Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9-12 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ88112528, Б овогт Э.Д-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОН85050676, А овогт Т.Б-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь О.Б-тэй ханилан сууж 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.Г-ийг төрүүлсэн. Одоо охин маань 2 нас 7 сартай. Сүүлийн үед О.Б-тэй болон хадмууд таарч тохирохгүй байсан учир хүүхэд бид хоёрыг гэр лүү буюу төрхөмд нь буцаагаад 2 жил болж байна. Ингээд 2016 оны 11 дүгээр сард шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч О.Б эвлэрнэ гээд гуйгаад байхаар нь түүнд боломж олгосон боловч шүүх хурлаас хойш нэг ч удаа ирж уулзаагүй, охин бид хоёрыг гэртээ аваагүй. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, түүнээс хурим найраар аав, ээж, ах, дүүгийн өгсөн бэлэгний мөнгө 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э.Д нь 2016 оны 11 дүгээр сард гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхийн шатанд бид 2 үр хүүхдээ бодоод цаашдаа амьдралаа үргэлжүүлье гэж тохиролцож эвлэрсэн. Үүнээс хойш би Э.Д рүү удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Би  Э.Д-ийн гэрт нь очиж байсан боловч намайг хөөж, охинтой минь уулзуулаагүй. Э.Д-ийн нэхэмжлэлтэй танилцсаны дараа түүний гэрт нь очиж уулзах гэсэн боловч түүний ээж намайг элдэв бусаар хэлж, охинтой минь уулзуулахгүй байсан. Мөн эвлэрлийн хугацаанд надтай уулзаж ярилцах боломж олгохгүй байгааг харахад Э.Д түүний ээж нар нэг нь салгах, нэг нь салах зорилготой байгаа юм байна гэж ойлгосон. Надаас мөн 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хоёрын найр, хуриманд өгсөн бэлгийг амьдарч байх хугацаандаа ахуйн хэрэгцээнд зарцуулаад дууссан. 2016 оны 8 дугаар сард ээж, бид хоёрыг эзгүй байх үеэр хадам аав, хадам дүү 2 бэлгэнд өгсөн Э.Д-ийн эд хогшлыг аваад явсан байсан.  Эцэст нь хэлэхэд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч О.Б-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Э.Д, О.Б нар нь 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.Г төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаанууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Э.Д, О.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Г-ийг хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгахаар шаардлага гаргасан ба хүүхдийн насыг харгалзан охин Б.Г-ийг эх Э.Д-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.Г-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг О.Б-ээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүх хүүхдийг эх Э.Д-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Э.Д нь гэр бүл болоход аав, ээж, ах, дүү нарын бэлэглэсэн 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба гэрлэгчид нь бэлэгний мөнгөө зарцуулсан болон мөнгөн хуримтлал хийсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 166.500 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 83.250 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 999.000 төгрөг/ 28.526 төгрөг, нийт 98.726 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Э-гийн Д , А овогт Т-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Г-ийг эх Э.Д-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Г-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Д-ийн аав, ээж, ах, дүү нарын бэлэглэсэн гэх 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.  

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг,  хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 /хорин найман мянга таван зуун хорин зургаа/ төгрөг, нийт 98.726 /ерэн найман мянга долоон зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ