Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 796

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, 6-2 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ГЗ64092510, З овогт Е.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б.б.э.х.с” ТӨХК-д холбогдох,   

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1989 онд Дархан-Уул аймгийн политехникумын сургуулийг цахилгаан, шугам сүлжээний техникч мэргэжлээр төгссөн. 1989-1991 онд Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цахилгаанчин, 1991-1995 он хүртэл Увс аймгийн Өмнөговь суманд эрчим хүчний станцын байцаагч, монтёроор ажиллаж байсан. Дараа нь 1995 оноос 1996 оны 2 дугаар сар хүртэл Баруун бүсийн эрчим хүчний системийн харьяа Өмнөговь суманд гэрлийн байцаагчаар тус тус ажиллаж байгаад 1996 оноос хойш 2015 оны 9 дүгээр сар хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2015 оны 9 дүгээр сард Өмнөговь сумын 110/35/10 кв-ын Өмнөговь дэд станцад мэргэжлийн ажлын орон тоо гарсан тул монтёроор ажилд орсон. Ажилд орсон цагаас хойш ажлын хариуцлага алдаж ноцтой алдаа дутагдал гаргаагүй, идэвхтэй санаачилгатай ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчөөгүй болно. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 2017 оны 5 дугаар сард надаас мэргэжлийн шалгалт авч унагаасан, мөн 2017 оны 7 дугаар сард бас дахин шалгалт авч унагаасан. 2017 оны 9 дүгээр сарын 08-нд би ээлжинд гарах гэж байтал 9 дүгээр сарын 07-ны өдөр “маргааш ээлжинд гарч болохгүй, ажлаас халсан” гэж Өмнөговь салбарын монтёр Г.Д өөрийн биеэр надад хэлсэн. 2016 оны 8 дугаар сард ээлжийн амралт авснаас хойш 2017 оны амралт эдлээгүй байтал ажлаас гэнэт халж дараагийн хүнийг ажилд авсан. Ажлаас халсан тухай шийдвэрийг 1 хоногийн өмнө хүнээр дамжуулж мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шалгалт авах үйл явц нь анхнаасаа намайг ажлаас халах зорилготой байсан учир хүчээр унагаасан гэж үзэж байна. 2 дахь удаагийн шалгалтыг 2017 оны 7 дугаар сарын 17-нд Баруун бүсийн эрчим хүчний систем дээр дуудаж монтёр Б, Д бид 3 зэрэг шалгалт өгч, гурвуулаа шалгалтад унасан. Гэтэл шалгалтын комисс намайг шалгалтад тэнцээгүй гээд дахин шалгалт авч намайг унагаасан. Би ажилд ороод 2 жил болж байгаа. Энэ хугацаанд мэргэжлийн хичээлийг зөвхөн салбар хариуцсан инженер Н.М-ын төлөвлөгөөт хичээлийн сургалтад сууж байсан. Ер нь шалгалт өгч тэнцэнэ гэдэг шалгалт авах комиссын үзэмжийн асуудал байдаг нь илэрхий. Намайг ажлаас халах тухай шаардлагыг Өмнөговь сумын Засаг дарга уламжилсан болох нь тодорхой. Намайг ажлаас халаад миний оронд өөрийн хүн болох түгээх станцад монтёроор ажиллаж байсан Ц.Б-ийг оруулсан. Ц.Б-ийн оронд мөн өөрийн хүн гэгдэх О.Д-ыг ажилд авсан. Энэ мэт байгууллагын дотоод ажилд хэт хөндлөнгөөс оролцож нөлөөлж, байгууллагын ажилтнуудыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж шалгалт нэртэй шахалт үзүүлэн ажлаас халж байгаад эмзэглэж байна. Ийм учраас Баруун бүсийн эрчим хүчний Төрийн өмчит хувьцаат компанийн 110/35/10 кв-ын Өмнөговь дэд станцын монтёрын ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь жил болгон инженер, техникийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн буюу ур чадварын шалгалт авдаг бөгөөд хангалттай сайн өгсөн ажилтнуудын зэргийг нэмэх, албан тушаал ахиулах, хангалтгүй өгсөн ажилтнуудын зэргийг бууруулдаг бөгөөд ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор энэ шалгалтыг авдаг билээ. Е.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”-ны дагуу түүнийг  ажлаас чөлөөлсөн. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгууллага дээр 7 хүнээс шалгалт авахад 2 хүн онц, 3 хүн сайн, 1 хүн дунд дүнтэй тэнцэж харин Е.Д нь техник ашиглалтын дүрмийн шалгалтандаа 45%, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтандаа 70% дүн авч, шалгалтандаа тэнцээгүй дүн үзүүлсэн. 2 дахь шалгалтыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15 хүнээс авахад 2 хүн онц дүнтэй, 6 хүн сайн дүнтэй, 6 хүн дунд дүнтэй тэнцэж, харин Д аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтад 70%, техник ашиглалтын дүрмийн шалгатанд 45% шалгалтын дүн ганцаараа хангалтгүй дүн үзүүлсэн. Хоёр удаагийн шалгалтандаа унасан ганц хүн байсан болохоор Е.Д нь шалгалтад удаа дараа унасан болохоор бэлдэх хугацаа өгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3 дахь удаагийн шалгалтыг авсан байдаг энэ шалгалтаар Д нь техник ашиглалтын дүрмийн шалгалтад 70%, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтад 70% дүн үзүүлсэн байдаг. Шалгалтын комисс шалгалтын дүнг захирлын зөвлөлд танилцуулах журамтай байдаг бөгөөд энэ журмын дагуу нийт шалгалтын дүнг танилцуулсан. Е.Д-ийн хувьд 3 удаа аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын дүрмийн шалгалтандаа тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг захирлын зөвлөлд оруулж ирсэн байдаг. Бидний гол мөрдөн ажиллах дүрэм бол эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 15.25-д заасны дагуу мэдлэгийн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалт өгөх бөгөөд 3 удаагийн шалгалтад тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээ үргэлжлүүлэх эсэх асуудлыг шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажил олгогч зохих хууль журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ингээд захирлын зөвлөл хуралдаж Е.Д-ийг ажилдаа тэнцэхгүй байна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 207 тоот захирлын тушаалаар Е.Д-ийг мэргэжлийн комиссын шалгалтад удаа дараа хангалтгүй дүн үзүүлэн шалгалтандаа унаж, ажил мэргэжил, албан тушаалдаа тэнцэхгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн билээ. Ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа нь шалгалт өгсөн шалгалтын материалаас харагдаж байна. Мөн ажил мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй байгаа энэ байдлыг ноцтой зөрчил гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е.Д нь хариуцагч “Б.б.э.х.с” ТӨХК-д холбогдуулан тус компанийн Өмнөговь сумын дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажилд орсон цагаас хойш ажлын хариуцлага алдаж ноцтой алдаа дутагдал гаргаж байгаагүй, идэвхтэй санаачилгатай ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчөөгүй болно. Ажлаас халсан тухай шийдвэрийг 1 хоногийн өмнө хүнээр дамжуулж мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Б.б.э.х.с” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 207 дугаар захирлын тушаалаар Е.Дийг мэргэжлийн комиссын шалгалтад удаа дараа хангалтгүй дүн үзүүлсэн тул түүнийг ажил мэргэжил, албан тушаалдаа тэнцэхгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа нь шалгалтын материалаас харагдаж байгаа. Мөн ажил мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй байгаа энэ байдлыг ноцтой зөрчил гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Е.Д нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Өмнөговь сумын дэд станцын монтёроор ажиллаж байсан ба тус компанийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 207 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Аюулгүй ажиллагааны дүрмийн 15.24, Мэргэжлийн шалгалт авах комиссын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар протокол, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар протокол, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар протокол, Захирлын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр хурлын шийдвэр, компанийн дотоод журмын 4.2.14, Хөдөлмөрийн гэрээний 3.11.1 дэх заалтыг тус тус үндэслэн Е.Дийг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзжээ.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.14-д “Инженер техникийн ажилтнууд техник ашиглалт, аюулгүй ажиллагааны талаарх дотоодын сургалтад заавал оролцож шалгалт өгнө. Эхний шалгалтаар аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын дүрэм, мэргэшлийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол тухайн сарын үр дүн олгохгүй ба зэрэг бууруулах, давтан өгөөд хангалтгүй дүн авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно”, Хөдөлмөрийн гэрээний 3.11.1-д “Ажилтан мэргэжлийн комиссын шалгалтад 2 удаа дараалан хангалтгүй дүн авсан, мэргэжлийн аттестачлалд хангалтгүй дүн үзүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгасан байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, мөн зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан зохицуулалт нь тухайн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч байгууллага өөрийн байгууллагын Мэргэжлийн шалгалт авах комиссын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар протокол, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар протокол, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар протокол, Е.Дийг шалгасан гэх 20 асуулт бүхий сорил зэрэг баримтуудыг ирүүлсэн боловч энэ нь Е.Дийг монтёрын ажилд мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг 20 асуулт бүхий сорил нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх, тэнцэхгүй эсэхийг тогтооход хангалтгүй бөгөөд дээрх баримтуудыг мэргэжил ур чадвар тогтоох комиссын хууль ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд нийцэхгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн Хариуцагч нь тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байх ба ажилтан дээрх хуулийн заалтад заасан аль зөрчлийг гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан аль нь болохыг тушаалд тодорхой дурдаагүй байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Е.Д ажил мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй байгаа энэ байдлыг ноцтой зөрчил гэж үзсэн” гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байх ба нэхэмжлэгч Е.Д ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “...Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд ажил олгогч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн М, Д, Б нартай ярилцаж байх үеийн гар утасны дуу бичлэг нь Е.Д-ийг ажлаас чөлөөлсний дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичигдсэн, тэдний дуу хоолой мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Е.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Е.Д-ийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Өмнөговь сумын дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Е.Д-ийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Өмнөговь сумын дэд станцын монтёрын ажилд эгүүлэн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ