Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 25

 

С.С-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0439/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                       О.Доржмаа

Шүүгдэгч                                        С.С-

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 11 дугаар шийтгэх тогтоолтой С-гийн С-ад холбогдох 1818001420332 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт С-гийн С-

Шүүгдэгч С.С- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” бааран дотор Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадаа иргэн Б.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт С-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6.д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б- овогт С-гийн С-ад 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.д зааснаар ялтан С.С-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1.т зааснаар С.С-аас 528.500 /таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ц-гийн Б-т олгож, 13.168.300 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 530.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч Б.Т-ын нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг авч үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7.д заасан заалтыг баримтлаагүй байна.

-Тодорхойлох нь хэсэгт: Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: хэрэгт гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримтуудаас /хх-ийн 202-210/ бензин шатахуун авсан баримт, цалингийн тодорхойлолт зэргийг үнэлээгүй байна. Хохирогчийг хот хооронд хэрхэн юугаар явсан болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.т заасан ....нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзнэ... гэсэн заалтыг зөрчсөн нь энэ хэргийг шудрагаар шийдвэрлээгүйг илтгэсэн зүйл болсон. Түүнчлэн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн мэдүүлгийг тусгаагүй, түүнийг нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4.т заасныг зөрчсөн.

Хэдий уг хэргээр зөвхөн С.С-ын гэм буруугийн талаар хэлэлцсэн боловч эл хэргийн бодит нөхцөл байдал нь ганц шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял зэмлэл оноох биш байсан. Учир нь энэ хэргийн цаад үйлдэл нь цагдаагийн албан хаагчдын иргэдтэй зүй бус харьцсан, яргалан тарчлаасан үйлдлийн бичлэгийг бүрэн эхээр нь шүүх хурал дээр шинжлэн судалсан нь энэ хэргийн үнэн бодит нөхцөл байдлын тод томруунаар харуулсаар байтал зөвхөн нэг хүнд ял халдааж хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг илтэд ноцтой зөрчсөн гэж хуульч, өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Манай үйлчлүүлэгчийн зүгээс өөрийг нь яргалан тарчлаасан цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авч түүнийгээ нотлох баримтаар үнэлээд түүгээрээ бүлэг гэмт хэргийг нуун далдлах гэсэн зорилгоо илэрхийлсэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлсэнд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С- тайлбартаа:

...Тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа дүгнэлтдээ:

...Хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл тухай бүрт ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Хохирогч Ц.Б- мэдүүлэгтээ ”цагдаагийн албан хаагчид зодуулж нүд хөхөрсөн”, “С.С- цохьсон” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч С.С-ад холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос С.С-ыг хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6.д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, С.С-аас 528.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-т олгож, 13.168.300 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 530.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гээд хохирогч Б.Т-ын нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.С- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” бааран дотор Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадаа иргэн Б.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

-хохирогч Ц.Б-ийн ....тэр өдөр би Дархан-Уул аймагт байх бааранд орсон. Тэр бааранд хажууд сууж байсан залуучууд маргалдаад байхаар нь би болиулсан юм. Тэгтэл тэр залуу намайг ирээд зодсон. Миний ар дагз руу юмаар цохьсон гэж бодож байна....гэсэн мэдүүлэг,

-хохирогч Б.Т-ын ...тэр өдөр зүс таних С- гээд залуу таарахаар нь “юу байна, ахын дүү” гэж мэндэлсэн. Тэгтэл түүний эхнэр бид хоёрыг маргалдаж байна гэж бодоод намайг ирээд түлхсэн. Тэгээд С- учир зүггүй намайг заамдаад авахаар нь “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэрээр миний духан дундуур барьж байсан пивоныхоо шилээр нэг удаа цохьсон. Дараа нь миний зүүн талын чамархай хэсэг рүү гараа зангидаж байгаад 5-6 удаа цохьсон...гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Түвшинбаярын ...би тэр өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Б- эрүүлжүүлэхэд ирэхдээ амнаас нь цус гараад тогтсон, баруун нүд нь хөхөрсөн, чихний ар хэсэгт нь зулгарсан байсан. Тэр камерт байхдаа янз бүрийн үг хэлж, хэл амаар доромжилж агсамнаж байсан....гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Болдсайханы...Баарны гадаа зодоон болоод байна гэх дуудлагаар очиход Б- бааранд зодуулсан гээд завжнаас нь цус гарсан байсан. Намайг хүмүүс зодсон” гээд завжаа үзүүлж байсан...гэх мэдүүлэг,

-гэрч Д.Өлзийхүүгийн...Б- надад “толгой руу цохьсон, толгой өвчтэй байна” гэж хэлсэн. Өөр ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Маргааш нь түүнийг эрүүлжүүлэхээс авахад нүд нь хөхөрсөн, завж нь язарсан байсан. Шүд гэмтсэн гэж өөрөө хэлсэн. Баарны гадаа цустай шүлсээ Болдсайхан цагдаа руу нулимж байсан. Хувцас нь цус болсон байсан. Б- нь “гөлөгнүүдээ, би зодуулсан” гээд завжаа үзүүлж байсан...гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 1073 дугаартай ...Ц.Б-ийн биед хэрэг болсон гэх цаг хугацаанд баруун нүдний зовхи, доод уруулын салстын цус хуралт, баруун нүд, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой., эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт,

-гэрч О.Даваасамбуугийн... Т-ыг тэр өндөр залуу захаар хоолойг нь боочихсон, гараараа толгой руу нь цохиж байсан. Тэгээд би очиж тэр хоёрыг салгасан чинь Т-ын нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан...гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 19-ны өдрийн 656 дугаартай... Б.Т-ын биед духанд шарх, зүүн нүдний зовхи, цээжний хэсгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...гэсэн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх болсон үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил, эргэлзээ тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг төлөх хугацааг тогтоохдоо ямар хэмжээгээр, хэдий хугацаанд хэсэгчлэн төлөхийг тодорхой зааж өгөөгүй нь буруу байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 гэж бичихийг 10.2 дугаар зүйлийн 2.6 гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

            Иймд дээрх байдлаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд:

-... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 гэж бичсэнийг 10.1 дүгээр зүйлийн 2.6... гэж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.д зааснаар шүүгдэгч С.С-ад оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 135.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                                                            ШҮҮГЧИД                                      Ц.ТУЯА

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ