Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00008/и |
Дугаар | 8 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигтын 22 дугаар байр 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, З овогт С.П-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 10-49 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО79012560, М овогт Ц.Б-д холбогдох,
Паарны үнэ 2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын иргэн Ц.Б нь 2015 оны 10 дугаар сард Улаангом сумын 3 дугаар багт баригдаж байсан иргэн С.П, С.М нарын хамтран барьсан барилгад сангийн материал нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн материалаас 2 давхрын С.П миний эзэмшлийн хэсэгт нийт 15 ширхэг турк паар нийлүүлсэн.Тухайн паарыг нийлүүлснийхээ дараа шүүхэд хандаж үнэлгээ хийлгэсэн уг үнэлгээгээр 6 ширхэг турк паар 140*50 см паар нэг нь 200.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг, 7 ширхэг турк паар 100*50 см нэг бүрийн үнэ 180 000 төгрөг,бүгд 1.260.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 90000 төгрөг, бүгд 90.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 70000 төгрөг, бүгд 70000 төгрөг, бүгд нийлээд 15 ширхэг паарыг 2.760.000 төгрөгөөр үнэлүүлсэн байгаа. Ц.Бгийн тухайн барилгад нийлүүлсэн паар нь нэг жил болохгүй хагарч цоорсон бөгөөд2 жил болоогүй байхад бүх паар нь цоорсон учраас бүгдийг нь солиод өөр паар тавьсан байгаа. Энэ талаар цаг тухай бүрт өөрт нь хэлж байсан. Энэ байранд манай 2 давхраас гадна 1, 3 давхрын бүх айлууд паараа сольсон байгаа.Ц.Б ч өөрөө 2016 оны 11 дүгээр сард 3 давхрын өөрийн эзэмшлийн байрныхаа пааруудыг сольсон. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар Ц.Б-с паарны үнэ нэхэмжилж байна. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар тухайн барилгад нийлүүлсэн материал, тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна гэж заасан байдаг бөгөөд иргэн Ц.Б-гийн нийлүүлсэн 2 давхрын бүх паарууд 2 жил болохгүй хагарч цоорч их хэмжээний ус алдаж барилгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, мөн иргэн надад эдийн засгийн их хэмжээний хохирол учруулсан учраас нийт 15 ширхэг турк паарны үнэ 2.760.000 төгрөгийг Ц.Б-гаас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нөхөр Нямсамбуугийн хамт иргэн С.П, С.М нарын хамтран барьж ашиглалтад оруулсан Улаангом сумын 3-р багт байрлах 16 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Бид анх 2015 оны 8 дугаар сард иргэн С.Мөнхбатын санал болгож, гуйснаар тус байранд хөрөнгө оруулалт хийсэн юм. Тухайн үед С.М нь манай нөхөр Н бид хоёртой ирж уулзан, санал тавихдаа "Барьж байгаа байрныхаа 1 давхар, 3 давхрыг ашиглалтад оруулмаар байна, хөрөнгө оруулалт хийж өгч туслаач" гэж гуйсан. Бид хоёр "Чи хамт барилга барьж байгаа эмэгтэйтэйгээ тохиролцоод ир, тэр хүн чинь өөрийн авсан 2 давхраа хамт ашиглалтад оруулж чадахгүй бол 1,3 давхарт хөрөнгө оруулсны хэрэг байхгүй" гэж хэлсэн. Гэтэл С.П нь өөрөө над руу утасдаад "Б чи эгчдээ хөрөнгө оруулсаар нь оруулаад өгөөч, надад энэ барилгыг ашиглалтад оруулах гэхээр 1000 төгрөг ч алга, танай нөхөр Н, М хоёр барилгын материал авах гээд хотод явж байгаа гэсэн, тэр хоёрт хэлээд миний дутуу материалыг авчруулаад өгөөч" гэж гуйсан. Ингэж гуйж байх үед байр авахаар урьдчилгаа өгөөд хохирсон гэх 5-6 хүн байсан бөгөөд тэр хүмүүстэйгээ С.П хурал хийж, өөрөө протокол хөтөлж, материалыг нь Ц.Б-гаар авахуулаад тооцоог нь хийж эхэлж зарагдаж Хорлоо гэдэг хүний байрны мөнгөнөөс өгье, Х-ийн байрыг барьцаалъя, Х мөнгөө өгөнгүүт би чамд материалын мөнгө, зурагны хагас мөнгө өгнө, чи материалын мөнгийг бүрэн гүйцэд өгчих" гэж хэлсэн. Ингээд С.П нь өөрөө С.М руу яриад 2 давхрын барилгын материалуудаа захисан. Харин манай нөхөр бид хоёр материалын үнийг С.М-д өгсөн. Өөрөөр хэлбэл С.М нь барилгын материалын дэлгүүрээс материал аваад тооцооных нь хуудсыг манай нөхөр Н-д өгч, түдэн төгрөг боллоо гэх тухай бүрт нь мөнгийг нь шилжүүлж байсан болохоос барилгын материал тэр дундаа нэхэмжлэлд дурдсан шиг турк паарыг бид сонгож авч нийлүүлээгүй юм. Тухайн үед би С.М-ыг ямар паар авч байгааг ч мэдээгүй, яг энэ үед би өөрөө Увсад байсан. С.П бид хоёрын хооронд барилгын материал нийлүүлэх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, сангийн материалыг бид нийлүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн түүнчлэн би М-ай тохирсон ёсоор тухайн байрнаас 3 байр авсан бөгөөд уг байрны паарнууд нь хэдийгээр сайн чанарын паар боловч манай нөхцөлд /ус нь хатуулаг ихтэй, давстай, их хэмжээний даралттай байсан/ тохирохгүй байснаас 1 жил ашиглагдаад хагарч ус алдаж байсан. Өөрөөр хэлбэл би мөн паарны хувьд хохирогч болсон тул паарыг нийлүүлсэн Мөнхбатад "Паар авсан хүндээ нөхцөл байдлыг танилцуулж, энэ паарыг буцаалгах талаар ярьж үзээч, бүгдээрээ энэ паарыг солъё" гэж хэлсэн. Үүнийгээ С.П-т ч мөн хэлсэн. Гэвч П, М хоёрын хэн нь ч хөдлөөгүй тул би өөрийн байрны паарыг сольж бас хохирсон. Намайг тухайн үед байрны пааруудыг буцаахыг шаардаж С.П-ын хүргэнийд ороход С.П нь намайг хөөж, нүүр нүдгүй зодсон. Тэрний сорви одоо ч миний биед байгаа. Харин С.М тухайн үед "Баясаа эгчээ энэ паарыг ашиглаад 1 жил өнгөрсон учраас надаас буцааж авахгүй байх" гэж хэлсэн. Ийм л юм болсон. Тэрнээс хойш бид уг паарыг ашиглан 2 өвлийг үзсэн. Нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлдээ "Барилгын тухай хуулиар тухайн барилгад нийлүүлсэн материал тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна" гэж заасан байдаг учраас иргэн Бгаас паарны үнэ нэхэмжилж байна гэсэн байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь би тухайн 16 айлын орон сууцыг захиалан бариулсан захиалагч этгээд биш бөгөөд барилгыг барих явц дундС.М-ын гуйснаар хөрөнгө оруулсан, С.П бид хоёрын хооронд сангийн материал нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, С.П-ын гуйлт, байр захиалагчдын хүсэлтээр дутуу материалд нь хөрөнгө оруулалт хийснээр сангийн материалиа С.П өөрөө С.М-тай ярьж захиалж аваад, материалыг үнийг надтай тооцож төлнө гэж л тухайн өдрийн хурлын протоколдоо тусгасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан паарны үнэ 2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар Ц.Б-гаас паарны үнэ нэхэмжилж байна. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-дзааснаар тухайн барилгад нийлүүлсэн материал, тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна гэж заасан байдаг учраас иргэн Ц.Б 15 ширхэг турк паарны үнэ 2.760.000 төгрөгийг хариуцаж төлөх ёстой гэж тодорхойлжээ.
Хариуцагч Би тухайн 16 айлын орон сууцыг захиалан бариулсан захиалагч этгээд биш бөгөөд барилгыг барих явц дунд С.М-ын гуйснаар хөрөнгө оруулсан, С.П бид хоёрын хооронд сангийн материал нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Нөхөр бид хоёр материалын үнийг С.М-д өгсөн. Өөрөөр хэлбэл С.М нь барилгын материалын дэлгүүрээс материал аваад тооцооных нь хуудсыг манай нөхөр Нямсамбууд өгч, түдэн төгрөг боллоо гэх тухай бүрт нь мөнгийг нь шилжүүлж байсан болохоос барилгын материал тэр дундаа нэхэмжлэлд дурдсан шиг турк паарыг бид сонгож авч нийлүүлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ц.Бгийн 16 айлын орон сууцны паарыг худалдан авах үйл ажиллагааг Ц.Б санхүүжүүлсэн гэх тайлбартай маргаагүй болно.
Нэхэмжлэгч С.П нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар Ц.Бгаас паарны үнэ нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч зохигчдын хооронд үүссэн маргаанаас үзэхэд уг харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь буюу захиалагчийн захиалгаар түүний болон өөрийн материалаар тодорхой ажил гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч зохих хөлс төлөх үүрэг бүхий гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үздэг тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн зүйлийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж зааснаар Ц.Б-гаас паарны үнэ 2.760.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэх боловч хариуцагч Ц.Б нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигч этгээдийн алинд нь ч хамаарахгүй байх тул паарны доголдлыг арилгахад гарсан зардлыг уг хуулийн заалтаар төлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, зохигчдын тайлбараас үзэхэд С.П нь барилга барихад Ц.Б-г 15 ширхэг паар нийлүүлсэн буюу худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан гэж үзэн доголдолтой паар нийлүүлсэн тул сольсон паарны үнийг нэхэмжилж маргаан үүсгэсэн байна. Хэргийн үйл баримтын хувьд С.П, С.М нарын бариулсан гэх 16 айлын орон сууцны паарыг худалдан авах үйл ажиллагааг Ц.Б санхүүжүүлснээс өөрөөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд паар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.П-ын паарны үнэ 2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 59.110 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Пын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-д холбогдох паарны үнэ 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.П нь улсын тэмдэгтийн хураамж 59.110 /тавин есөн мянга нэг зуун арав/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ