Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2018/00031/и |
Дугаар | 31 |
Огноо | 2018-01-15 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-12 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО68091577, Б овогт Д.Б-ын,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.356.465 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Ч.П, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 6 дугаар сард Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт няраваар ажилд орж, ажил үүргээ сайн гүйцэтгэж ажиллаж байсан. Гэтэл дарга Н.У намын үзэл бодлоор 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/36 тоот тушаалаар ажлаас халсан. Улмаар би шүүхэд хандаж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 329 дүгээр шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдож, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орсон. Гэвч ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 2 дугаар сарын 13-наас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 3 сарын цалин нийт 1.356.465 төгрөгийн цалингаар хохирсон. Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Быг ажлаас халах шийдвэрийг би гаргаагүй, өмнөх дарга гаргасан. Тиймээс ямар асуудал үүссэнийг би сайн мэдэхгүй байна. Д.Б-ын 3 сарын цалин 1.356.465 төгрөгийг 2018 оны төсөв батлагдсаны дараа ирсэн учраас төлөх боломжгүй. Манай байгууллагын цалингийн санг тухайн сард нь ажилтны тоогоор, олгох цалингийн хэмжээг л төсөвт суулгаж өгдөг. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин нь өнгөрсөн оны төсөвт тусгагдаагүй тул олгох боломжгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.356.465 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр Д.Б-ыг Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын нярав, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Д.Б-ыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын нярав, үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар “Д.Б-ыг ажилд авч ажиллуулах тухай” тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ”Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь Д.Б-ыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авсан бөгөөд энэхүү хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг тоолох ба нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг 6 сар 15 хоногоор хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.356.465 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.356.465 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ