Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 816

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 11-32 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ74042829, Х овогт Ж.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 төгрөг, нотариатын хураамж 4.000 төгрөг, нийт 1.424.403,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Ж.Т /цахимаар/, нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбарын төв тооцооны төвд  ЗГ/1607861 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1.936.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй цалингийн нэмэлт зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 974.615,94 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.284,06 төгрөг, нийт 977.900 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Ж.Т-гаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 төгрөг, нотариатын хураамж 4.000 төгрөг, нийт 1.424.403,91 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 2 дугаар сарын 09-нд ажлаас халагдсан. Тэгэхэд цалингийн зээл 1.000.000 төгрөг байсан ба зээл дээр хүү, торгууль дур зоргоороо нэмсэн байна. 2015 оноос хойш эхэлж банк хүү бодсон байна. Би 2016 оны 3 дугаар сард би 29.900 төгрөгийн хүү төлсөн. 1 дүгээр сар, 2 дугаар сард мөн хүү төлсөн байгаа. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 851.000 төгрөгийн цалингийн зөрүү бас авсан. Би ээлжийн амралтаа аваад банкны зээлийг 2 сараар нь хийсэн боловч зээл хасагдаагүй ба эргэн төлөлтийн хуваарьт засвар хийж сараас сард гүйлгэж шилжүүлэн хүүгээ нэмж үндсэн зээл нэмэгдсэн байсан. Хаан банкны нэхэмжлэлийг үзэхэд үндэслэлгүй зүйл харагдаж байна. Би Хаан банкны зээл бүү хэл өөрийн гэсэн амьдрал надад алга. Барьсан гэргүй, хийсэн ажил амьдралгүй хүн. 2016 оноос 2017 онд асрамжийн газарт өвөлжиж, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж гэрийн модон дээр гялгар цаас, цагаан бүрээс тохож зуссан. Би аймгаас явахдаа биеэ эмчлүүлэх мөн ажил хийж, мөнгө олж охиноо тэжээх гэж нутгаасаа гарсан. Миний нөхөр өвчтэй хүн байдаг. Би 2016 оны 1, 5, 7, 11 дүгээр сарууд, 2017 оны 3, 5, 7 дугаар саруудад тус тус Хаан банкинд “надад зээл төлөх чадвар байхгүй, зээлийнх хүүгээ зогсоож өгнө үү” гэж хүсэлт гаргахад намайг хэл амаар доромжилсон. Би төлөх чадваргүй учраас уг мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна. Иймд Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ж.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 төгрөг, нотариатын хураамж 4.000 төгрөг, нийт 1.424.403,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Ж.Т нь Хаан банкны Увс салбарын төв тооцооны төвөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1.736.000 төгрөгийн зээл дээрээ нэмж 200.000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлах, гэрчилгээний 000567207 дугаартай, нэгж талбарын 8516004549 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалжээ.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч хариуцагч Ж.Т нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Ж.Т-гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул Хаан банк нь хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.694.401,58 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Ж.Т нь “Миний бие нь 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдсан. Тэгэхэд цалингийн зээл 1.000.000 төгрөг байсан. Хаан банк 1.736.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар нь түүний Хаан банкинд хандаж гаргаж байсан ”1.700.000 төгрөг дээр цагаан сарын бэлтгэл хангах тул нэмж 200.000 төгрөгийн зээл олгож өгнө үү” гэх өргөдлөөр няцаагдаж байна.

 

Түүнчлэн Хаан банк нь хариуцагч Ж.Т зээлийн төлбөрт нийт 977.900 төгрөг төлсөн хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд уг үнийн дүн дээр маргахгүй байх тул хариуцагчийн “Би зээлэндээ 960.000 орчим төгрөг төлсөн. Үүнийг Хаан банк зээлээс хасаагүй байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Хаан банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 4.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Т-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 4.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1.420.403,91 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.676 төгрөгийг хариуцагч Ж.Т-гаас гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х овогт Ж.Т-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 /нэг сая дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 4.000 /дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 37.740 /гучин долоон мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-гаас 37.676 /гучин долоон мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Т шүүхийн шийдвэрчийг сайн дураар биелүүлэхгүй бол Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлах, 700 га талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, гэрчилгээний 000567207 дугаартай, нэгж талбарын 8516004549 дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Ж.Т-гийн нэр дээрх газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн  дотор  Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ