Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/190

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогч Ц.Доржсэмбэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 201719000355 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 08 сарын 03-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Төвийн тулгуур тэнхлэг” кадастрын албанд инженер ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Төв аймаг Зуунмод сум 4 дүгээр баг Баянбулаг хороолол 3А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г. Э гэв.

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим иргэн Ц.Доржсэмбэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ц.Доржсэмбийн бие эрх чөлөөнд халдан зодож иргэн Ц.Доржсэмбийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.Доржсэмбэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Ц.Доржсэмбэ хэрэг бүртгэлтэнд: ".. 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр над руу Э гэдэг таньдаг залуу 18:00 цагийн орчим утсаар залгаад уулзахаар болсон юм. Тэгээд Э нэг танихгүй эмэгтэй, мөн танихгүй гурван залуугийн хамт манай гэрийн гадаа ирсэн. Би тэд нартай уулзаад дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа гэдэг нэртэй архи авч өгөөд хамт гудамжинд уулзсан юм. Э болон хамт ирсэн нэг эмэгтэй болон гурван залуу нар надтай уулзахаас өмнө нилээд архи уусан болтой согтуу байсан. Тэгээд юм яриад сууж байтал Э миний шилэн хүзүү рүү алгадаад байхаар нь боль гэж хэлтэл болихгүй хүнийг яах юм бэ? гэж хэлээд дахиад алгадаад байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд гарыг нь түлхсэн чинь намайг заамдаад бариад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь дундуур нэг хүн нь салгахаар орж ирсэн. Э намайг заамдаад боосон учраас би боолтонд нь ороод газар унасан юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь би газар хэвтчихсэн нэг хүн намайг босоорой гэчихсэн байж байсан. Намайг босч ирэхэд миний зүүн нүд хавдчихсан, хамраас цус гоожсон байдалтай байсан. Намайг босч ирэхэд Эийг хамт явсан эмэгтэй, болон нэг эрэгтэй нь над руу явуулахгүй гээд хорьчихсон зогсож байсан. Тэгсэн чинь Э дахиад нэг шил архи ууя гээд дэлгүүр явцгаах замд нь би харилаа гэж хэлээд үлдсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн” гэжээ /хх-12-13 тал/,

Гэрч Г.Цэрэнпагма хэрэг бүртгэлтэнд: "2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим манай нөхрийн дүү болох Доржсэмбэ миний гар утас руу залгаад би хүнд зодуулчлаа нүд юм харж чадахгүй байна. Намайг 12 дугаар гудамжны үзүүрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 12 дугаар гудамжны үзүүрт очиж Доржсэмбийг гэрт нь хүргэж өгөөд Нансалмаагийн хамт эмнэлэг рүү дагуулж явсан. Доржсэмбийг гэрт нь хүргэж өгөхөд зүүн нүд нь хавдсан, баруун нүд нь улайсан, хамраас нь цус гоожоод хатсан байдалтай, хүзүү нь зулгарсан, нүцгэн биеийнх нь хавирга хэсэгт гутлын мөр болчихсон байсан. Надад Доржсэмбэ ярихдаа Э гэдэг хүн намайг зодчихсон гэж хэлсэн. Э гэдэг хувиараа газрын кадастр хийдэг хүнд зодуулсан гэж сүүлд нь Доржсэмбэ ярьж байсан. Доржсэмбээс архи жаахан үнэртэж байсан. Доржсэмбэ надад Э гэх хүний талаар юу ч яриагүй. Би Э гэх хүнийг хараагүй, танихгүй. Доржсэмбэ Э нарыг найзалж нөхөрлөдөг талаар ч би мэдэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-14 тал/,

Гэрч Ё.Батбаяр хэрэг бүртгэлтэнд: "2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим таньдаг Батаа гэдэг нэртэй ах над руу залгаад намайг ирээд авчих би жаахан архи уучихлаа гэхээр нь би Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 17 дугаар гудамжинд очиход Батаа ах, Э, Доржсэмбэ, Алтай нар байсан. Батаа ах, Э, Доржсэмбэ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болтой байсан. Намайг очих үед Доржсэмбэ, Э хоёр адуу ярьчихсан маргаад зогсож байсан. Тэгсэн чинь Доржсэмбэ, Эийн цээж рүү нь цохьчих шиг болсон. Тэгсэн хоорондоо заамдалцаж аваад газар унахаар нь би очоод салгасан юм. Э, Доржсэмбэ хоёр намайг салгасаны дараа хоорондоо юм яриад эвлэрээд гар барьсан. Тэгээд дэлгүүр орохоор явтал дэлгүүрийн үүдэнд Доржсэмбэ машинаас буугаад гэр рүүгээ яваад өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Батаа ах болон Э, Алтай нарыг гэрт нь хүргэж өгөөд машинаа тавиад амарсан. Доржсэмбэ, Этэй адууны талаар ярьж маргалдаад хоорондоо заамдалцаж аваад унахдаа гэмтсэн байх. Доржсэмбэ, Э нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Доржсэмбэ, Э нар хоорондоо найзууд гэдгийг нь мэднэ. Хоорондоо өр авлага өш хонзонтой эсэх талаар би мэдэхгүй. Тухайн өдөр л адуунаас болж л хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Би өөр зүйл мэдэхгүй” гэжээ /хх-15 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №300 тоот шинжээчийн дүгнэлт /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /

1.Ц.Доржсэмбээгийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, эрүүнд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

З.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Шүүх            эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид  эрүүл мэнд эмчилгээний үр дүнгээс хамаарна, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-18 тал/,

-Компьютерт томографийн шинжилгээ /хх-19-20 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31 тал/,

-Г.Эийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-25-26 тал/, 2017 оны 06 сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх-29 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

-Г.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан” гэх лавлагаа /хх-34 тал/ зэрэг болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим иргэн Ц.Доржсэмбэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ц.Доржсэмбийн бие эрх чөлөөнд халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ц.Доржсэмбийн "Тэгээд юм яриад сууж байтал Э миний шилэн хүзүү рүү алгадаад байхаар нь боль гэж хэлтэл болихгүй хүнийг яах юм бэ? гэж хэлээд дахиад алгадаад байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд гарыг нь түлхсэн чинь намайг заамдаад бариад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь дундуур нэг хүн нь салгахаар орж ирсэн. Э намайг заамдаад боосон учраас би боолтонд нь ороод газар унасан юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь би газар хэвтчихсэн нэг хүн намайг босоорой гэчихсэн байж байсан. Намайг босч ирэхэд миний зүүн нүд хавдчихсан, хамраас цус гоожсон байдалтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Цэрэнпагмагийн "2017 оны 05 дугаар сарын 24- ний өдөр 22 цагийн орчим манай нөхрийн дүү болох Доржсэмбэ миний гар утас руу залгаад би хүнд зодуулчлаа нүд юм харж чадахгүй байна. Намайг 12 дугаар гудамжны үзүүрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 12 дугаар гудамжны үзүүрт очиж Доржсэмбийг гэрт нь хүргэж өгөөд Нансалмаагийн хамт эмнэлэг рүү дагуулж явсан. Доржсэмбийг гэрт нь хүргэж өгөхөд зүүн нүд нь хавдсан, баруун нүд нь улайсан, хамраас нь цус гоожоод хатсан байдалтай, хүзүү нь зулгарсан, нүцгэн биеийнх нь хавирга хэсэгт гутлын мөр болчихсон байсан. Надад Доржсэмбэ ярихдаа Э гэдэг хүн намайг зодчихсон гэж хэлсэн. Э гэдэг хувиараа газрын кадастр хийдэг хүнд зодуулсан гэж сүүлд нь Доржсэмбэ ярьж байсан”гэх мэдүүлэг, гэрч Ё.Батбаярын "Би Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 17 дугаар гудамжинд очиход Батаа ах, Э, Доржсэмбэ, Алтай нар байсан. Батаа ах, Э, Доржсэмбэ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болтой байсан. Намайг очих үед Доржсэмбэ, Э хоёр адуу ярьчихсан маргаад зогсож байсан. Тэгсэн чинь Доржсэмбэ, Эийн цээж рүү нь цохьчих шиг болсон. Тэгсэн хоорондоо заамдалцаж аваад газар унахаар нь би очоод салгасан юм. Э, Доржсэмбэ хоёр намайг салгасаны дараа хоорондоо юм яриад эвлэрээд гар барьсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №300 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч Г.Э-ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Э нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт. "тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд Г.Э нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэнээс хойш 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул Г.Э-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

Шүүгдэгч Г.Э-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирлын талаар

Хохирогч Ц.Доржсэмбэ нь шүүгдэгч Г.Эөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Харин шүүгдэгч Ц.Доржсэмбэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Б овогт Г.Э-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

З.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Доржсэмбэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  1. Г.Э-д авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Эд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ