Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар түүнийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******* маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ... Хохирогч ... 2017 оны 11 сарын 08-ны өдөр *******, Дангаа ах бид 3 архи уусан юм. Би их согтсон байсан учир зарим зүйлүүдээ санахгүй байгаа. Гэртээ очсон хойно оо ухаан орсон. ******* ах надад ахыгаа уучлаарай гэж байсан. Миний толгойруу юугаар цохиж гэмтээсэн эсэхийг мэдэхгүй ... толгойн баруун орой хэсэгт оёдол тавиулсан, хоёр нүдний зовхины доод хэсэгт хөх туяа суусан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч ... тэгээд тэр хоёр барилцаж аваад гэрээс гэрийн гадаа гарсан. Гадаа барилцаж аваад ноцолдож байхдаа *******, Баянжаргалыг чулуугаар цохих шиг болсон. Тэгэхээр нь очиж салгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14- 15/,

Насанд хүрээгүй гэрч ... аавтай дүү бид хоёр хамт явсан. Айлд аав хоёр хүнтэй архи уусан. Архи ууж байхдаа аав ******* ахтай маргалдсан. Аавыг ******* ах гэрийн гадаа зодсон. Аавын толгойруу ******* ах чулуугаар цохиж зодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүгдэгч *******ын ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үйл явдал 2017 оны 11 сарын 08-ны өдрийн орой Богд сумын 3 дугаар багт болсон юм. Тэр өдөр хохирогч Баянжаргал, Гантөмөр бид 3 шимийн монгол архи ууцгаасан. Тэгээд байж байхад Баянжаргал согтуурхаад чи худгийн доор буучихаад мал услах цагийг давхацууллаа. Та миний урд жил алдсан 500.000 төгрөгийн ард байгаа шүү гэхчилэн ор үндэслэлгүй зүйл ярьж дайрч давшилсан, түүнээс болж маргалдаж түүнийг цохиж зодсон. Үйл явдал манай гэрт болон гадаа болсон. Гэрийн гадуур чулуулаг ихтэй. Баянжаргал газарт өнхөрч унаад байсан. Мөн би чулуугаар толгойруу нь цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 612 тоот шинжээчийн ... биед хуйханд шарх, баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч шүүгдэгч ******* нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн дикон маркийн улсын дугааргүй мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн дикон маркийн улсын дугааргүй мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА