Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20 айлын 15 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59112912, Т овогт П. Р-ын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газарт холбогдох,

Цалин, урамшуулалд 428.400 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие улсад 36 жил ажилласнаас хүчний байгууллагад 13 жил, холбооны салбарт 23 жил ажиллаж байна. Байгууллагын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11, 4.1.12 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр миний үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Би “Мэдээлэл холбооны сүлжээ” газрын даргын 2017 оны 3 дугаар сарнын 17-ны өдрийн 13 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгохыг даалгасан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 454 тоот шийдвэр гарсан. Миний бие нь цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг байсан. Иймд 2 сарын цалингийн 20 хувь болох 190.400 төгрөг, арга хэмжээтэй гэсэн шалтгаанаар олгоогүй 2 сарын урамшуулал болох 238.000 төгрөг, нийт 428.400 төгрөгийг тооцон олгож улмаар орлогын зөрүүгээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Р нь хариуцагч “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газарт холбогдуулан цалин, урамшуулалд 428.400 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн хувийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй. 

 

“М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газрын дарга нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар жолооч П.Р-т сарын цалинг хоёр сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ийн Увс аймгийн газрын даргын тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

“М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хүчингүй болсон байх тул нэхэмжлэгч П.Р нь тус тушаалын дагуу бууруулсан хоёр сарын цалингийн 20 хувийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь ”сахилгын арга хэмжээ ногдуулсан гэсэн шалтгаанаар олгоогүй 2 сарын урамшуулал болох 238.000 төгрөг гаргуулахаар” нэхэмжилсэн бөгөөд урамшууллыг хэрхэн тооцож 238.000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх ба “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газрын ерөнхий нягтлан бодогчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар тодорхойлолтоор нэхэмжлэгч П.Р-ын сарын үндсэн цалин 476.000 төгрөг бөгөөд үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалт цалинтай ажилладаг болох нь тогтоогдож байх тул урамшууллыг үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгох үндэслэлтэй байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн хоёр сарын цалингийн 20 хувь 190.400 төгрөг, урамшуулалд 190.400 төгрөг, нийт 380.800 төгрөгийг хариуцагч “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газраас гаргуулан нэхэмжлэгч П.Р-т олгож, мөн дүнгээр нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газраас 12.074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Р-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Хөдлөмрйин тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газраас хоёр сарын цалингийн 20 хувь 190.400 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөг, урамшуулалд 190.400 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 380.800 /гурван зуун наян мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Р-т олгож, мөн дүнгээр нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.600 /дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.502 /арван гурван мянга таван зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М.х.с” ТӨХК-ийн Увс аймгийн газраас 12.074 /арван хоёр мянга далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Рт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ