Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/00099

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/00099

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч:, “О” УТҮГ /рд: /-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:, Ц овогт М Н /рд: /-д холбогдох,

 

          Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“О” УТҮГ нь Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 598,020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.

2016 оноос тус газарт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдарч “О” УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшлийн газарт оршин суусаар байна.

Улмаар 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05 сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй.

Иймд “О” УТҮГ-т Нийслэлийн Засаг даргын А/95 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн М.Нийг эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нөхөр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Ойчдын задгайд 2011 оноос одоог хүртэл амьдарч байна. Манайхыг ирж буухад айл амьтан ирж буугаагүй, зэлүүд, шавартай, намагтай газар байсан.

Энэ хугацаанд газрын албанаас шаардлага тавиагүй байж байгаад 2017 оны 03 сараас Солонгосын хөрөнгө оруулалттай гэх хүмүүс Солонгос бичигтэй кадастрын зураг үзүүлэн манай тойрны 17 өрхийг газар чөлөөлөх талаар шүүхэд хандаад байгаа билээ. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хугацаанд газар өмчлүүлээгүй байсан хэрнээ 2015 онд энэ компанид газар өмчлүүлэх болсон.

Жирийн иргэд газар өмчлөхөөр өгөхгүй хэрнээ Солонгосын хөрөнгө оруулалттай газарт эрх мэдэл бүхий хүмүүс газрын бичиг гаргаж өгсөн нь иргэдийн оршин суугаа газарт шунаж иргэдийн эрх ашгийг зөрчиж байна.

Энэ хугацаанд өөрсдийн хөрөнгөөр хашаа барьж амьдарч байна. Миний хувьд олон хүүхэдтэй, нөхөр ганцаараа ажил хийдэг, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой, өөр харж хандах ах дүүс байхгүй учраас өөр газарт нүүж суурьших боломжгүй. Энэ газар нь зунд дов сондуул ихтэй, бороо орохоор намаг ихтэй, өвлийн улиралд газар хагардаг, гэрийн тавилга нь тонгойдог, мөсний халиа үүсдэг газарт бүтээн байгуулалт хийх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” УТҮГ нь хариуцагч М.Нд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр “О” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг “Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл”-ийн зориулалтаар “О” УТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэн 000434708 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.

 

Иймд “О” УТҮГ нь дээр дурдсан газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг М.Нээс шаардах эрхтэй байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болох нь ойлгогдож байна.

 

“О” УТҮГ-ын хууль ёсоор эзэмшиж буй газар дээр зохих зөвшөөрөлгүй буусан болох нь хариуцагч М.Нийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний шүүхэд гаргасан “2011 оноос одоог хүртэл амьдарч байна. Манайхыг ирж буухад айл амьтан ирж буугаагүй, зэлүүд шавартай, намагтай газар байсан”, “Энэ хугацаанд өөрсдийн хөрөнгөөр хашаа барьж амьдарч байна” гэсэн тайлбар нь уг газрыг эзэмших эрхтэй болохыг нотлохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч “О” УТҮГ-ын хууль ёсоор эзэмшиж буй газрыг хариуцагч М.Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг хариуцагч М.Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.НЯМБАЗАР