Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0592

 

2020 оны 09 сарын 16 өдөр             Дугаар 128/ШШ2020/0592         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК

Хариуцагч: УБЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Манай “” нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар, хураамжийг тогтмол төлсөөр ирлээ. Харин 2019 оны 8 дугаар сарын эхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас болох www.burtgel.cov.mn-д тавигдсан мэдээллээр 139 компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн бөгөөд тэрхүү нэрс дунд манай нэр орсон байсан. Гэтэл уг асуудалтай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас манай компанийн гүйцэтгэх захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн QIAN KUN-ийг дуудаж, удаа дараа мэдүүлэг авсан байдаг.

Тухайн үед цагдаагийн байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад тодорхой хариу хэлэхгүй, мөн манай компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох талаар дүгнэлт, шийдвэрийг танилцахыг хүсэхэд одоохондоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас танилцуулах боломжгүй хэмээн бидэнд хариуг өгдөг байсан.

Ингээд 8 сарын хугацаа өнгөрсний дараа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэх үед манай компани, түүний гүйцэтгэх захиралтай холбоотой асуудал шалгагдаагүй талаар хэрэгт прокурорын хяналтыг тавьж буй Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1038 дугаартай хариу албан бичгээр мэдсэн.

Энэхүү хариуг УБЕГт манай компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байгаа эсэх, түүнтэй танилцахаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу тус байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн 2019 оны ******* дугаартай дүгнэлтийг танилцуулсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга ид 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан билээ.

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга ийн гарын үсэгтэй 8/4868 дугаартай албан бичгээр манай гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Харин Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн 2019 оны ******* дугаартай дүгнэлт нь 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт зааснаар манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хийсэн шийдвэрийг гаргасан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас компанийн улсын бүртгэл хийсэн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байхад энэ шийдвэрийг гаргаагүй юм.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанийн бүртгэлтэй холбоотой асуудал Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй хэмээн холбогдох шийдвэртэйгээ танилцах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрх зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан хүсэлтэд хөрөнгө оруулалтыг нотолсон “Хаан банк” ХХК-ийн тодорхойлолт нь хуурамч гэж тодорхойлсон боловч өнөөдрийг хүртэл энэхүү баримтыг холбогдох хуулийн байгууллагаас шалгасан үйл баримт байхгүй байгаа нь улсын байцаагчийн 2019 оны ******* дугаар дүгнэлтээр манай компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон гэж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд “” ХХК-ийн УБЕГт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/436 дугаар “Шалгалт зохион байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлэх Хаан банкны тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлдээ “улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэртэй танилцуулаагүй” гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20/02 дугаар хүсэлтэд мөн сарын 29-ны өдөр дүгнэлтийн хуулбарыг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтэд Хяналт шалгалтын газраас уг дүгнэлт нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/4868 дугаар албан бичгээр гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай хариуг албан бичиг хэрэг хөтлөлтийн тогтоосон журмын дагуу хугацаанд нь өгсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг хангасан үйл ажиллагаа болохыг нотолж байна.

Түүнчлэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын хариу мэдэгдэх хуудаст “... ХХК, түүний гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн ******* *******г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болохыг мэдэгдье.” гэсэн нь ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хуурамч нотлох баримт бичиг хавсарган өгч бүртгүүлснийг тус газраас холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн асуудалтай хамааралгүй байна.

Тус компани нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүрдүүлбэр болох банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн 139 хуулийн этгээдэд хамаарч байгаа нь дээрх ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд хуулийн байгууллагаас хариуг ирүүлээгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:” гэж, мөн зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж тус тус заасан нь ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгох хангалттай үндэслэл юм. Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлт /улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн/-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК-иас УБЕГт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч ******* нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* ******* /Quan Kun/-ийн Е******* дугаар гадаад паспортын хуулбар[1], 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр,[2] тус компанийн дүрэм,[3] шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,[4] Хаан банкны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тодорхойлолт[5] зэргийг үндэслэн Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 1 гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай “” ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэн[6], гэрчилгээ олгожээ[7].

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А436 дугаар “шалгалт зохион байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар[8] “” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хаан банкны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн гэж үзэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” ******* дугаар дүгнэлтээр[9]  “” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгч “” ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч “...Хаан Банк ХХК-ийн дүгнэлтийг хуурамч гэдгийг нотолсон баримт байхгүй байхад хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 42, 43 дугаар зүйлд заасныг хангаагүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан “Хаан” банкны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29/2145 дугаар “...”Хаан банкны албан бланк ашигласан “” ХХК-ийн 5009874098 тоот данстай холбоотой 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт гараагүй...”[10] гэх албан бичиг, Эрүүгийн цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10/2999 дугаар “...нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд нь хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг ашигласан байж болзошгүй байна гэх мэдээллийн дагуу тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлийн 194100019, 190200317 дугаартай хэргүүдийг нээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна...”[11], мөн газрын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11и-3/5292 дугаар ”...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан *******, *******, ******* нар нь гадаадын хөрөнгө оруулалттай “” ХХК нарын 13 аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуурамч материалыг үндэслэн, зориуд худал мэдээлэл оруулж бүртгэсэн гэх ******* дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалах ажиллагаа явуулж, хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна...”, албан бичгүүдээр маргааны үйл баримтад дурдсан Хаан банкны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн гэх нөхцөл байдлыг эцэслэн тогтоохоор эрх бүхий байгууллагаас хуульд заасан ажиллагаа хийгдэж байгаа болох нь тогтоогдлоо.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд “Bank of China банкаар дамжуулан Монгол Улсын банкны данс руу 100 мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө[12] шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулахад “Тэр баримт нь байхгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ баримтыг авч чадахгүй байгаа. Хаан банкны тодорхойлолт хуурамч эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно гэсэн үүднээс одоог хүртэл Хаан банк дээр очиж тодруулга аваагүй...” гэж тайлбарласан болно.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэгчээс бүртгэл үнэн зөв байсан эсэхийг нотлох хангалттай нотолгоог шүүхэд гаргаж өгч чадаагүй.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч “” ХХК-ийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх...” үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Харин хариуцагчийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; улсын бүртгэлийн үйл ажиллагаанд зарчмаа баримтлан, энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах; чиг үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд маргааны үйл баримтад дурдсан зөрчилд тохирсон хуулиар зөвшөөрөгдсөн боломжит арга хэмжээг сонгон авч хэрэглэжээ.

Учир нь маргаан бүхий актад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; гэж заасныг баримталсан байх бөгөөд уг зүйл заалтад хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлд ямар арга хэмжээг хэрхэн авахыг эрэмбэлэн зааж өгсөн зүйлгүй болно.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас маргаан бүхий актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “мэдэгдэх ажиллагааг” хэрэгжүүлсэн талаар хангалттай баримтгүй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл биш байх тул нэхэмжлэгч “” ХХК-иас УБЕГт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас УБЕГт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 78 хуудас

[2] Хавтас хэргийн 79 хуудас

[3] Хавтас хэргийн 72-75 хуудас

[4] Хавтас хэргийн 80 хуудас

[5] Хавтас хэргийн 76-77 хуудас

[6] Хавтас хэргийн 81 хуудас

[7] Хавтас хэргийн 82, 5 хуудас

[8] Хавтас хэргийн 39-55 хуудас

[9] Хавтас хэргийн 7-8, 35-38  хуудас

[10] Хавтас хэргийн 52-53 хуудас

[11] Хавтас хэргийн 51 хуудас

[12] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.“гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг; ойлгохоор тодорхойлсон.