| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00715/и |
| Дугаар | 715 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны, 2 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ63111015, О овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигтын 25-р байр, 16 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ86081909, Л овогт Н.Н,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигтын 25-р байр, 16 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, регистрийн дугаар ОЮ76061131, Н овогт З.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.650.000 төгрөг, алдангид 8.400.000 төгрөг, нийт 22.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ц.Н, З.Э нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн З.Отэй уулзаж, 8 хувийн орон сууцны зээлэнд хамрагдахын тулд урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор 18.000.000 төгрөг зээллэхийг хүссэн. Ингээд З.О болон хариуцагч Н.Н, З.Э нар харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, З.О нь 18.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатай, хүүгүй зээлдсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан байгаа бөгөөд зээлийг эргэн төлөх хуваарь ёсоор 2015 оны 12 дугаар сарын 30-нд 2.550.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 30-нд 600.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 30-нд 600.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-нд 600.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 30-нд 600.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-нд 12.450.000 төгрөг, нийт 18 сая төгрөгийг хүүгүй төлөхөөр тохирсон. Хариуцагч З.Э, Н.Н нар нь 2016 оны 6 дугаар сарын 7-нд 650.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 21-нд 350.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 23-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-нд 600.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 350.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-нд 500.000 төгрөг, мөн өдөр 350.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-нд 350.000 төгрөг, нийт 3.350.000 төлсөн байна. Хариуцагч нарын тайлбартай танилцахад 1 сая төгрөгийн зөрүү гарсан учир нэхэмжлэлийн шаардлагаа 1 сая төгрөгөөр багасгаж байна. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтөөс 1.200.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн ба гэрээний хугацаа дууссанаас хойш буюу хугацаа хэтрүүлж 3.150.000 төгрөг төлж, үлдэгдэл 14.650.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Н.Н, З.Э нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-д “Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан байх ба Н.Н, З.Э нар нь гэрээний хугацаа дууссанаас хойш одоо хүртэл зээлээ төлөхгүй 334 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч З.О нь 334 хоногийн алданги тооцохгүйгээр хугацаа хэтэрсэн үүргийн үнийн дүн болох 16.800.000 төгрөгт 2016 оны 9 сарын 10-ны өдрөөс хойш 100 хоногийн алданги тооцож, хариуцагч нараас алдангид 8.400.000 төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн заалтад нийцүүлж, 16.800.000 төгрөгийн 50 хувь буюу 8.400.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа юм. Иймд Н.Н, З.Э нараас үлдсэн зээлийн үлдэгдэл 13.650.000 төгрөг, алдангид 8.400.000 төгрөг, нийт 22.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Н, З.Э нар шүүхэд болон хариуцагч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид З.О гэдэг хүнтэй хувиараа тохиролцож “Мөнгөн хээ” ХХК-ийн орон сууцны урьдчилгаа болох 18.000.000 төгрөгийг З.О гэдэг хүн өөрөөсөө төлнө гэж байрны ипотекийн зээлд хамрагдсан. Нөхөр бид хоёр З.От байрны урьдчилгаагаа яаж төлөх вэ гэхэд “тэр яах вэ, болно шүү дээ” гэж хэлээд бид ч тайвширч зээлээ аваад байрны мөнгө өгнө гэж хоорондоо ярилцсан. Мөн бидний тохиролцсон 18.000.000 төгрөгийг хувааж дараах байллаар төлсөн. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 24-нд 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-нд 300.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-нд 350.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-нд 650.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 21-нд 350.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 23-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-нд 600.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 350.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-нд 500.000 төгрөг, нийт үлдэгдэл 13.650.000 төгрөг байгаа. Уг мөнгийг төлөхөд бидний зүгээс бизнесийн зээл авч төлөх боломжтой. Манай амьдралд зээлийн хүү болох 23.000.000 төгрөг төлөх боломж байхгүй. Бид банкны зээлээ төлөөд багасгаж байгаад эргээд банкнаас зээл гаргуулах талаар анхаарах болно. З.О эгчээс авсан байр маань яг үнэндээ м2 зөрүүтэй 48.000.000 төгрөг орчим дутуу байсан. Гэтэл бидэнд байрны урьдчилгаа өгсөн хүүндээ авна гэж хэлсэн. Бид банкинд дахин зээл авахаар хүсэлт гаргасан байгаа ба зээлээ авмагц З.О-ийн 13.650.000 төгрөгийг төлнө, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь хариуцагч Н.Н, З.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 14.650.000 төгрөг, алдангид 8.400.000 төгрөг, нийт 23.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасган зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.650.000 төгрөг, алдангид 8.400.000 төгрөг, нийт 22.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Н.Н, З.Э нар нь “З.О эгчээс авсан байрны м2 яг үнэндээ зөрүүтэй байсан. З.О-ийн нэхэмжлээд байгаа 13.650.000 төгрөгийг төлнө, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1553 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч З.О, хариуцагч Н.Н, З.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 18.000.000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч З.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Н.Н, З.Э нараас зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, талуудын бичгээр байгуулсан зээлийн зээлийн гэрээний 2.3 дахь заалтад зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь хуулинд нийцсэн байх тул хариуцагч нараас алдангийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “Н.Н, З.Э нар нь гэрээний хугацаа дууссанаас хойш одоо хүртэл зээлээ төлөхгүй 334 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Гэвч нэхэмжлэгч З.О нь 334 хоногийн алданги тооцохгүйгээр хугацаа хэтэрсэн үүргийн үнийн дүн болох 16.800.000 төгрөгт 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 100 хоногийн алданги тооцож, хариуцагч нараас алдангид 8.400.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн хэдий ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгасан тул алдангийг 15.800.000 төгрөгөөс тооцох нь зүйтэй байна. Улмаар 15.800.000 төгрөгт ногдох алдангийг тооцож үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэхгүй байгаа бөгөөд үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хариуцагч нараас 15.800.000 төгрөгийн 50 хувь буюу алдангид 7.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.От олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.Н, З.Э нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.650.000 төгрөг, алдангид 7.900.000 төгрөг, нийт 21.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, З.Э нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 21.550.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 265.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.От олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.Н, З.Э нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.650.000 /арван гурван сая зургаан зуун тавь/ төгрөг, алдангид 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөг, нийт 21.550.000 /хорин нэгэн сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 273.200 /хоёр зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, З.Э нараас 265.700 /хоёр зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ