Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Давст сумын 3 дугаарт багт оршин суух, түр оршин суух хаяг Улаангом сумын 7 дугаар баг, 23-02 тоот, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ79082406, Т овогт С.Б,

 

            Хариуцагч: Увс аймгийн Давст сумын 3 дугаарт багт оршин суух, түр оршин суух хаяг Улаангом сумын 7 дугаар баг, 23-02 тоот, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77112015, М овогт Б.Г нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.694.401,58 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 27.732.401,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч С.Б нь тус банкнаас 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1660002451 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг 3650 хоногт 18 хувийн хүүтэйгээр хашаа, байшин худалдан авах зориулалтаар 10 жилийн хугацаатай буюу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1250022269 тоот зээлийн гэрээг байгуулан 4.600.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгох зорилгоор 1095 хоногт 24 хувийн хүүтэйгээр 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгох нөхцөлтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 23-02 тоот хаягт байрлах 98.65 м.кв талбайтай, 1 давхар, 3 өрөө хувийн орон сууц, Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 23-02 тоот хаягт байрлах 85.6 м.кв талбайтай, 2 ширхэг авто граж, уурын зуух, улсын бүртгэлийн дугаар Ү-1520003030, мөн Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 23-02 тоот хаягт байрлах 931.6 м.кв талбайтай, 3 тал банзан хашаа газар өмчлөх эрхийн хамт улсын бүртгэлийн дугаар Ү-1520000833, Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн урд, 120 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн дугаар Ү-1520003244, 8 ханатай битүү шалтай гэр /2005 оны/, 32 инчийн зурагт /2013 оны/, Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн урд хүнсний дэлгүүр, 130 м.кв, гэрчилгээний 0368588130 дугаар бүхий газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүн нь 1660002451 тоот зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1250026478 тоот зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-нд төлөөгүй бөгөөд зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар С.Б болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нарын төлөх ёстой 1660002451 хашаа байшингийн зээлийн үндсэн үлдэгдэл 24.557.514 төгрөг, зээлийн хүү 1.478.821,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.786,25 төгрөг, нийт 26.039.121,61 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн 1250022269 тоот бичил зээлийн үндсэн үлдэгдэл нь 1.533.333,28 төгрөг, зээлийн хүү 117.838,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.108,50 төгрөг, нийт 1.655.279,97 төгрөг, нийт төлбөр 27.694.401,58 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 38.000 төгрөг зарцуулсан тул нийт 27.732.401,58 төгрөгийг зээлдэгч нараас  гаргуулж өгнө үү” гэв.   

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Б, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.694.401,58 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 27.732.401,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч С.Б, Б.Г нарт нэхэмжлэлийн хувийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч С.Б, Б.Г нар нь Хас банкны Увс аймаг дахь салбараас 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1660002451 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, хашаа, байшин худалдан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 23-02 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001732, гэрчилгээний 000200318 дугаартай, 98.65 м.кв талбайтай, 1 давхар, 3 өрөө хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-1520003030, гэрчилгээний 000200317 дугаартай, 85.6 м.кв талбайтай, 2 ширхэг авто гараж, уурын зуух, улсын бүртгэлийн Ү-1520000833, гэрчилгээний 000182283 дугаартай, 931.6 м.кв талбайтай, 3 тал банзан хашаа газар өмчлөх эрхийн хамт тус тус барьцаалсан байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1250022269 тоот зээлийн гэрээ байгуулан 4.600.000 төгрөгийн зээлийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн урд байралалтай, гэрчилгээний 0368588 дугаар бүхий, 130 м.кв газар, 2005 оны 8 ханатай битүү шалтай гэр, 2013 онд үйлдвэрлэгдсэн 32 инчийн зурагт зэргийг тус тус барьцаалсан байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч С.Б, Б.Г нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн эргэн төлөлтийн тооцоогоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.694.401,58 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 38.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Б, Б.Г нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.694.401,58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 38.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296.612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 27.694.401,58 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 296.422 төгрөгийг хариуцагч С.Б, Б.Г нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Т овогт С.Б, М овогт Б.Г нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.732.401,58 /хорин долоон сая долоон зуун гучин хоёр мянга дөрвөн зуун нэг төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 38.000 /гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 296.612 /хоёр зуун ерэн зургаан мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Б.Г нараас 296.422 /хоёр зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол С.Б, Б.Г нарын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 23-02 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001732, гэрчилгээний 000200318 дугаартай, 98.65 м.кв талбайтай, 1 давхар, 3 өрөө хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-1520003030, гэрчилгээний 000200317 дугаартай, 85.6 м.кв талбайтай, 2 ширхэг авто гараж, уурын зуух, улсын бүртгэлийн Ү-1520000833, гэрчилгээний 000182283 дугаартай, 931.6 м.кв талбайтай, 3 тал банзан хашаа газар өмчлөх эрхийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн урд байралалтай, гэрчилгээний 0368588 дугаар бүхий, 130 м.кв газар, 2005 оны 8 ханатай битүү шалтай гэр, 2013 онд үйлдвэрлэгдсэн 32 инчийн зурагтыг худалдан борлуулах, мөн тухайн орон байранд нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, газар, бусад эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн  дотор  Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ