Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд баг, 1-41 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ76012301, Т овогт Л.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд 16 жил нягтлан бодогч, нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Ажиллаж байхдаа аливаа ажлыг чин сэтгэлээсээ чин шударгаар гүйцэтгэж ирсэн. Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажлаас халсан тушаал гаргасан. Энэ шалтгаан нь 2015 онд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Н Төсвийн тухай хуулийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан хувьдаа завшин зөрчиж, хувийн үзэл бодлоор ажлаа хийдэг нь хэрээс хэтэрч энэ үйлдлийг үл тэвчин 2015 онд санхүүгийн шалгалт оруулж энэ шалгалтаар П.Н-ий хувьдаа завшиж хууль зөрчсөн үйлдэл нь илэрч торгууль тавигдсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрч буцаан төлсөн баримт санхүүд байгаа. Өөрийг нь аялдан дагалдахгүй бол хална, солино гэж элдэв үгээр дайрч доромжилж ёс зүйгүй харьцдаг байсан. Өнгөрсөн хугацаанд ийм удирдлагын доор ажиллахад надад маш хүндрэлтэй он жилүүд байсан. Аргагүйн эрхэнд ажил, амьдрал хоёр чухал болохоор тэвчиж ажилладаг байсан. Намайг ажлаас халсан үйлдэл нь намайг санаатайгаар хохироохоор хийсэн үйлдэл гэж үзэж байгаа тул маш их гомдолтой байна. Иймд Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Н-ий 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 33 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэв. 

Хариуцагч П.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Д нь 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар хүн эмнэлэгт нягтлан бодогчоор ажилд түр томилогдон 3 жил ажиллаж байгаад санхүүгийн тайлан тооцоог цаг хүгацаанд нь гаргахгүй удаа дараа тасалдуулж ажилдаа хайнга хандаж байснаа хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж 2011 оны 5 дугаар сарын 23-ны 27 тоот тушаалаар тушаал бууруулан нярав, угаагчийн ажилд шилжин ажилласан байна. 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 9 тоот тушаалаар угаагчийн ажлаас чөлөөлж, няраваар ажиллуулсан байдаг. 2014 оноос эхлэн эрүүл мэндийн газрын даргын батлагдсан бүтэц орон тоонд 0.5 орон тоотой байхад бүтэн орон тоогоор ажиллуулж цалинжууллж ирсэн. 2016 онд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалаар няравын орон тоо хасагдаж эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн 1 орон тоогоор батлагдаж ирсэн. Л.Д-д түр орлон гүйцэтгэгч А.М нь 2016 оны 4 дүгээр сарын 20-нд Эрүүл мэндийн газрын даргын бүтэц орон тоонд няравын орон тоо хасагдсаныг үндэслэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн төвийн дарга П. Н миний бие 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр няравын орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг дахин өгсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны Б/33 тоот тушаалаар Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын ажлаас чөлөөлөгдсөн. Л.Д нь нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн дурдсан нь буруу ойлголт бөгөөд бүтэц орон тоо хасагдаж чөлөөлөгдсөн болно. Эрүүл мэндийн төвийн дарга П. Н миний биеийг төсвийн хууль зөрчин албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн 2015 оны дотоод аудитаар хувьдаа завшин ашигласан хэмээн гүтгэн бичсэн байна. Үүнд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 22 тоот шийдвэрээр үндэслэлгүй болохыг тогтоосон. Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны шалгалтаар ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “2016 онд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалаар няравын орон тоо хасагдаж эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн 1 орон тоогоор батлагдаж ирсэн. Иймд Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын ажлаас чөлөөлсөн” гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Д нь 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд няраваар ажиллаж байсан бөгөөд тус Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Ажил олгогч нь орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Д-д 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлжээ.

 

Хариуцагч “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар тушаалын 01 дүгээр хавсралт, сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр тушаалын 01 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн гаргажээ.

Хариуцагч нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалаар няравын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг боловч Эрүүл мэндийн газрын даргын “Сум дундын эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төвийн 2016 оны орон тооны жишиг батлах тухай” тушаалын 4 дүгээр хавсралтад зааснаар “Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны нийт орон тоог 29, үүнээс эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав 1...” гэсэн орон тоотойгоор баталсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил,

албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав 1 гэж баталсан байх тул няравын орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь “Эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн 1 орон тоогоор батлагдаж ирсэн. Эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан мэргэжил шаарддаг, нярав мэргэжил шаарддаггүй тул няравын хөдөлмөрийн гэрээг цуцалсан “гэж тайлбарладаг боловч аль ажлын байр нь мэргэжил шаарддаг талаарх нотлох баримт буюу ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Л-Д-г Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Л-Д-г Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ