Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ73122004, Т овогт Б.Ц-ын,

Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

Тус төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар “Ажлаас нь түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, унааны зардал 128.000 төгрөг, төрийн албан хаагчдад олгож буй тэтгэмж 300.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 төгрөг, нийт 4.659.000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Ц, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1995 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуулийг бага эмч, сувилагч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд 17 жил ажилласан бөгөөд 1 жил эх баригч эмчээр, 12 жил ээлжийн сувилагч, сүүлийн 4 жилд нь ахлах сувилагчаар тус тус ажилласан. 2016 оны 2 дугаар сард ахлах сувилагчийг бүтэц орон тооны өөрчлөлтөд оруулсан бөгөөд 2016 оны 7 дугаар сард нийгмийн ажилтан тэтгэвэрт гарахад уг орон тоон дээр намайг оруулна гэсэн боловч дарга албан тушаалаа ашиглан эмийн санч мэргэжилтэй хүнийг сургалтад явуулж танил талаа харж үндэслэлгүйгээр ажилд авсан. Улмаар миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн ярьсны дагуу мэргэжил дээшлүүлэх Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургалтад явсан бөгөөд намайг сургалтад явсны хойгуур 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаал гаргаж намайг ажлаас халсан байна. Би уг тушаалыг мэдээгүй бөгөөд Улаанбаатар хотод сургалтад сууж ирээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тушаалаа гардаж аваад шүүхэд хандсан. Тус тушаалд намайг чөлөө зөвшөөрөлгүй сургалтад явсан гэж бичсэн байсан. Миний бие нь сургалтад чөлөө зөвшөөрөлгүй яваагүй, тухайн үед дарга З.Ц амралттай байсан тул ажлыг нь орлож байсан Б.Г-д чөлөө хүсэх тухай өргөдлөө өгсөн бөгөөд мөн сумын Засаг даргад мэдэгдээд явсан. Иймд Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож, сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, унааны зардал 128.000 төгрөг, төрийн албан хаагчдад олгож буй тэтгэмж 300.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 төгрөг, нийт 4.659.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв. 

Хариуцагч З.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Малчин  сумын Эрүүл мэндийн төв 2017 онд сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын захиалга өгөөгүй бөгөөд Б.Ц-ыг сургалтад явахыг би зөвшөөрөөгүй. Учир нь сумын эмнэлэгт мобайл технологи төсөл хэрэгжиж байсан тул компьютерт шивэлт хийх ажил гарсан бөгөөд уг ажлыг хийж байсан тус төвийн халдваргүйтгэгч бага эмч Улаанбаатар хотод сургалтад явах болсон тул 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Б.Ц-ыг  халдваргүйтгэгч бага эмчээр ажилла гэж хэлсэн. Гэтэл дур мэдэн сургалтад явсан. Манай байгууллага  сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын захиалга өгөөгүй. Мэргэжил дээшлүүлэх сургалтад явахыг миний бие зөвшөөрөөгүй. Мөн Б.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлсэн  1 сарын хугацаатай сургалт 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай явсныг ойлгохгүй байна. Малчин сумын Эрүүл мэндийн төвийн ажлыг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн удирдах эрх байхгүй. Харин туслан зөвлөх эрхтэй гэж би боддог. Б.Ц нь зөвшөөрөлгүй ажлаа хаяж явсан тул түүний  9 сард ажилласан 6 хоногийн цалинг өгөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар ажлаас нь түдгэлзүүлж, цалингийг нь зогсоосон. Тус тушаал ажлаас нь түдгэлзүүлэх тухай гэж гарсан боловч Б.Ц-ыг  ажлаас чөлөөлсөн гэж ойлгож болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар “Ажлаас нь түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгон, ахлах сувилагийн ажилд эгүүлэн тогтоож, сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, унааны зардал 128.000 төгрөг, төрийн албан хаагчдад олгож буй тэтгэмж 300.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 төгрөг, нийт 4.659.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн ярьсны дагуу мэргэжил дээшлүүлэх Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургалтад явсан бөгөөд намайг сургалтад явсны хойгуур 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаал гаргаж намайг ажлаас халсан байна. Миний бие уг тушаалыг мэдэхгүй байж байгаад Улаанбаатар хотод сургалтад сууж ирээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардаж аваад шүүхэд хандсан. Би уг тушаалыг мэдээгүй бөгөөд Улаанбаатар хотод сургалтад сууж ирээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тушаалаа гардаж аваад шүүхэд хандсан. Миний бие нь сургалтад чөлөө зөвшөөрөлгүй яваагүй, тухайн үед дарга З.Ц амралттай байсан тул ажлыг нь орлож байсан Б.Г-д чөлөө хүсэх тухай өргөдлөө өгөөд мөн сумын Засаг даргад мэдэгдээд явсан” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Б.Ц нь чөлөө зөвшөөрөлгүй ажлаа хаяж явсан тул түүний  9 сард ажилласан 6 хоногийн цалинг өгөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар ажлаас нь түдгэлзүүлж, цалингийг нь зогсоосон. Тус тушаал ажлаас нь түдгэлзүүлэх тухай гэж гарсан боловч Б.Ц-ыг  ажлаас чөлөөлсөн гэж ойлгож болно” гэж маргаж байна.

 

Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.Ц-ыг тус төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар “Ажлаас нь түдгэлзүүлэх тухай” тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч “Ажлаас нь түдгэлзүүлэх тухай” тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 заалтыг үндэслэн гаргасан бөгөөд Б.Ц-ыг эрхэлж байсан албан тушаалаа орхин, дур мэдэн зөвшөөрөлгүй сургалтад явсан гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасан бөгөөд “ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх” үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж болохгүй юм. Цагдаа болон прокурорын байгууллага зэрэг эрх бүхий этгээдийн шийдвэр нь хэлбэрийн хувьд заавал хууль тогтоомжид үндэслэсэн байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч Б.Цын хувьд дээрх нөхцөл байдал үүсээгүй байна.

Мөн хариуцагч нь “Б.Ц нь чөлөө зөвшөөрөлгүй ажлаа хаяж явсан тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Ц нь эрхэлж байсан албан тушаалаа орхин, дур мэдэн чөлөө, зөвшөөрөлгүй сургалтад явсан болох нь тогтоогдохгүй байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.

Гэтэл  хариуцагч нь эрхэлж байсан албан тушаалаа орхин, дур мэдэн зөвшөөрөлгүй сургалтад явсан гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Б.Ц-ыг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл түүнийг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн заалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй байна.

Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар тушаалаас үзэхэд Б.Ц-ыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримталж ажилтныг ажлаас нь чөлөөлдөг болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэлийг хангасан тохиолдолд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь эрхэлж байсан албан тушаалаа орхин, дур мэдэн зөвшөөрөлгүй сургалтад явсан гэх үндэслэлээр Б.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн учир энэхүү хугацаанаас хойшхи цалинг сургалтад явсан хугацааны цалин гэж гаргуулах боломжгүй юм. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа сургалтад явсан хугацааны цалин бус ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардах эрхтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ц-ыг дээрх үндэслэлээр ажлаас халаагүй байх тул түүнд ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 төгрөг олгох үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь сургалтад явсан унааны зардал 128.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлоогүй, уг зардлыг хэн хариуцах байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгчийг Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн даргын хууль бус тушаалаар ажлаас халсны улмаас түүнд төрийн албан хаагчдад олгож буй урамшуулал 300.000 төгрөг олгоогүй байх тул уг урамшууллыг түүнд олгох нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Б.Ц-ыг Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс төрийн албан хаагчдад олгож буй урамшуулал 300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, унааны зардал 128.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 төгрөг, нийт 4.359.539 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгч нь 4.659.000 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа 89.494 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 300.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Б.Ц-ыг Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс төрийн албан хаагчдад олгож буй урамшуулал 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сургалтад явсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.115.000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, унааны зардал 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.116.539 /хоёр сая нэг зуун арван зургаан мянга таван зуун гучин ес/ төгрөг, нийт 4.359.539 /дөрвөн сая гурван зуун тавин есөн мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.494 /наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 9650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ