Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Хохирогч Л.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 2023000000065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн сумын багт оршин суух, урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч П.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч П.******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутагт байрлах голын эрэг дээр Л.*******ыг өшиглөх, гараараа цохих зэргээр зодох явцдаа түүнд “давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн цус хуралт” бүхий гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 000000157 дугаартай “...Иргэн Л.*******ын биед давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн шингэн цус хуралт, дагзны баруун талд хуйханд, зүүн далны доод хэсэгт, зүүн шууны дунд хэсэгт, баруун долоовор хурууны арын үений хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны баруун талд хуйханд, зүүн далны доод хэсэгт, баруун шууны дунд хэсэгт, баруун долоовор хурууны арын үений хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/-ээр хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Л.*******ын эрүүл мэндэд учирсан дээрх хүнд хохирлыг шүүгдэгч П.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогч Л.*******ын өгсөн: “...Тухайн өдөр болсон үйл явдал бол сая прокурорын яллах дүгнэлтэд уншиж танилцуулсан зүйлүүд л болсон. Тэр өдөр би голын зах дээр О., буюу М.бид гурав архи уусан. Тэгээд би архиндаа согтоод нэг хэсэг тасраад ухаан ортол О. байхгүй тэгээд танихгүй хоёр хүн ирсэн дөрвүүлээ сууж байсан. Тэгтэл энэ П.******* гэнэт ахыгаа дууд гээд намайг зодож эхэлсэн. Тэр С. гэдэг гэрчийн мэдүүлэг үнэн. Миний энэ таяг ингээд гулзайчихсан байгаа юм. Намайг таягаар юу юугүй нүдээд алах гээд байхаар нь би таягаа өөрөөсөө холдуулж шидсэн. Би хөл муу болохоор хажуулдаад хэвтэж байхад П.******* эхлээд миний нүүр рүү шууд хөлөөрөө тийрсэн. Тэгээд дээрээс дэвсэж өшиглөсөн. Би үхэх гээд аргаа бараад тэнд явж байсан хүүхдийн утсыг гуйж яриад тусламж дуудсан. Надад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд П.******* надад 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг өгсөн. Одоо үлдсэн хохирол болох 1,300,000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч П.*******ы өгсөн: “...Л.*******ыг тухайн өдөр би зодсон. Надад хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Л.*******ын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр , бид гурав Баазын урд талын голын зах дээр архи уугаад сууж байтал эхнэр, нөхөр хоёр гээд 2 хүн цуг ирсэн. Тэгээд би хэсэгхэн зуур архи уугаад согтсон ухаангүй байж байгаад нэг сэрсэн чинь , тэр эхнэр, нөхөр бид 4 үлдсэн яваад өгсөн байсан. Тэгээд байж байтал тэр эхнэр нөхөр хоёрын нөхөр нь “Танай дүү намайг цохичихлоо чи дүүгээ олж өг” гээд байж байснаа гэнэт босож ирээд нүүр рүү өшиглөчихсөн . Би “чи өөрөө утсаар нь залгаж ярихгүй юу” гэж хэлсэн чинь босож ирээд зүүн талын нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би нүдээ дараад доош хараад хэвтсэн. ...Тэгж байгаад нөхөр нь өмсөж явсан бакал гутлаараа баруун бөөрөн тушаа өшиглөж дэвссэн. Тэгээд бие эвгүй болоод явчихсан. Тэгээд би эргээд харсан чинь нөхөр нь нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би үхлээ ш дээ болиоч гэж хэлээд босоод өндийгөөд суутал элэг рүү өшиглөөд тэр эрчинд нь би дээш хараад унатал дээрээс давсган дээр дэвссэн тэр хооронд яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх –ийн 48-52 дугаар/ хуудас - Гэрч С.гийн өсгөн: “...Тэр газар хэвтэж байсан хүнийгээ тэр эрэгтэй нь очоод өшиглөөд дэвсээд байх шиг байсан. Бас гялс гялс гээд нэг юм харагдаад байсан. Бодвол тэр хүн таягтай байсан тэр таягаар нь цохисон юм болов уу. ...Бас тэр эмэгтэй нь очоод босгох гээд татаад босохгүй болохоор нь цагаан өнгийн бүс бололтой юмаар ороолгоод байх шиг байсан.” гэх мэдүүлэг /ххийн 58 дугаар хуудас/, - Гэрч П.гийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед би Баазын голын зах дээр машинтайгаа яваад очсон ******* голын эрэг дээр хэвтчихсэн наана нь хоёр цагдаа эмнэлэгт дуудлага өгчихлөө гээд байж байсан. Тэгээд би ыг очоод харсан зүүн талын нүд хавдаж цус гарчихсан, өмдний бэлэг эрхтний урд хэсгийн өмд цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх –ийн 59-60 дугаар хуудас/, - Гэрч М.ийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал ******* над руу утсаар яриад үүдэн дээр чинь ирчихсэн байна гараад ир гэсэн. Тэгээд гэрээсээ гарсан чинь ******* дүүгийнхээ хамт хүрээд ирсэн байсан. Тэгээд Баазын урд талын голын зах дээр очоод тэнд гурвуулаа нэг шил Соёрхол нэртэй 750 граммын архи хувааж уусан. Тэгээд байж байтал бид нар дээр эхнэр, нөхөр хоёр ирсэн. Тэгээд тавуулаа нийлээд дахиад нэг шил архи уусан. ...Тэгээд сууж байтал ******* эхнэрийнхээ хамт ******* руу “Дүү чинь намайг зодчихлоо” гээд дайраад *******ыг нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд ******* нүүрээ дараад доош хараад унасан. Тэгээд дахиад зодох гээд дайрахаар нь би нөхрийг нь барьж аваад хориглоод “Болохгүй наад хүн чинь бие муутай хөл гар нь хугархай” гээд хориглосон. Тэгээд хориглож байгаад овоо хүмүүс тайвшраад салаад явахаар нь би хэсэг сууж байгаад *******ыг явах уу гэж хэлсэн чинь ******* би явахгүй жоохон хэвтэнэ гэсэн тэгэхээр нь би гэр рүүгээ шууд яваад өгсөн. Намайг явахад ******* эхнэрийн хамт *******ын хажууд үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, - Шүүгдэгч П.*******ы өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би эхнэр ын хамт Баазын урд талын голын эрэг дээр ширгэн дээр сууж байсан. Бид хоёрын дээхэн талд гурван залуу нилээн согтуу архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь манай эхнэр тэр хүмүүс дээр очоод тамхи асаах гээд очсон. Араас нь би яваад очсон. Тэгсэн намайг нэг залуу нь таниад “Өө ах байна ш дээ, наашаа суу” гээд Хараа нэртэй 750 граммын архи талдаа хүрсэн байсан. Тэгээд тэрнээс нь бүгдээрээ хуваагаад уусан. Тэгсэн тэнд байсан гээд залуу нь “Танай авгайг ганц шаачихъя боов гозойгоод байна” гэсэн. Бас тэр хөл муутай таягтай ******* гээд байгаа залуу нь “Би бас авгайг чинь шаачихсан ч яах уу гээд” байсан. Тэгээд байж байтал архи дуусаад би тэр залуугийн урдаас “Чи юу яриад хүний эхнэртэй унтах юм яриад байгаа юм. Намайг доромжлоод байгаа юм уу” гэсэн чинь босож ирээд намайг архины шилээр толгой руу нэг удаа цохисон. Тэгээд мөр рүү өшиглөсөн. Тэгээд эхнэрийг бас нүүр рүү нь өшиглөөд зодчихоод яваад өгсөн. Тэгээд байж байтал тэнд байсан гацаа гээд залуу “Ёстой муухай юм боллоо” гээд надад нэг шил архи дэлгүүрээс авч ирж өгсөн. Тэгээд тэр архийг нь хувааж ууж дуусаад манай эхнэр тэр таягтай ******* гээд залууг энэ намайг доромжилсон гээд бүсээрээ ороолгосон. Би бас хажуугаар нь очоод “Чи дүүгээ олж ир танай дүү чинь архины шилээр цохичихлоо” гээд *******ыг нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн бас гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд яваад өгсөн. ирээд нэг шил архиа хувааж уучихаад яваад өгсөн. Тэгээд манай эхнэр тэр таягтай залуу бид гурав үлдсэн. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. ...Би гараараа цээж рүү нь нэг цохиод гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг тэгж өшиглөхөд ******* босоо байсан. нэг нүүр рүү нь цохисон. Манай эхнэр бүсээрээ ороолгоод байсан. Өөрөөр зодсон юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч П.*******ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.*******ы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Л.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч П.*******аас нэхэмжлэх эрхтэй. Хохирогч Л.******* нь “...Гэмт хэргийн улмаас нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч П.******* 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн. Одоо үлдсэн 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна.” гээд шүүхэд 1,238,200 /нэг сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд үлдсэн хохирлын талаар ямар нэгэн нотлох баримтгүй байна. Үүнээс шүүх 11,400 /арван нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн эмийн бүтээгдэхүүн авсан баримтыг үнэлэх боломжтой байна. Харин Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн санхүүгийн тэмдэг бүхий 1,226,800 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийн баримтыг шүүх хуульд заасан нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл уг хохирлын талаарх нэхэмжлэл нь чухам ямар зардалд хэдэн төгрөгийн төлбөр гарсан гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь хохирогч Л.*******ыг эмчлэхэд хэдэн төгрөгийн ямар эм, тариа болон бусад зардал орсон гэдгийг нарийвчлан задалж хохирлын тооцоог гаргаж тогтоох нь хуульд нийцнэ. Иймд хохирогч Л.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нэхэмжлэл бүхий 1,226,800 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирлын баримт болон бусад нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу цуглуулж шүүгдэгч П.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч П.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч П.******* урьд нь 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сум дундын 12 дугаар шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна. Энэ нь түүний “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 87-96 дугаар хуудас/ Шүүгдэгч П.******* нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгч нь бусдыг өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Л.******* болон шүүгдэгч П.******* нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Иймд шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Л.*******од учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч П.*******д хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.******* нь хохирогч Л.*******од 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төслнийг дурдаж, хохирогч Л.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******аас нэхэмжилсэн 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 6. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.*******д энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ