Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ, Хохирогч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.10а.27 тоотод эхнэр ******* зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Би эхнэрээ зодсондоо гэмшиж байна. урд өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй гэр бүлийн асуудлаас болж хааяа ам мурийх асуудал гардаг л байсан, түүнээс хурцадмал байдалд хүрч байгаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой хоёр найзтайгаа архи уусан, тэгээд гэртээ очоод хоолоо идэж байхдаа эхнэртээ хандан “чи өглөө гараад л орой ирэх юм танай ажил цалин багатай энэ тэр” гэж уцаарласан тэр явдлаас болж би уурлаж эхнэрээ цохиж авсан. Би эхнэрийнхээ баруун, зүүн бугалганд зангидсан гараараа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би эхнэртэйгээ гэр бүл болоод 12 жил болж байгаа, манайх 4 хүүхэдтэй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна. Би цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй 6 жил болсон байсан. Хэрэг явдал болдог өдөр хоёр найзтайгаа архи уугаад дээрх асуудлыг тавьчихлаа гэх мэдүүлэг / ххийн 38-39/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 20 7 оны 11 сарын 07-ны 19 цагийн үед манай нөхөр ******* айлд архи ууж байна гэж ярьсан. Тэгээд удалгүй 21-н цагийн үед гэртээ ирээд “хоолоо хийсэн юм уу” гэж байгаад хэрүүл гуйгаад гэнэт босч ирээд намайг гэдэс, толгойруу цохиод байхаар нь би зугтааж гараад ЯВСАН. Тэгээд гадаа гараад эгчрүүгээ хотруу ярьсан. Эгч хотоос цагдаад дуудлага өгсөн. Бид 2 цуг амьдраад 12 жил болж байна, 4 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр архи уухаараа ихэнхдээ агсан согтуу тавьдаг. Харагдах байдал нь тийм согтуу байгаагүй, өөрийгөө хянах чадвар байсан. Манай нөхөр намайг толгойруу хэд хэдэн удаа цохьсон яг хэд цохьсоныг мэдэхгүй байна гэдэс рүү бас цохьсон. Өмнө нь намайг хэд хэдэн удаа зодож, цохиж байсан, тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Гомдолтой байна шалгуулна гэх мэдүүлэг. /хх-ийн 09-10/, ... Би эрхээ ойлгож мэдлээ, байцаалт өгнө. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 19 цагийн үед манай нөхөр ******* нь айлд архи ууж байна гэж ярьж байсан. Түүнээс хойш нэг их удаагүй байх 20 цагийн үед гэртээ ирсэн, ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуудуу байсан. Нөхөр маань хоолоо хийсэн юм уу гэж асууж байсан, тэгэхэд нь хоолоо хийсэн гэж хэлээд нөхөртөө хоолыг нь хийж өгсөн, хоолоо идэж байхдаа “танай цэцэрлэг цалин багатай, цалингаа өгдөггүй энэ тэр, ажлаа өг” гээд уцаарлаад нөхөр хоолоо идэж сууж байгаад уурлаад босч ирээд намайг зодсон. Түүнии улмаас баруун, зүүн бугалганд цус хурсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл’ шарх үүсээгүй юм. Тухайн үед эгч над руу утсаар залгаж ярьсан, тэгээд намайг нөхөр зодсоныг мэдсэн, эгч яахаараа тэгдэг юм гээд цагдаад дуудлага өгсөн юм. Нөхөр бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байгаа, манайх 4 хүүхэдтэй. Манай нөхөр ******* нь архи уухгүй 6 жил болоод хэрэг явдал болдог гэх өдөр архи уучихсан. Зургаан жилийн өмнө архи уудаг байж байгаад элэг нь өвдөөд больсон. Нөхөр маань группт байдаг. Манай нөхөр 6-7 жилийн өмнө нэг удаа согтуу ирчихээд зодож байсан. Түүнээс хойш болон, урд зодож цохиж байгаагүй. Намайг хэд хэдэн удаа зодоогүй, харин нэг удаа тэгэхдээ хэд хэдэн удаа цохиж байсныг ташаарч бичсэн байна. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. гэх мэдүүлэг / хх-ийн 22-26/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Хохирогч нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэр бүл нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 5. Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би *******ыг эртнээс таньж мэднэ, зан төлөвийн хувьд төлөв томоотой, бусадтай нөхөрсөг, хүнд тусархуу, элдэв янзын зангүй, ажилсаг, хүн рүү ширүүн дориун дуугараад байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, нэг гэм нь архи ууж байгаад гайгүй болсон, архи уухгүй байж байгаад саяхан архи уугаад эхнэрээ зодсон гэсэн, тэр явдалд нь би аашилж загнасан, яахаараа ингэдэг юм гээд, хүнээс үг дуулдаг сайн залуу байгаа юм. Түүнээс алдаагаа ойлгож ухамсарлахгүй, хүний урдаас хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Амьдралын хувьд дундаж, тааруухан талдаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажилгүй байж байгаад “Эко” цэцэрлэгт ажилд орсон байгаа байх. Манай Очироо автомашины засвар үйлчилгээ, цахилгааныг хийдэг, тэднийх айлын хашаанд байдаг гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 593 дугаартай “1.*******гийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-35 /,

хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол тэмдэглэл, улсын яллагчаас шүүгдэгч нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, тул шүүхээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсэн нь заавал прокурорын саналаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах гэсэн зарчим биш бөгөөд Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан байгааг үндэслэл болголоо.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “хоёр хаалгатай хөргөгч”-ийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “хоёр хаалгатай хөргөгч”-ийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Том гарт ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Том гарт ******* овогт ******* ******* гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан гурван зуун дөчин / 300 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “хоёр хаалгатай хөргөгч”-ийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “хоёр хаалгатай хөргөгч”-ийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ