямар нэг хэлбэрээр өөрчлөгдөөгүй, хасагдаагүй цомхотголд ороогүй тул жижүүрийн орон тоо өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2008 онд П-д няраваар ажилд орсон. Дараа нь Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах статистик мэдээ хариуцсан ажилтнаар ажиллаж байхад статистик мэдээ хариуцсан ажилтны орон тоо цомхотголд орсон гээд эргээд няраваар ажилласан. Тэгтэл няравын бүтэц, орон тоо 2 байх ёстой учир сүүлд ажилд орсон хүнийг халдаг гээд намайг няравын ажлаас чөлөөлсөн. Байгууллагын зүгээс эргээд орон тоо гарвал няраваар нь эргүүлээд авна гэж хэлсэн. Няравын орон тоо гарсан боловч намайг няраваар ажилд аваагүй, гаднаас өөр хүн авсан. Няраваар орсон хүн жирэмсэн байсан. Жирэмсний амралтаа авбал таныг няраваар авна гэж хэлсэн боловч бас л намайг ажилд аваагүй. Миний хувьд маш их хохирч байна. Тухайн үед намайг эргээд няравын ажилд авна гэсэн үгэнд нь итгээд гомдол гаргаагүй. Дараа нь гомдол гаргах гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. Тэгээд би дотуур байрны жижүүрээр ажиллахаар гомдол гаргасан. Иймд П-ийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/2- тоот тушаалыг үндэслэн няравын ажлаас чөлөөлж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотуур байрны жижүүрээр шилжүүлэн томилсон нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/21 тоот тушаалыг зөрчиж, бүтэц орон тоо илүүдэн ажиллуулж байсан. Дээрх тушаалаар тус сургуулийн Дотуур байрны жижүүрийн албан тушаал 4 хүний орон тоотойгоор батлагдаж ирсэн. Батлагдсан бүтэц, орон тооны цомхотголд оруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь 2016 онд няравын орон тоон дээр ажиллаж байсан. Няравын орон тоо нь манайд хоёр байдаг. А нь няраваар ажиллаж эхлэхээсээ өмнө Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албаны орон тооноос хөдөлмөрийн гэрээ байгуулан няравын орон тоон дээр ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны бүтцэд няравын орон тоо хоёр байна гэж заасан байсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нярав А цомхотголд оруулахаас өөр аргагүй болсон. Няравын орон тоонд хамгийн сүүлд А орсон учраас сүүлд орсон гэх үндэслэлээр А цомхотголд оруулсан. А цомхотголд оруулах гэтэл эгч нь олон оюутан хүүхэдтэй, ажлаас халахгүйгээр ямар ч хамаагүй ажлын байран дээр тавьж өгнө үү гэж гуйсан. Та 50 настай, 4 хүүхэдтэй болохоор цомхотголд ороод тэтгэвэрт гарч болно гэхэд А намайг ямар нэгэн байдлаар ажлын байранд үлдээж өгнө үү гэсэн учир гуйлтыг хэрэгжүүлэх үүднээс дотуур байрны жижүүрийн орон тоонд тавьсан. Дотуур байрны жижүүрээр тавиад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учир нь няравын орон тооноос цомхотголд оруулсан тушаал гараагүй байсан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, шилжүүлсэн. Шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар сул зогсолтын үед өөр ажлын байр луу шилжүүлж болно гэсэн үндэслэлээр дотуур байрны жижүүрийн орон тоо руу шилжүүлсэн. Дотуур байрны жижүүрийн орон тоонд 4 хүн байсан. Тухайн үед 2017 оны 03 дугаар сард аймгийн спортын бага наадам болно гэсэн болохоор манай байгууллага спортлог хүн ажилд авах зорилгоор 03 дугаар сарын 06-ны өдөр Ууганбаяр гэдэг залууг ажилд авсан. Тэгээд Идэрзориг, Ууганбаяр, Баярсайхан, Октябрь нар дотуур байрны жижүүрийн орон тоон дээр байсан. Ууганбаярыг бид дотуур байрны жижүүрийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч гэсэн бичиг хэргийн ажилтнаар ажиллуулдаг байсан. Тухайн үед дотуур байрны жижүүрийн орон тоонд 4 хүн хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 3 хүн ажиллаж байсан учир А-г дотуур байрны жижүүрийн орон тоонд шилжүүлж тушаал гаргасан. Тэгтэл дотуур байрны жижүүрийн орон тоонд байсан хүнийг бичиг хэргээр ажиллуулаад байна, үндсэн ажлыг нь хийлгэсэнгүй гэж хэл ам гарахаар нь Ууганбаярыг үндсэн ажилд нь тавихад А илүүдсэн. Тэгээд А-г гал тогооны туслах ажилтнаар ажиллуулсан. Яагаад гэвэл А-н ямар нэгэн ажлын байртай болгож өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслээд гал тогооны туслах ажилтнаар ажиллуулсан. Гэхдээ ямар нэгэн тушаал гаргаагүй. Гал тогооны туслах ажилтанг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хийсэн. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдөр бүх ажилчид цуглахад бүтэц орон тооноосоо илүү хүн ажиллуулж байна гэсэн хэл ам гарсан. Сүүлдээ цалин сан хүрэхгүй болсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сард А-ыг ажлаас чөлөөлсөн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А нь П-д холбогдуулан дотуур байрны жижүүр-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний ажиллаж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй, цомхотголд ороогүй, хасагдаагүй хэмээн тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

П-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/11- дугаартай тушаалаар Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалын хавсралтыг тус тус үндэслэн П- бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн хэмнэлтийг горимд шилжүүлэх бодлогын хүрээнд тус сургуулийн дотуур байрны жижүүр А-ын ажлын байрыг цомхотголд оруулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгожээ.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нарийвчилсан зохицуулалтыг тушаалдаа баримтлаагүй байх бөгөөд ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалыг үндэслэн няраваар ажиллаж байсан А-г 2017 оны 03 дугаар сард цомхотголд оруулах байсан боловч би олон хүүхэдтэй, ямар ч хамаагүй ажлын байранд ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан учраас Хөдөлмөрийн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар дотуур байрны жижүүрийн албан тушаалд томилсон. Ингэхдээ дотуур байрны жижүүрийн 4 орон тоон дээр нэмж 5 хүн болгож тушаал гаргаад гал тогооны туслах ажилтнаар ажиллуулж байсан. Гэтэл цалин сан хүрэхгүй, дээрх бүтэц орон тооны дагуу ажиллуулах шаардлагатай болсон учраас хамгийн сүүлд ажилд томилсноор нь А-г ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлана.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч тодорхой ажлын байранд, ажил олгогчийн тогтоосон горимын дагуу, түүнээс цалин хөлс авч ажиллаж байсан байх тул тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, А-г хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан гэж үзэхээр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар П-ийн бүтэц, орон тоог батлахдаа дотуур байрны жижүүр гэсэн ажлын байрны орон тоог 4 байхаар баталсан байх бөгөөд уг орон тоо нь 2017 онд хасагдаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй, улмаар ажлын байрыг цомхотгосон эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр гараагүй болох нь талуудын маргаангүй тайлбар болон уг тушаалаар тогтоогдож байна.

Харин хариуцагч байгууллага нь уг албан тушаалд 4 хүн ажиллаж байхад нь нэмж 5 болгон нярав А-ыг дотуур байрны жижүүрээр шилжүүлэн ажиллуулсан болох нь П-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/4- дугаартай А-г шилжүүлэн томилох тухай, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 тоот О.Ууганбаярыг ажилд томилох тухай, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/47 тоот С.Октябрийг ажилд томилох тухай, 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн П.Баярсайханыг туршилтын хугацаагаар ажил томилох тухай, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/40 тоот Н.Идэрзоригийг ажилд томилох тухай тушаалууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Үүнийгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан сул зогсолттой холбон тайлбарлаж байх боловч ийнхүү хуульд заасан үйл баримт бий болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь анхнаасаа сул ажлын байр байхгүй байхад нэмж ажилтан авч, тодорхой хугацаанд ажиллуулчихаад ажлын байрыг цомхотгосон хэмээн А-ыг ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

         Тухайлбал Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ зөрчил гаргаснаас үүдэн ажилтны эрх ашиг хохирох ёсгүй.

Нэхэмжлэгч А нь няравын албан тушаалаас шилжүүлсэн болон дотуур байрны жижүүрээр ажиллуулахаар тушаал гаргасан боловч гал тогооны туслахаар ажиллуулж байсан асуудлаар маргаан үүсгээгүй, шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд А-ыг П-ийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хэрэгт авагдсан цалингийн картыг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд үндсэн цалин 396 798 төгрөгөөр /396798 :21,5 хоног =18456 төгрөг ажлын нэг өдрийн дундаж цалин/ тооцож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1 199 628 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгалаа.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 33 341 төгрөг, нийт 103 541 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч А-г Говьсүмбэр аймаг дахь П-ийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 199 628 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч А-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч П-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлитйн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч П-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 103 541 /нэг зуун гурван мянга таван зуун дөчин нэгэн/  төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

4.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.НАРАНЧИМЭГ