Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2017/01814/И/ |
Дугаар | 2281 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2281
С.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02269 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БХЗХТБАА- холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 оноос “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захыг ажиллуулан үйл ажиллагаа явуулж байхдаа “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Зээлийн асуудлаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 тоот тогтоол тус тус гарсан. Улсын Дээд шүүх “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршоонд 188 612 500 төгрөгийг С.С- нь төлөхөөр тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн. Үүнд: “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С- миний эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захыг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 0001707 актаар битүүмжлэхдээ төмрийн худалдааны зах дээр нь очиж үзэлгүйгээр акт үйлдсэн. Мөн хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Мөн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрөө барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захад очиж үзэлгүйгээр миний эзэмшилд байсан барилгын хэрэглээний 133 нэр төрлийн төмөр материалуудыг хураах тухай эд хөрөнгө хураах 000034 тоот акт гаргасан, мөн хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэг эд хөрөнгөнд нэг бүрчлэн үзлэг хийгээгүй, хөрөнгийн тоо хэмжээнд бүртгэл хийгээгүй, хөрөнгийн тэмдэглэл хөтлөөгүй зэрэг дээрх хууль бус үйлдлүүдийг хийхдээ албан тасалгаандаа дээрх актуудыг гаргасан. Шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг гаргахдаа эд хөрөнгийн тооллогын комиссын бичиг баримтыг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн материалд хавсаргасан байсан. Мөн барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны зах-д очиж үзэлгүйгээр дээрх тогтоолын дагуу хийгдсэн гэх эд хөрөнгийн үнэлгээ нь шинжээч томилсон тогтоолын өмнөх өдөр 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр комиссын гишүүдийн гарын үсэгтэй бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь төмрийн худалдааны захын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүйн улмаас “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сарангэрэл нь битүүмжлэх болон эд хөрөнгийг хураасан акт үйлдэгдсэний дараа төмрийн захад зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж өөрийн харуул хамгаалалтыг тавьж, төмрийн зах дээр байсан барилгын хэрэглээний төмөр, материалуудыг дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулж, эд хөрөнгийг үрэн таран хийж байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авалгүй, борлуулалтын орлогуудыг нь шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаалгаагүйн улмаас төлсөн төлбөрөөс хасалт хийгээгүй зэрэг хууль бус үйлдлүүдийг үйлдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дараах гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт гаргаж байсан. Эдгээр ажиллагаануудад удаа дараа буюу нийт 16 удаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт удаа дараалан өгч байсан боловч тухайн үеүүдэд нэг ч хариу өгөөгүй. Иймээс шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа нь миний эзэмшлийн барилгын хэрэглээний төмөр материалууд болон бусад эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэгт эд хөрөнгийн тоо хэмжээг тогтоолгүй, үнэлгээ хийлгүй, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ авалгүй, хяналт тавиагүй зэрэг хууль бус байдлын улмаас барьцаа хөрөнгө болон миний хөрөнгүүд үрэгдсэн. Тухайн үед зах дээр байсан барилгын төмөр материалуудыг нэг бүрчлэн үнэлэхэд 273 000 000 төгрөгийн үнэ бүхий 133 нэр төрлийн барилгын хэрэглээний төмөр хийцийн тоног төхөөрөмжүүд байсан. Анх “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооноос 2001 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс нийт 197 265 000 төгрөгийн зээл авч дараах байдлаар зээлийн төлбөрийг төлсөн. Үүнд: Зээлийн үндсэн төлбөрт нийт 210 883 862 төгрөг төлсөн. 2003 оны 6 дугаар сарын 13-наас 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 3 999 884 төгрөгийг төлсөн. 2003 оны 7 дугаар сарын 05-наас 2006 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 49 266 378 төгрөгийг төлсөн. Барилгын хэрэглээний төмөр материалын захад байсан 273 000 000 төгрөгийн бараа материалаас зарагдсан 100 000 000 төгрөгийг бэлнээр “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршоонд төлсөн. Дээрх төлбөр төлсөн баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үзэхэд зарим төлбөрүүдийг хасалт хийгээгүй, анхны төлөх үнийн дүнд өөрчлөлт оруулалгүйгээр өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн 188 612 500 төгрөгийн төлбөр нэхэмжлэгдсээр байна. Төлбөр авагч дараах төлбөрүүдийг авснаа хүлээн зөвшөөрч 28 612 500 төгрөг хүлээн авсан нь үнэн болно гэсэн баримт байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрөөс хасалт хийгээгүй байна. 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр авагч “Мэдээлэл сан” хоршооны албан бичигтээ 8 144 832 төгрөгийг өрийн үлдэгдлээс хасч тооцно уу гэснийг төлбөрөөс хасалт хийгээгүй байна. Өндөр насны тэтгэврийн дансыг битүүмжлэхдээ 1 300 000 төгрөгийг авсан нь хасагдаагүй. Эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах актууд гарах үед миний эзэмшилд байсан барилгын хэрэглээний төмөр материалын зах дээр 173 000 000 төгрөгийн үнэ бүхий төмөр материал, 100 х 60 метрийн харьцаатай төмрийн захын модон хашаа, газар эзэмших эрх нь байхгүй болсон болно. Энэ нь төлбөл зохих 135 346 238 төгрөгөөс 37 653 752 төгрөгийн үнэ бүхий материал илүү байсан. Иргэн С.С- би төлвөл зохих төлбөрөө бэлэн мөнгөөр болон эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагаанаас болж 2003 оноос одоог хүртэл 14 жилийн хугацаанд бие сэтгэлээрээ хохирч, гадаадад зорчих иргэнийхээ эрхээ хасуулан, өндөр насны тэтгэвэр болон харилцах дансаа хаалгаж хохирсоор байна. Иргэн С.С- би “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооноос авсан үндсэн зээл болон зээлийн хүүний төлөлтийг бэлэн мөнгөөр болон барилгын хэрэглээний төмөр материалаар төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар С.С-аас 188 612 500 төгрөгийг гаргуулан “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч С.С- нь төлбөр төлөөгүй тул 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа төлбөр төлөгч С.С-ын “Батхаан трейд” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах төмрийн захыг, төмөр материалын хамт битүүмжилж, 0000304 дугаар эд хөрөнгө хураах актаар хураан, Баянзүрх дүүргийн газрын албанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/6545 дугаар албан бичиг хүргүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дээрх төмрийн захыг 2002 онд Улсын мөрдөх байцаах газраас битүүмжлэн “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сарангэрэлд хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд битүүмжлэгдсэн төмрийг төлбөр төлөгчийн хяналтан доор худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцож, төлбөр авагч тал төлбөр төлөгчийн эгч С.Үржинсүрэн нар хамтран худалдан борлуулж, төлбөрөөс 48 000 000 төгрөгийг барагдуулж, одоо 140 600 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс өөр төлбөр төлсөн баримтыг төлбөр авагч гаргаж өгөөгүй учир үлдэгдэлтэй гэж үзэж байгаа. Иймд С.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг баримтлан С.С-аас 189 661 562 төгрөг гаргуулж, “Мэдээлэл сан” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЗХТБАА-наас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар С.С-аас 188 612 500 төгрөгийг гаргуулан "Мэдээлэл сан" хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба 2007 оны 5 дугаар сараас тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч С.С-ын эзэмшилд байсан төмрийн захыг битүүмжлэн, хураасан ажиллагааг явуулсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Анхтуяагаас тайлбар авалгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийн бодит үнэнийг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөхөөр хуульд заасны дагуу тус алба төлбөр бүрэн барагдаагүйг нотлох баримт болох төлбөр авагч "Мэдээлэл сан" " хадгаламж зээлийн хоршооны 2005 оны 01 дүгээр 11-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн төлбөрийн үлдэгдлийн талаарх тодорхойлолт, мөн "Мэдээлэл сан" хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сарангэрэлийн 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн төлбөрийн үлдэгдлийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх тодорхойлолтуудаар төлбөреөс 48 612 500 төгрөг төлөгдөж, 140 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхой харагдаж байгаа. Мөн тус албанаас нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөр авагч "Мэдээлэл сан" " хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сарангэрэлийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр төлөгч С.С-ын өөрийнх нь тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний төлбөр төлөгч С.С-ын эгч С.Үржинсүрэнгийн тайлбараар 2 тал харилцан тохиролцож, "Батхаан трэйд" ХХК-ийн төмрийг төлбөр төлөгч С.С-ын эгч С.Үржинсүрэн нь зарж, төмөр зарсан орлогыг "Мэдээлэл сан" " хадгаламж зээлийн хоршоонд тушаадаг байсан бөгөөд 2 тал тооцоо нийлдэг байсан нь тодорхой харагдана. Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2002 оны 10 дугаар сарын 09-ний 01 тоот "Баянзүрх дүүрэгт байрлах төмрийн захыг ажиллуулах тухай" протоколоор 2 тал харилцан тохиролцож, "Батхаан трэйд" ХХК-ийн төмрийг зарж борлуулан, төмөр зарсан орлогыг "Мэдээлэл сан" хадгаламж зээлийн хоршоонд тушаадаг байсан нь давхар нотлогдож байна. Ийнхүү зарж борлуулан төлбөрөөс 48 612 500 төгрөг төлөгдөж, 140 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нотлох дээр дурдагдсан "Мэдээлэл сан" хадгаламж зээлийн хоршоо болон захирал Д.Сарангэрэлийн гаргаж өгсөн төлбөрийн үлдэгдлийн талаарх тодорхойлолтуудыг тус алба нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч С.С- нь төлбөр төлсөн талаарх нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй байтал анхан шатны шүүх уг төмрийн захын 273 000 000 төгрөгийн төмрийг Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн тэмдэглэл, төмрийн захын бараа материалын тооллогын бүртгэл гэх зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс жилийн өмнө үйлдэгдэж байсан баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч БХЗХТБАА- холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн 8-12 дугаар талд авагдсан хөрөнгө битүүмжилсэн тогтоол, бараа материалын тооллогын баримт гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгон шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Мөн эд зүйлийн үнэлгээ гэх баримтад үнэлгээний комиссын дүгнэлт байхгүйгээс гадна уг баримтад хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна. /хх-н 18-19-р тал/
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд төлбөр авагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг шүүх тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ