Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 112/2015/0015/З |
Дугаар | 221/МА2015/0446 |
Огноо | 2015-09-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2015/0446
ШТ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ШТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч Н.Б , Х.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасгийн дарга Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1883 дугаар албан бичигт тус хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 2014260002453 дугаар хэрэгт ШТ ХХК нь 7920702, 7920703 дугаар падаан дээр хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн байх тул уг зөрчилд татварын улсын байцаагчийн акт тавигдсан эсэхийг тодруулж, татварын хяналт шалгалтад хамрагдсан бол татварын улсын байцаагчийн актыг хавсарган, хэрэв шалгалт хийгээгүй бол шалгалтыг түргэн хугацаанд хийлгэх арга хэмжээ авч ШТ ХХК нь татвар ногдох хэчнээн хэчнээн төгрөгийн орлого нуусан эсэхийг холбогдох эрх зүйн актаар тогтоож материалын ирүүлнэ үү гэсэн бичиг ирсний дагуу ШТ ХХК-ийн 2011 оны баримт материалд татварын хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар ШТ ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах МФ ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 007920702 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 47227300 төгрөгийн худалдан авалт, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 007920703 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 69318200 төгрөгийн худалдан авалт хийснээр тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийлгэсэн байна. МФ ХХК нь 007920702, 007920703 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар борлуулалтын орлого тайландаа тусгаагүй байсан. МФ ХХК-ийн зарлагын баримт, ШТ ХХК-аас уг компанид худалдан авалтдаа төлсөн мөнгөний баримтгүй байгаа нь дээрх худалдан авалтууд хуурамч болохыг нотолж байсан. Мөн ШТ ХХК-ийн захирал Ж.Д надтай хамтарч ажиллаж байсан Энхбаатар МФ ХХК-ийн ажилтан н.Нямдорж гэдэг хүнээс нэмэгдсэн өртгийн албан татварын 3 падаан 3000000 төгрөгөөр худалдан аваад нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэдэг гэж хэлээд 2 падаан авчирч манай компанийн нягтлан н.Угтахбаяраар падаан дээрх бичилтүүдийг хийлгэсэн. Би одоо нэг падаан авах ёстой гэж ярьж байгаа нь дээрх падаануудын худалдан авалт хуурамч болохыг нотолж байгаа юм. ШТ ХХК нь нийт 116545453 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 11654545 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хасагдах зардлаа өсгөж алдагдалтай тайлагнасан зөрчил илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.6, 74.3 дахь заалтуудыг үндэслэн
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан 1365200 төгрөгийн алдагдлыг бууруулж, 11438000 төгрөгийн нөхөн төлбөр,
2. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 11654500 төгрөгийн нөхөн төлбөр,
3. 6927800 төгрөгийн торгууль,
4. 10791500 төгрөгийн алданги бүгд 40811800 төгрөгийн төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.1, 29.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ШТ ХХК-ийн Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актыг /тус хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 050762 дугаар акттай/ нэг зөрчилд давхардуулан акт тавигдсан нь хуульд нийцэхгүй үндэслэлээр хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Уг анхан шатны шүүхийн 22 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй төдийгүй шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гараагүй гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаан даргалагчаас шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, тайлбарлан шүүх хуралдааныг хаахдаа уг татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 050782 дугаар акт, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актууд нь нэг зөрчилд давхардуулан акт тогтоогоогүй актууд давхардаагүй байна. Үндэслэл нь компанийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын 2 ширхэг падааныг санхүүгийн тайландаа тусгасан байна. Харин татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 050782 дугаар акт илэрсэн зөрчлийг тайландаа тусгаагүй байсан тул акт тогтоосон нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарласан атлаа энэ тухайгаа шүүхийн шийдвэртээ огт тусгаагүй байна.
2. Нэхэмжлэгч компанийн зүгээс Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э , Э.Г нар 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн 2009-2011 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар шалгалтаар илэрсэн 18306,0 мянган төгрөгийн зөрчилд 1830,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 519,2 мянган төгрөгийн торгууль, 4,6 мянган төгрөгийн хүү, нийт 2354,4 мянган төгрөгийг ногдуулан 050782 дугаар акт тогтоосон.
Энэхүү шалгалтыг хийхдээ Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Сүхбаатарын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1156 дугаар албан бичгийн үндэслэсэн байна. Энэ тухайгаа ч татварын улсын байцаагч Э.Г , Н.Э нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Харин уг актыг Ж.Э т машин техник өгсөн байснаа санхүүгийн тайландаа тусгаагүй байсан болохоор акт тавьсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Татварын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн актад ШТ ХХК-аас иргэн Ж.Э т машин техник өгсөн тухай үндэслэл бүхий тэмдэглэл, мөн татварын улсын байцаагч Н.Э гийн акт гаргасны дараах бидэнтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэлд ч огт байхгүйн дээр иргэн Ж.Э т ямар ч машин техник өгөөгүй, өгөх ч шаардлага байхгүй. Манай компанийн нэр дээр уг өгсөн гээд байгаа автомашин бүртгэлгүй. Зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил байна гэж үзээд актыг тогтоосон. Хүлээн зөвшөөрч актыг төлсөн байсан.
Тэгтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г ийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, мэдүүлгүүд нь гэрч Э.Г , Н.Э нарын өгсөн тайлбар мэдүүлгүүд болон 050782 дугаар акттай холбоотой хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас эрс зөрүүтэй буюу шалгалтыг өөрийн байгууллагын төлөвлөгөөний дагуу шалгалтыг хийсэн. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн даргын албан бичгийн дагуу хийгээгүй, уг актыг ШТ ХХК нь иргэн Ж.Э т машин өгсөн байсан учраас л акт тогтоосон гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэн тайлбар хийж байхад анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй.
Хоёр дахь удаагийн акт буюу 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Б , Х.Б нар компанийн 2011 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад шалгалт хийж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.6, 74.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 40,811,745 төгрөгийг ногдуулан 050782 дугаар акт тогтоосон билээ. Энэхүү шалгалтыг мөн л Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Б гийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1883 дугаар албан бичгийн үндэслэсэн хийсэн байсан.
Гэтэл бид 2011 оны 09-12 дугаар саруудад МФ ХХК-аас худалдан авсан 116,545,453 мянган төгрөгийн барилгын материалын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2011 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын сарын тайланд тусган тус Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар баталгаажуулж ирсэн ба холбогдох албан ёсны баримтуудыг нягтлан бодох бүртгэлийн тайлангуудад хавсаргасан байгаа юм.
Бидэнд МФ ХХК-ийг татварын хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг талаар албан ёсны мэдээллийг зохих газруудаас өгөөгүй ба тухайн компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь бидний бус татварын байгууллагын үүрэг учраас бидний зүгээс хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна.
Эцэст нь дээрх байдлыг дүгнэж үзэхэд эхний буюу 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.С ын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1156 дугаар албан бичгийн үндэслэсэн манай компанийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шалган зөрчил илрүүлэн 2354,4 мянган төгрөгийг ногдуулан 050782 дугаар акт тогтоосон. Дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Б гийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1883 дугаар албан бичгийн үндэслэсэн мөн л 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шалган зөрчил илрүүлэн 40,811,745 төгрөгийг ногдуулан 050008490 дүгээр актыг тогтоосон. Дээрх хоёр удаагийн татварын шалгалтаар нэг зөрчилд 2 удаа шалгалт хийж давхардуулан хоёр янзаар татварын акт тавьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөв дүгнэж үнэлээгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд хуульд нийцээгүй, ойлгомжгүй, эргэлээ бүхий, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
ШТ ХХК-аас Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Тус аймгийн татварын хэлтсээс ШТ ХХК-ийн 2009-2011 онуудын санхүүгийн тайланд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актаар 23,092.550 төгрөгийн нөхөн татвар, 10,791.430 төгрөгийн алданги, 6,927.765 төгрөгийн торгууль, нийт 40,811.745 төгрөгийн төлбөр тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор тус аймгийн сумдад барьсан спорт, эрүүл мэндийн талбайд зарцуулсан бараа материалын үнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2011 оны тайландаа 114,380.047 төгрөгийн падаанаар материалын зардлыг илүү тооцон татвар ногдох орлогоос бууруулсан зөрчилд 11,438,004.7 төгрөгийн нөхөн татвар, 3,431,401.4 төгрөгийн торгууль, 5,182,367.6 төгрөгийн алданги, нийт 20,051,773.3 төгрөгийг хасч, актаар тогтоосон төлбөрийг 116,545.453 төгрөгийн зөрчилд 20,759,970.7 төгрөг болгон өөрчилжээ.
Нэхэмжлэгч ШТ ХХК татварын улсын байцаагч нар урьд шалгалт хийж тогтоосон 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн актаар тогтоосон асуудалд дахин шалгалт хийсэн гэж маргасан бөгөөд энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн татварын хэлтэст МФ ХХК-ийг шалгах явцад ШТ ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 116545,5 мянган төгрөгийн худалдан авалтыг хуурамчаар хассан тул шалгалт хийж хариу мэдэгдэх агуулгатай 1156 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх боловч Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 050762 дугаар актын хавсралт, тухайн шалгалтын томилолт, хяналт шалгалтын ажлын карт зэргээс үзвэл 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг компанид төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн, ийнхүү хийхдээ Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1156 дугаар албан бичигт дурдсан асуудлыг шалгаагүй нь тогтоогджээ. Энэ нь мөн 2012 оны тухайн актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актаар ногдуулсан зөрчлийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас харагдаж байна.
Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1883 дугаар албан бичиг ирүүлснээр Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд шалгаж, ШТ ХХК нь МФ ХХК-ийн 007980702, 007920703 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар нийт 116,545.453 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж төлөх татварын дүнг 11,564.545 төгрөгөөр бууруулсныг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актаар тогтоосон бөгөөд тус компанийн захирал Ж.Д гийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн улсын байцаагчийн актын дүгнэлтийн хавсралтын ярилцлагын Ж.Э н.Нямдоржоос 3 падаан 3.000.000 төгрөгөөр авах гээд уг мөнгийг би шилжүүлсэн, би падааныг хуурамч, хулгайнх гэдгийг мэдээгүй, мөн уг 3.000.000 төгрөгийг Ж.Э аас нэхэмжилнэ гэх тэмдэглэл, гэрч Ж.У ын бичилт хийгдээгүй нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хоосон падаан өгсөн, баримт нь дараа ирнэ гэхээр нь нийт зардал болох уг 2 падаан дээр 69.318.200 төгрөгийн худалдан авалтыг тусгасан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч компанийн тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бөгөөд ийнхүү МФ ХХК-ийн нэр, тамга бүхий 007920702, 007920703 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд 116.545.453 төгрөгийн бараа, материалын худалдан авалтын хий бичилт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/-д заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн тухайн худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримт материалд бүрэн тусгагдсан, падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй.
Өөрөөр хэлбэл, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь ...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайланг үйлдэнэ гэж Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад заасан нөхцөлийг хангаагүй, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмын талаарх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтууд зөрчигдсөн байна.
Иймд уг зөрчилд ногдуулсан Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 050008490 дүгээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР