Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00080

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Х.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гомбын Батсайханд холбогдох 132/2016/0078/Э индекстэй, эрүүгийн 201606000172 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, охин, хүү, ач нарын хамт Булган аймгийн Тэшиг сум 5 дугаар баг задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Зүйд овгийн Гомбын Батсайхан /РД:ГЙ68121114/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Батсайхан нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Алтанцэцэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батсайхан мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баясахынд очсон юм. Би хүүгийнхээ тангарагийн баярт очихоор Эрдэнэт явж байсан юм. Надад мөнгөний боломж муу, мөнгө хэрэгтэй байсан учраас Баясахаас авах ёстой байсан 800.000 төгрөгөө нэхсэн юм. Тэднийд анх очиход Баясах болон түүний эхнэр байхгүй байсан. Би тэднийг хүлээгээд байсан байсан. Тэд орой ирсэн. Би Баясахынд хонохоор болсон. Маргааш өглөө нь би Баясахыг таксины буудал хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн Баясахын эхнэр Алтанцэцэг унтаж байгаад сэрээд намайг хэл амаар доромжилсон. Тэр намайг "сохор минь манай гэрээс зайл" гэж хэлээд над руу аяга 2-3 удаа шидсэн. Харин би Алтанцэцэгийн хэл амаар доромжлоогүй. Би тэдний гэрээс гарахдаа уурандаа үүдэнд нь байсан хуванцар савыг шидсэн. Би Алтанцэцэгийг онохыг бодоогүй. Би гичий гэж хэлээгүй. Би өөрөө ээжтэй байсан. Охин хүүхэдтэй эмэгтэй хүнийг тэгж хэлэхгүй. Би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нүдний эмчийн хяналтанд байдаг. Хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Энэ талаархи баримтаа бүрдүүлж өгөх гэсэн боловч Эгийн гол үеэрлээд гүүр гарч болохгүй байгаа учраас Тэшиг сум явж чадаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Алтанцэцэг мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Батсайхан манайд ирсэн. Тэр өдөр нөхөр бид хоёр гэртээ байхгүй байсан. Нөхөр бид хоёрыг орой гэртээ ирэхэд Батсайхан хүлээгээд байж байсан ба манай хашаанд ганцаараа пиво уугаад сууж байсан. Тухайн өдөр нөхөр бид хоёр найзынх руугаа явах ёстой байсан юм. Батсайхан согтуу, гэрт бага насны 2 охин байсан учраас Батсайханыг үлдээхгүй түүнийг  найзынх руугаа хамт авч явах шаардлага гарсан. Маргааш өглөө үүрийн 06 цагийн үед Батсайхан нөхөр Баясахыг Эрдэнэт рүү хүргээд өг гэж хэлсэн. Баясах түүнд ийм эрт такси явахгүй гэж хэлсэн. Үүний дараа Батсайхан таксины буудал хүргээд өг гэж хэлсэн. Би Батсайханд уурлахад тэр намайг хэл амаар доромжилсон. Би түүнийг манай гэрээс зайл гэж хэлсэн. Мөн түүн рүү аяга шидсэн. Миний шидсэн аяга Батсайханыг оноогүй хананд ойгоод унасан. Батсайхан манай гэрээс гарахдаа над руу хуванцар сав шидсэн. Тэр хуванцар сав миний хөмсгийг оносон. Батсайханг манай гэрээс гарахаас өмнө би түүнийг бариад хорьсон. Гэтэл Батсайхан намайг түлхаж унагаагаад гараад явсан. Би нөхөр Баясахтай хамт Батсайханы араас гараад түүнийг барьсан. Манай нөхөр Баясах түүнийг өшиглөсөн. Батсайхан надтай тохиролцохыг хүссэн. Би гомдолтой байна. Цаашид хөмсөгний сорвийг арилгуулах учраас 3.000.000 төгрөг нэхэмжилж байн гэв. 

201606000172 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Гэрч Д.Баясахын өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 13-ны өглөө Батсайхан миний машинд унтаад эрт гэрт орж ирсэн. Тэгээд намайг Орхон аймаг руу хүргээд өгөөч, манай хүү Сэлэнгэ аймагт тангарагийн баяртай гэж хэлсэн. Би тухайн үед морь мал уяж байгаа. Би Орхон аймаг руу хүргэж өгч амжихгүй гэсэн. Тэгсэн Батсайхан таксины буудал хүргээд өг гэж хэлсэн. Би цаг эрт байна. Чамайг өглөө морьдоо барих үедээ дөхүүлээд өгье гэж хэлсэн. Дахин дахин шавдуулаад байсан. Тэгээд босоод хувцсаа өмсөж байхад эхнэр Алтанцэцэг чи хүн унтуулахгүй дахин дахин орилж чарлаад байдаг гээд уурласан. Батсайхан чамд ямар хамаатай юм "гичий минь" гэж хэлээд эхнэр, Батсайхан хоёр хэрүүл хийсэн. Эхнэр Алтанцэцэг ширээн дээр байсан аягыг уурандаа Батсайхан луу шидэхэд нөгөө аяга нь Батсайханыг оноогүй. Тэгсэн Батсайхан үүдэнд байсан угаалгын нунтаг хийдэг савыг аваад шидсэн чинь ирмэгтэй талаараа эхнэрийн нүдний дээд тал хөмсөг рүү цохисон. Тэгээд хөмсөгнөөс нь цус гарсан. Тэр сав нь дотроо угаалгын нунтагтай байсан гэх мэдүүлэг /хх 10 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ¹197 тоот дүгнэлтэнд: 1. Х.Алтанцэцэгийн биед зүүн хөмсөгний няцарсан шарх, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 12 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 2 тал/,хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 5-6 тал/, хэрэг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 27 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Батсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Алтанцэцэгтэй маргалдаж, улмаар түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Алтанцэцэгийн өгсөн...Батсайхан нөхөр Баясахыг Эрдэнэт рүү хүргээд өг гэж хэлсэн. Баясах түүнд ийм эрт такси явахгүй гэж хэлсэн. Үүний дараа Батсайхан таксины буудал хүргээд өг гэж хэлсэн. Би Батсайханд уурлахад тэр намайг хэл амаар доромжилсон. Би түүнийг манай гэрээс зайл гэж хэлсэн. Мөн түүн рүү аяга шидсэн. Миний шидсэн аяга Батсайханыг оноогүй хананд ойгоод унасан. Батсайхан манай гэрээс гарахдаа над руу хуванцар сав шидсэн. Тэр хуванцар сав миний хөмсгийг оносон. Батсайханг манай гэрээс гарахаас өмнө би түүнийг бариад хорьсон. Гэтэл Батсайхан намайг түлхаж унагаагаад гараад явсан. Би нөхөр Баясахтай хамт Батсайханы араас гараад түүнийг барьсан. Манай нөхөр Баясах түүнийг өшиглөсөн. Батсайхан надтай тохиролцохыг хүссэн. Би гомдолтой байна. Цаашид хөмсөгний сорвийг арилгуулах учраас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Баясахын…эхнэр Алтанцэцэг ширээн дээр байсан аягыг уурандаа Батсайхан луу шидэхэд нөгөө аяга нь Батсайханыг оноогүй. Тэгсэн Батсайхан үүдэнд байсан угаалгын нунтаг хийдэг савыг аваад шидсэн чинь ирмэгтэй талаараа эхнэрийн нүдний дээд тал хөмсөг рүү цохисон. Тэгээд хөмсөгнөөс нь цус гарсан…гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 197 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Батсайхан нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Г.Батсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.  

 Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн бөгөөд хохирогч нь…сохор минь манай гэрээс зайл гэх зүй зохисгүй үг хэллэгээр түүний бие эрхтэний согогтой байдлаар гутаан доромжилсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгээр нотлогдож байна. 

Хэдийгээр шүүгдэгч Г.Батсайхан нь хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч шүүгдэгийн хувийн байдал /хх 42, 43/ зэргийг харгалзан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эм тариа, шатахууны зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч Х.Алтанцэцэгт хохирол төлбөр барагдуулаагүй байх ба хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шаргал өнгийн хуванцар савыг ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд   заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Зүйд овгийн Гомбын Батсайханг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Батсайханг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Батсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 03 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримтгүй, хохирогч эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батсайханд авсан урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                      

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН