Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00081

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ж.Доржсамбуу,

шүүгдэгч О.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 201606000149 дугаартай, 132/2016/0069/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 60 настай эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 34-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Осоржамцын Төмөрбаатар /РД:ГЭ56090511/.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч О.Төмөрбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт зам тээврийн осол гаргаж иргэн Н.Баттүвшин, Ж.Доржсамбуу нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Төмөрбаатарын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Доржсамбуугын өгсөн: Бид эвлэрсэн тул хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй гэв.         

  201606000149 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: 

  Хохирогч Ж.Доржсамбуугийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр намайг гэрт байхад манай найз Баттүвшин ирсэн. Би өөрийн эзэмшлийн мустанг маркийн 24-44 БУЗ улсын дугаартай мотоциклийг би бариад, миний ард Баттүвшин сундлаад бид ах Отгонбямбынд очсон. Тэндээс гэрээс нь тасдагч аваад ажил дээр нь аваачиж өгсөн. Тэндээс гараад Жавхлант дэлгүүрийн ард байх найз Энх-Эрдэнийд очсон. Тэндээс гараад дээшээ харих гэж явсан. Бид Сансар дэлгүүрийн урд талаар гараад хар замаар дээшээ гэр лүү гээ харих гэж явсан. "Дэлгэрэх" дэлгүүрийн хажуугаар гараад хороолол доторхи засмал замаар явж байтал гэнэт ертөнцийг зүгээр зүүн талаас баруун тийшээ чиглэлтэй крантай машин гарч ирээд би мөргөөд ухаан алдсан. Би осол болох үед хамгаалах малгай өмссөн явж байсан. Харин Н.Баттүвшин хамгаалах малгай өмсөөгүй явсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. Миний мотоцикль эвдэрсэн гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,

Гэрч Л.Тунгалагын өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө манай дарга Булган сумын цахилгааны тоолуурын заалтыг хар гээд хамт ажилладаг цахилгаанчин Ганбат, жолооч О.Төмөрбаатарын хамт байгууллагын 22-45 БУА машинтай явсан. Гандан шинэ хороо, Өнө мандал, зүүн түрүүг авчихаад хойд тойргын хар замаар баруун тийш явж байсан. Гэтэл 3 дугаар багийн В хэсгийн 13 дугаар гудамжны уулзвар руу ороод гарах гэж байхад нүдний үзүүрт юм харагдах шиг болоод тас няс гээд чимээ гарахад машин зогсоод буухад нэг мотоцикльтой 2 хүн бид нарын унаж явсан машиныг мөргөөд уначихсан байсан. Тэгээд бид нар цагдаа, түргэн дуудсан. Мотоциклтой 2 залуу мотоциклийнхоо хажууд зам дээр хэвтэж байсан. Хамгаалах малгайтай хүн нь босоод суучихсан, нөгөө залуу нь хажуугаараа харсан байсан. Зүүн шанаа хавь нь халцарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх 27 тал/

Гэрч Ч.Ганбатын өгсөн: …3 дугаар багийн В хэсгийн 13 дугаар гудамжны уулзвар луу ороод гарах гэж байхад гэнэт тас няс гээд чимээ гарахад машин зогсоод буухад нэг мотоцикльтой 2 хүн бид нарын унаж явсан машиныг мөргөөд уначихсан байсан. Тэгээд бид нар цагдаа, түргэн дуудсан. Мотоциклтой 2 залуу мотоциклийнхоо хажууд зам дээр хэвтэж байсан. Бид тухайн үед сандралдаад зарим зүйлийг сайн анзаараагүй…гэх мэдүүлэг /хх 28-29 тал/                                            

О.Төмөрбаатарын сэжигтнээр байцаагдаж өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө манай дарга Булган сумын цахилгааны тоолуурын заалтыг хар гээд хамт ажилладаг нярав Тунгалаг, цахилгаанчин Ганбат нарын хамт байгууллагын 22-45 БУА машинтай явсан. Гандан шинэ хороо, Өнө мандал, зүүн түрүүг авчихаад хойд тойргын засмал замаар баруун тийш явж байсан. Булган сумын 3 дугаар баг А хэсгээс хурд сааруулагч даваад 2 дугаар багийн В хэсгийн уулзвар болох 4 замаар баруун тийш хөдөлгөөн үргэлжлүүлэн би баруун зүүн тийшээ хөдөлгөөн байгаа эсэхийг хараад хөдөлгөөн үргэлжлүүлэн явтал гэнэт хурдтай мотоцикль гарч ирэхлээр нь би зогстол ирээд миний машины кабин тэвш хоёрын дундуур мөргөсөн. Тэгээд бууж ирээд түргэн, цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх 71-72 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн: 1.Хохирогч Ж.Доржсамбуугийн биед баруун хацар ясны далд хугарал, тархи  доргилт, дух баруун хацрын няцарсан шарх, баруун чамархай, дээд доод зовхи, мөрний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун мөр сарвуу, тавхай, зүүн тавхайны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн: 1.Хохирогч Н.Баттүвшины биед тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархины хатуу хальсны дээрхи цусан хураа, зүүн чамархай ясны цууралт, баруун дээд эрүүний урд хана болон ар хананы хугарал, баруун ухархайн доод хананы хугарал, тархины доргилт, баруун гайморын хөндийн цус хуралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархай бугалганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар  1. Мустанг маркийн 24-44 БУЗ улсын дугаартай мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцогч жолооч Ж.Доржсамбуу нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 В заалт "мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн зөрчсөн байна. 2. Жолооч Ж.Доржсамбуугийн жолоодож явсан 24-44 БУЗ улсын дугаартай мотоцикль нь техникийн хувьд бүрэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 3. Жолооч Ж.Доржсамбуу нь тээврийн хэрэгсэл жолоодох АВ ангилалын 1063423 тоот эрхийн үнэмлэхтэй байна. 4. Осол болсон гэх 4 замын уулзварын мотоцикль явж байсан зорчих хэсэг нь /ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо/ гол замд хамаарна. 5. Зам тээврийн хэрэг, осол гарах болсон шалтгаан нь MITSUBISHI CANTER маркийн 22-45 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гол замаар чигээрээ явж байсан Мустанг-150 маркийн 24-44 БУЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр 1.О.Төмөрбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 12.9 дэх заалт "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Жолооч О.Төмөрбаатарын жолоодож явсан MITSUBISHI CANTER маркийн 22-45 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 3.Жолооч О.Төмөрбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангилалын 022819 тоот эрхийн үнэмлэхтэй байна. 4.Осол болсон гэх 4 замын уулзварын мотоцикль явж байсан зорчих хэсэг нь /ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо/ гол замд хамаарна. 5.Зам тээврийн хэрэг, осол гарах болсон шалтгаан нь MITSUBISHI CANTER маркийн 22-45 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гол замаар чигээрээ явж байсан Мустанг-150 маркийн 24-44 БУЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19 тал/, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-56 тал сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 73-75 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтууд зэрэг хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Төмөрбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт зам тээврийн осол гаргаж иргэн Н.Баттүвшин, Ж.Доржсамбуу нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Ж.Доржсамбуу, хохирогч Н.Баттүвшин, гэрч Ч.Ганбат, Л.Тунгалаг нарын  мэдүүлэг, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч О.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар болон  түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Доржсамбуу, Н.Баттүвшин нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Төмөрбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

     Шүүх хуралдаанд хохирогч Ж.Доржсамбуу нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч О.Төмөрбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Төмөрбаатар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Осоржамцын Төмөрбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч О.Төмөрбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч О.Төмөрбаатар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч О.Төмөрбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН