Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2018/00019/и |
Дугаар | 19 |
Огноо | 2018-01-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА85060611, Т овогт Б.А-гийн,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирал С.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, гэрч Т.А, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1985 онд Баруунтуруун суманд төрсөн, ам бүл 5, аав, ээж, ах дүүгийн хамт амьдардаг. Би 2003 онд Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар Ховд аймагт, тухайн үеийн МУИС-ийн салбар сургуульд нийгмийн ажилтны ангид элсэн орж, 2007 оны 06 дугаар сард Ховд их сургууль нэртэй болсны дараа 4 жил суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд төрөлх нутаг, Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд нийгмийн ажилтнаар ажиллах боломж гарч 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, нийгмийн ажилтны "Ахлах" зэрэгтэйгээр Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан болон нийгмийн ажилтны мэргэжилтний ёс зүйг чанд баримтлан ажиллаж ирсэн. Дээрх хугацаанд сургуулийн онцлогт нийцсэн "Хүүхэд хөгжлийн хөтөлбөр", "Авьяас хөтөлбөр", "Хүүхдэд ээлтэй сургууль"-ийн хөтөлбөр зэргийг боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд манай суруулийн сурагч бүр 3-аас доошгүй төрлийн секц дугуйланд хамрагдан авьяасаа нээн хөгжүүлж, аймгийн Засаг даргын нэрэмжит "Авьяас" уралдаанд тогтмол тэргүүн болон эхний байруудад шалгарч байсан билээ. Мөн "Хүүхдэд ээлтэй сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь аймгийн хэмжээнд Боловсрол соёлын газраас зохион байгуулсан шинэ бүтээл, оновчтой санаа уралдаанд тэргүүн байрт шалгарч, шинэлэг санаануудыг нь одоо ч манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа билээ. Миний бие нь дээрх хөтөлбөрүүдээс гадна сургуулийн орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл санаачлан бичиж хэрэгжүүлж байсан билээ. Тухайлбал, 2008 онд 13,7 сая төгрөгийн Шинэ дотуур байрыг "хатуу зөөлөн эдлэл"-ээр хангах төсөл, "Ногоон сургууль төсөл", "Хүндэтгэлийн танхим байгуулах" төсөл, "Секц дугуйланд хэрэглэл материал худалдан авах" төсөл, "Сурагчдын хөдөлмөр амралтын зуслан байгуулах" зэрэг олон төслүүдийг боловсруулан сум, сургуулийн удирдлагуудтайгаа хамтран амжиллтай хэрэгжүүлсэн. Мөн сурагчдын эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа, тооцоо хийж ажилласан нь зохих үр дүнд хүрсэн байдаг. Миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний "90 жилийн ойн медаль", Хүүхдийн төлөө үндэсний газрын "Хүүхдийн төлөө", "Хүүхдийн анд" медалиудаар шагнаж байсан бөгөөд байгууллага, хамт олон дотроо өөрийн гэсэн байр суурьтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ирсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай хамт олон Монголын багш нарын баярын өдрийг угтан тэмцээн уралдаан зохион явуулж байсан бөгөөд энэ үед, хичээлийн цагаар 12, 11 дүгээр ангийн сурагчид хоорондоо зодолдсон зөрчил гарч, уг хэргийг тус сумын Цагдаагийн хэсэг шалгасан. Миний бие тухайн үед тэмцээн зохион байгуулах ажилд оролцож явсан бөгөөд тэр үе нь хичээлийн цаг байсан. Сурагчдын дунд гарсан зөрчилд миний бие өөрийн зүгээс маш их харамсаж байгаа боловч сургуулийн захирал С.П 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар намайг дээрх үйл явдалтай холбогдуулан "Бага, дунд боловсролын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм. Миний бие өөрийн хариуцсан ажлын хүрээнд жил бүр ажлын төлөвлөгөө гаргаж батлуулан ажилладаг бөгөөд хичээлийн бус цагаар хүүхдүүдтэй тулж ажиллаж, хүмүүжлийн ажлын чиглэлээр зөвлөгөө өгч, хамтран ажиллаж ирсэн. Тухайн зөрчил гардаг өдөр, цаг хугацаа нь хичээлийн цаг байсан бөгөөд хичээлийн цагаар хүүхдүүдийг тухайн хичээл заах багш болон сургалтын үйл ажиллагааг бүрэн хянах үүрэгтэй сургалтын менежер харгалзах учиртай. Иймд миний бие шууд ажлаас халсан тус сургуулийн захирлын тушаалыг хууль бус, хувийн өс санаж, төрийн албан хаагч миний эрхийг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирал С.П-г тус сургуулийн захирлаар анх томилогдон ирэхэд манай хамт олон мэргэжлийн болон удирдах ажилтны ямар ч мэдлэг, чадваргүй гэж үзэн аймгийн Засаг даргад өргөх бичиг барьж байсан бөгөөд энэхүү үйл явдлаас улбаалж уг өргөх бичгийг явуулахад голлон оролцсон намайг болон бусад багш, ажилтнуудыг ялгаварлан гадуурхах, шахаж, дарамтлах тохиолдол цөөнгүй гарч байсныг хамт олон нотолно. Ажлаас халсантай холбогдуулан тус сургуулийн Үйлдвэрчний эвлэл, хамт олны хурал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж нийгмийн ажилтанг ажилд эргүүлэн авах санал гаргасан боловч сургуулийн захирал хамт олныг "Аймгийн Засаг даргад явуулсан бичгээ буцааж ав, намайг дэмжсэн гарын үсэг цуглуулж өгвөл Б.А-г ажилд нь эргүүлэн авч болох агуулгатай төрийн албыг хувийн ашиг сонирхлоороо харж, барьцаалсан байдалтай ёс зүйгүй үйлдэл гаргасан нь манай хамт олны дургүйцлийг хүргэх болсон. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болсон үйл явдалтай холбоотойгоор хамт олны 20 орчим багш, ажилтнуудад хариуцлага тооцон оруулж ирсэн боловч авах шийтгэлийн арга хэмжээг ихэнхийг нь бууруулсан боловч нийгмийн ажилтан зэрэг зарим хүмүүст ялгавартай хандаж шийтгэлийн арга хэмжээг бууруулахгүйгээр ажлаас халсан нь хувийн өс хонзонгоор хандсан гэж харах үндэслэлтэй юм. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон сурагчдын зөрчлийн асуудал нь сургуулийн захирал, сургалтын менежерүүд "Захирлын дэргэдэх зөвлөл"-ийг хуралдуулахгүйгээр, 30 минутаар хичээллүүлэх хууль бус шийдвэр гаргасан, мөн багш нарын ажлын ачааллыг тооцоолж ажлаа төлөвлөж, хяналт тавьж чадаагүй зэргээс сургалтын үйл ажиллагаа эмх цэгцээ алдаж, хэрэг зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн байдаг. Гэтэл эдгээр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагаас зугтаж, захирлын хувьд аймгийн Засаг дарга хамт олны удаа дараагийн хүсэлтийг үндэслэн өөрийг нь ажлаас чөлөөлөх болсныг сургуулийн хамт олонд мэдэгдсэн байхад, үүгээр далимдуулан өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа нэр зүүж, эргэж сургуульд ямар нэгэн албан тушаалтай үлдэх, сургалтын менежерийн хувьд 1 сарын цалингийн 20%-иар торгуулах шийтгэл оноосон зэрэг нь үнэхээр шударга бус байна. Үүнээс дүгнэхэд сургуулийн захирал, менежер тэргүүтэй хэсэг хүмүүс зөвхөн нийгмийн ажилтан энэ үйл явдалд буруутай байсан гэж эцэг эхчүүд, сурагчид, сумын ард иргэдэд ойлголт төрүүлэх гэсэн башир заль гаргаж байгаа нь тодорхой байна. С.П захирал Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд миний бие хөдөлмөрийн гэрээний тус зүйл заалтад заасан ёс зүйн зөрчил гаргаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил гаргаж байгаагүй ба ямар нэг нотлох баримтгүйгээр гүтгэж, хууль бус тушаал гаргаж, төрийн албан хаагч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн юм. Иймд тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, төрийн албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрхийг сэргээж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч С.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн ажилтан Б.Аг захирлын Б/09 тоот тушаалаар нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтоо хангаж ажиллаагүйн улмаас ажлаас чөлөөлсөн. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12б бүлэг, 11-р ангиудын хооронд зөрчил гарч 11-р ангийн 6 сурагчийн хэнгэрэг цоорч, 12б ангийн 8 сурагч шүүхээр 1-2 жилийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл авсан. Тухайн өдөр гарсан зөрчлийн талаар сурагчдын тайлбарыг сонсоход нийгмийн ажилтан Б.А нь сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн хүүхдүүдэд хандан, тамхи татдаг хүүхдийг судлах, тамхины хор уршгийг тамхи татаж буй хүүхдүүдэд таниулахыг зөвлөлийн сурагчдад даалгасан байна. Үүнээс улбаалж 12б бүлгийн хөвгүүд 11-р ангийн хөвгүүдэд тамхины хор уршгийг таниулах яриа хийхээр ангидаа оруулсан. Угтаа бол нийгмийн ажилтан өөрөө сурагчидтай уулзаж яриа таниулга хийх, тэдгээрт зөв мэдээлэл өгөөгүй, ойлгуулаагүйн улмаас сурагчдыг үл ойлголцолд хүргэсэн нь хүүхдүүдийн ярианаас тодорхой байгааг тэдний мэдүүлгээс харж болно. Уг сурагчдын зөрчилдөөний улмаас хохирсон хүүхдүүдийг аймгийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг сургуулийн захирал миний бие бусад эцэг эхчүүдтэй зөвшилцөн нийгмийн ажилтныг сурагчидаа авч явах үүрэг өгсөн боловч, уг зөрчлийг үл тоон ажлаа хийгээгүйн улмаас 11б ангийн багш Ц.А-д хариуцуулан сурагч, эцэг эхийн хамт явуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаангомоос цагдаагийн төлөөлөгчид Баруунтуруун суманд ирж 11, 12-р ангиудын сурагчдаас тайлбар мэдүүлэг авахад сурагчдын эрхийг хамгаалах үүрэгтэй сургуулийн нийгмийн ажилтан хувийн ажлаа хийгээд ирээгүй. Ийнхүү хариуцсан ажлаа хийхгүй сурагчдын эрх үүргийг таниулах мөрдүүлэх, сургалт хүмүүжлийн өөрт ногдсон ажилдаа хариуцлагагүй хандсанаас сурагчдын хэв журам алдагдаж ёс зүйн доголдолтой үйлдэл гарсаар байгаа нь нийгмийн ажилтан Б.А-г цаашид ажлаа хийх сэтгэл зүтгэлгүй болсныг харуулж байна. Тус сургуулийн захирал Т.Э нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ шинэчилж байгуулсан бөгөөд миний бие 2016 онд захирлаар томилогдоход уг хөдөлмөрийн гэрээнүүдийг хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан ба түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан. Бага ангийн багш Б.Ц, З.Ц, М.Б, Б.Н, Б.А нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4.1-д ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгасан байгаа. Б.А-гийн гэрээ мөн адил байсан. Б.А нь ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн учир ноцтой зөрчил болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь үндэслэлтэй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гэрч Т.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Б.А-г архи уусан байсан гэж үзэж байна. Манай сургууль дээр болсон сурагчдын асуудлаас болж эцэг, эхчүүд бухимдлаа илэрхийлж байх үед бид айж сандарсан байдалтай байсан бөгөөд Б.А-г хайсан. Тэгэж байтал удалгүй Б.А ирсэн бөгөөд эхэндээ гайгүй байсан бөгөөд сүүлдээ нүүр царай нь улайсан байдалтай эцэг, эхчүүд рүү элдэв зүйл ярьж эхэлсэн. Тэгээд би Б.А-г архи уусан болохыг нь мэдсэн” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд холбогдуулан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хо йш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “С.П захирал Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд миний бие хөдөлмөрийн гэрээний тус зүйл заалтад заасан зөрчил гаргаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй ба ямар нэг нотлох баримтгүйгээр гүтгэж, хууль бус тушаал гаргаж, төрийн албан хаагч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Б.А хариуцсан ажлаа хийхгүй сурагчдын эрх үүргийг таниулан мөрдүүлэх, сургалт хүмүүжлийн өөрт ногдсон ажилдаа хариуцлагагүй хандсанаас сурагчдын хэв журам алдагдаж ёс зүйн доголдолтой үйлдэл гарсаар байгаа нь нийгмийн ажилтан Б.Аг цаашид ажлаа хийх сэтгэл зүтгэлгүй болсныг харуулж байна. Б.А нь ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн учир ноцтой зөрчил болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь үндэслэлтэй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.А нь 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн Б.А-г 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд болсон зөрчилтэй холбогдуулан нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн байх боловч шүүх хуралдаанд ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг баримталж байгаа тохиолдолд тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан захирал нь дараах эрхтэй гэсэн заалтыг давхар баримтлах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч талаас ирүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирал, нийгмийн ажилтан Б.А нарын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд 5.4.1 гэх заалт байхгүй бөгөөд хариуцагч нь “Тус сургуулийн захирал Т.Э нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ шинэчилж байгуулсан бөгөөд намайг 2016 онд захирлаар томилогдоход уг хөдөлмөрийн гэрээнүүдийг хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан ба түүнийг ажлаас чөлөөлөгдөх тушаал гаргах үед түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан. Бага ангийн багш Б.Ц, З.Ц, М.Б, Б.Н, Б.А нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4.1-д ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгасан байгаа. Б.А-ийн гэрээ мөн адил байсан. Иймд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь Б.А-г ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д заасныг баримталсан нь учир дутагдалтай, бага ангийн багш Б.Ц, З.Ц, М.Б, Б.Н, Б.А нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж адилтгаж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Б.А нь хэрэгт авагдсан баримтаар ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байх бөгөөд гэрч Т.Алтанцэцэгийн “Б.А ажлын байранд архи уусан байсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг нь өөр баримтаар тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэлийг хангасан тохиолдолд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аг Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Б.А-г Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ