Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ85011606, Т  овогт П.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ87090911, З овогт С.Б-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь С.Б-той 2014 онд танилцаж 2 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.О, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.С нарыг тус тус төрүүлсэн. Бид албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ аваагүй бөгөөд 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Бидний дундаас төрсөн охин Б.О маань өөрийн эцэг С.Б овоглодог бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан байгаа. Харин бага охин С.С маань П.Б миний нэрээр овоглож төрсний бүртгэлд бүртгүүлсэн болно. С.Б нь надтай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэрэлдэж муудалцаад намайг гэрээсээ хөөж явуулсан. Би Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн гэсэн орон гэр байхгүй айлын байшинд өрх толгойлон 2 охины хамт амьдарч байгаа. Миний бие гэрээсээ хөөгдөж явахдаа 4 сартай жирэмсэн байсан. Одоо бага охин маань 9 сар 11 хоногтой. С.Б-с бага охиндоо тэтгэлэг тогтоолгохоор 2017 оны 3 дугаар сард шүүхэд хандахад надтай эвлэрч хүүхдүүдтэйгээ хамт амьдарна гээд явсан юм. Одоо охин Б.Сувд-Арвинд эцэг Б.Боос тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.   

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь П.Б-тай 2015 онд хамтран амьдарч байсан. П.Б өөрөө сална гээд явсан би П.Б-тай удаа дараа буцаж хамтран амьдаръя гэж ярьж хэлж байсан боловч зөвшөөрөөгүй. Би хүүхдийн тэтгэлэг өгөхөөс татгалзаж байна. П.Б-д өөрийн боломжоор мөнгө төгрөг өгч байсан. 2016 онд том охин Оюундарийн 500.000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр бас өгсөн. Хэрвээ шүүхээс хүүхдийн тэтгэлэг тогтоовол зохих хэмжээнд нь охин Б.С-д тэтгэлэг төлнө” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэдийгээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар дурдсан байх боловч хүүхэд нь эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир нэхэмжлэгч П.Б-гийн охин Б.С-д тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр П.Б, С.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2014-2016 онд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Т овогт Б-гийн С /регистрийн дугаар ОЙ16311609/ төрсөн болох нь тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч С.Б-с 23.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т овогт Б-ийн С-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  З овогт С-Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч С.Б-с 23.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                   

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ