| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2020/0355/З |
| Дугаар | 128/ШШ2020/0618 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2020/0618
2020 оны 09 сарын 29 өдөр Дугаар 128/ШШ2020/0618 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э,
Хариуцагч: ХУД-ын УБХ.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байрны 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахыг ХУД-ын УБХ-т даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Могул скай” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1А байрны 208 тоот 82.77 м.кв 3 өрөө, 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг №ГГ-61 тоот зогсоолын хамтаар худалдан авахаар тохиролцож, “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу байр болон зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, улмаар түлхүүрийг гардан авч, орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна.
“Могул скай” ХХК нь дээр дурдсан гэрээний 4.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01665 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн 98-р байр 208 тоот орон сууц, №ГТ-61 тоот зогсоолын хамтаар Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг С.Эт шилжүүлэн өгөхийг “Могул скай” ХХК-д даалгасан шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, иргэн С.Эийн өмчлөх эрх зөрчигдсөөр байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 7/2677 тоот дугаартай албан бичгээр “Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлэх тухай” хариу өгсөн болно.
Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтэс нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон шийдвэрийг хавсаргах шаардлагатай, мөн Улаанбаатар хотын банк ХХК-ны барьцаатай хэвээр нь өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжтой гэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улаанбаатар хотын банкны барьцаа хөрөнгө тул захиран зарцуулах эрхийг сэргээгүй гэсэн тус тус хариу өгсөн болно. Миний бие дээр дурдагдсан эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул барьцаалбартай өмчлөх, өөрийн шударгаар олж авсан хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байх боломжгүй юм.
Иймд Хан-Уул дүүрэг, 11-р хороо Ар зайсангийн 98 дугаар байр 208 тоот орон сууц, №ГТ-61 тоот зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахыг Нийслэлийн ХУД-ын УБХт даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн С.Э нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Ар Зайсангийн гудамж, 98 дугаар байрны 208 тоот орон сууц, ГГ-61 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо /17025/, Ар Зайсангийн гудамж 98 тоот 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга нь 2011 онд “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, мөн онд Улаанбаатар хотын банктай барьцааны гэрээ байгуулж, барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар дээрх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл дуусгавар болоогүй байгаа бөгөөд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 1/11612, 2017 оны 3/18537, 2018 оны 4/3591 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ/2018/01665 дугаартай шийдвэрээр тухайн эд хөрөнгийг Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн С.Эт шилжүүлэхийг “Могул Скай” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй, дээрх хөрөнгийн барьцааны гэрээ дуусгавар болоогүй, мөн хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай тусгай тэмдэглэл хүчинтэй хэвээр байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж. 30 дугаар зүйлийн 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэл хийнэ" гэж; 30.5-д ”Энэ хуулийн 30.1.4.заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно.” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол улсын бүртгэгч бүртгэхээс татгалзана” гэж заасан тул иргэн С.Эийн өмчлөх эрхийг өнөөдрийн байгаа нотлох баримтын хүрээнд барьцаагүйгээр бүртгэх боломжгүй юм...” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...“Могул Скай” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ0001/110727 тоот “Зээлийн гэрээ”, №ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №ЗНГ0001/111124(1) тоот “Зээлийн нэмэлт гэрээ’’, №ЗБГ0002/111124 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-үүдийг байгуулан 3,476,493,640.00 төгрөгийг сарын 1,35-н хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “Могул таун”-ны 98 тоот хаягт байрлах 3,564-н м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №4010-н тоот шийдвэрээр зээлдэгч “Могул Скай” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,055,460,140.00 төгрөгийг гаргуулж банкинд олгох, Улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “Могул таун”-ны 98 тоот хаягт байрлах 3,564-н м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээр дурдсан барьцааны гэрээний дагуу нэхэмжлэлд дурдагдаж буй 98 дугаар байрны 208 тоот хаягт байрлах 82,77-н м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн байрны ГГ-61 тоот хаягт байрлах авто зогсоол нь банкны барьцаанд бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэнэ. “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1 “...барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ. ”-д зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч солигдсон нь барьцааны эрх дуусгавар болох, хүчингүй болох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд, нэхэмжлэгч С.Э нь Улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 208 тоот хаягт байрлах 82,77-н м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууцны болон мөн байрны ГГ-61 тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь уг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эээс ХУД-ын УБХт холбогдуулан “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байрны 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахыг ХУД-ын УБХт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1. “Могул Скай” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Могул таун” /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаарт байршилтай аялал жуулчлал цогцолборын зориулалттай 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү2206018350 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000151030 дугаар гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас олгосон байна[1].
“Улаанбаатар хотын банк”[2] ХХК \цаашид Худалдаа хөгжлийн банк гэх\ “Могул Скай” ХХК-тай 2.500.000.000 сая төгрөгийг 16,2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдэхээр харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0001/110727 дугаар гэрээг[3] байгуулсан ба мөн өдрийн зээлийн барьцааны ЗБГ0001/110727 дугаар гэрээгээр[4] эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000151030 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Могул таун” /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаарт байршилтай аялал жуулчлал цогцолборын зориулалттай 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын болон 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй автомашины зориулалттай барилгын гэрчилгээ болон ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалжээ.
Харин иргэн С.Э нь “Могул Скай” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1А байрны 208 тоот, 82.77 м.кв, 3 өрөө, 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууц болон ГГ-61 тоот авто зогсоолын хамт худалдаж авахаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” №1А/17 дугаар гэрээг[5] байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу С.Э орон сууц, автомашины зогсоолын төлбөрийг төлсөн болох нь “Могул Скай” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1А/17 дугаар “Төлбөр барагдуулсан тухай” тодорхойлолтоор[6] тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч С.Эээс ХУД-ын УБХт “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байрны 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахаар хандсан боловч “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1/11612, 2017 оны 3/18537, 2018 оны 4/3591 дугаар албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийсэн болон Улаанбаатар хотын банктай байгуулсан барьцааны гэрээ өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байна...” гэх хариуг хүргүүлжээ[7].
Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Байранд нүүж орсноос хойш 2 жилийн дараа байр банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “...Үнэн зөвийг харгалзан үзэх” заасан. Гэтэл нэхэмжлэгчийн эрх хэрхэн хөндөгдөж байгааг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна...” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
2. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Э 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Могул Скай” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь цаг хугацааны хувьд “Могул Скай” ХХК-ийн өмчлөх эрх, түүнчлэн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш байгуулагджээ.
Өөрөөр хэлбэл, “Могул Скай” ХХК нь маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө уг хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Худалдаа хөгжлийн банк”-нд барьцаалсан байна.
Улмаар уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр[8], мөн шүүхийн 2014 оны 5 дүгээр сарын 07-ны өдрийн 6408 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийн дагуу[9] “Могул Скай” ХХК-ийн буюу түүн дотор нэхэмжлэгч С.Эийн үл хөдлөх хөрөнгийг эрхийн гэрчилгээний хамт битүүмжилжээ.
Харин нэхэмжлэгч С.Э нь дээрх үйл баримтаас хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаар шийдвэр[10], Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний 637 дугаар магадлал[11], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаар тогтоол[12] зэргээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байр, 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон болно.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк”-ны өмчлөх болон барьцааны эрх нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэхээс өмнө үүсэж, хүчин төгөлдөр болсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасны дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд өөр өмчлөгчид бүртгэлтэйн зэрэгцээ барьцааг бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч С.Эийн нэр дээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
3. Түүнчлэн барьцааны гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн[13] байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 / Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно/, 18.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсоны улмаас эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.1.4-т “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр”, “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр” тус тус гарсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийхээр заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгөд хамаарах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хуулийн 20.1.2-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасныг хариуцагч хэрэгжүүлэн ажиллажээ.
Товчхондоо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарч, тусгай тэмдэглэл хийсэн шийдвэрээ хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байна.
Иймд нэхэмжлэгч С.Эийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байрны 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахыг ХУД-ын УБХт даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.8,18.1.10, 19 дүгээр зүйлийн 19.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ээс ХУД-ын УБХ-т холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн 98 дугаар байрны 208 тоот орон сууц болон ГГ-61 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Өөлд овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн нэр дээр гаргуулахыг ХУД-ын УБХ-т даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 120 хуудас
[2] Хавтас хэргийн 106-109 хуудас
[3] Хавтас хэргийн 123-123 хуудас
[4] Хавтас хэргийн 125-126 хуудас
[5] Хавтас хэргийн 124-134 хуудас
[6] Хавтас хэргийн 9 хуудас
[7] Хавтас хэргийн 14 хуудас
[8] Хавтас хэргийн 112-118 хуудас
[9] Хавтас хэргийн 118-119 хуудас
[10] Хавтас хэргийн 135-141 хуудас
[11] Хавтас хэргийн 142-149 хуудас
[12] Хавтас хэргийн 150-154 хуудас
[13] Хавтас хэргийн 83 хуудас