Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И Н Е Г-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 272.833.421 /хоёр зуун далан хоёр сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.      

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Манай компани нь ИНЕГ-тай 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЖМ-11/922 тоот “Орон нутгийн буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний 2.1-т ИНЕГ-ын харьяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Тосонцэнгэл, Алтай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймгуудын нисэх онгоцны буудлуудыг ИНЕГ-тай шилэн кабелиар холбож нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг “Жи Мобайл Нэт” ХХК нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, 6.2-т Шилэн кабелийн нэгдсэн сүлжээ байгуулахад гарсан зардлыг ИНЕГ нь 10 жилийн хугацаанд улирал бүр хуваан төлж, өмчлөлдөө шилжүүлж авна гэж тохиролцсон. Эдгээр 10 аймгуудын нисэх онгоцны буудлаас эхний ээлжинд сүлжээ оруулах боломжтой байсан Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Завхан зэрэг нийт 6 аймгуудын нисэх онгоцны буудлууд болон ИНЕГ-т шилэн кабель татаж, төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглахад бэлэн болгож 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус ажлыг актаар хүлээлгэн өгсөн. Гэвч ИНЕГ нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир дээрх 6 аймгуудын нисэх онгоцны буудлуудыг сүлжээгээр холбоход гарсан зардлуудыг нэхэмжилж байна. ЖМ-1Т/922 тоот гэрээний дагуу ИНЕГ-ын орон нутгийн нисэх онгоцны буудлуудад сүлжээ оруулахад шилэн кабель татсан ажлын хөлс 36.600.000, шилэн кабелийн үнэ 18.070.000, баганын ком үнэ 20.400.000, баганын тоног үнэ 2.550.000, төгсгөлийн төхөөрөмжүүдийн үнэ 3.560.000, кабель тээвэрлэлтийн хөлс 3.855.213,68, нийт 85.05.613,68 төгрөгийн зардлуудын тооцоо гарсан. ЖМ-11/922 тоот гэрээний дагуу 6 аймгийн нисэх буудлууд болон ИНЕГ-ыг сүлжээ оруулахад манай компаниас 85,035,613.68 төгрөгийн зардал гарч, сүлжээг ИНЕГ-т хүлээлгэн өгсөн боловч уг сүлжээг хүлээн авснаасаа хойш гэрээний Хавсралт 1-д заасан төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхөөс зайлсхийж байгаа болно. Иймд ЖМ-11/922 тоот гэрээний 6.5, 6.6-д заасныг үндэслэн гэрээний 6.3-т зааснаар сүлжээг актаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш үйлчилгээний төлбөрүүдийг сар бүр төлөх сүлжээ байгуулах зардалтай хамт 2015 оны 5 сар хүртэл тооцож ИНЕГ-аас нэхэмжилж байна. ЖМ-11/922 тоот гэрээгээр сүлжээ оруулсан нисэх онгоцны буудлуудын сар бүр төлөх үйлчилгээний төлбөр нь Баянхонгор, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Завхан, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Тосонцэнгэл, Говь-Алтай аймгууд, ИНЕГ-т тус бүр 890.037 төгрөгөөр тооцоход 187.797.807 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ж/М-11/922 тоот гэрээний 6.3, 6.5, 6.6, Иргэний хуулийн 343, 352.5.3-т заасны дагуу сүлжээгээр холбоход гарсан зардал болох 85.035.614 төгрөг, сүлжээ оруулсан нисэх онгоцны буудлуудын сар бүр төлөх үйлчилгээний төлбөр болох 187.797.807 төгрөг буюу нийт 272.833.421 төгрөгийг гаргуулж өгнө үү. ИХ-ийн зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж заасан. Тэгэхээр ямар хуулийг яаж зөрсөн гэдэг нь харагдахгүй байна. Нийт дүн нь 100 сая төгрөгөөс давсан байж магадгүй. ИНЕГ аль ажил дээр тендер зарлах нь тухайн байгууллагын өөрийнх нь асуудал. Бид хаана, ямар ажил байна, тэр ажлыг л гэрээний үндсэн дээр хийнэ. Бидний гэрээ нь Иргэний хуулийн 343-т гүйцэтгэгч захиалагчийн болон өөрийн материалаар ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу нийцсэн. Бид тодорхой хугацаанд өөрсдийн зардлаар ажлыг хийж гүйцэтгэсэн тул хууль зөрчөөгүй. Бид ажлаа хийгээд хүлээлгэж өгөөд гарын үсэг зурчихсан. ЖМ-11/922 тоот гэрээний хүрээнд хийсэн ажлыг маргаж байгаа. Энэ  ажлын зорилго нь тухайн нисэх буудлуудыг ИНЕГ-ыг шилэн кабельд холбож өгөх үүрэгтэй болохоос тэдний программыг зохиож, компьютерыг суурилуулж өгөөд, одоо холбогдлоо шүү гээд зааж өгөх үүрэггүй. Харин энэ нь ТББ 46/11 тоот өөр гэрээний хүрээнд Ж М Н ХХК-ийн хийх ёстой ажил. Уг ажлыг шилэн кабелийг ашиглаад тэнд нь программыг дамжуулах үйлчилгээг хийх ажил. Энэ маргаанд санхүү бүртгэлийн болон төлөвлөлтийн программыг онлайн сүлжээнд холбох ажил огт хамаагүй. 2 өөр зүйлийг нэг гэж тайлбарлаад байна. ЖМ-11/922 тоот гэрээний гол зорилго нь ИНЕГ-ын орон нутгийн нисэх буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран гүйцэтгэх 2 талын үүсэх харилцааг зохицуулж, шилэн кабелиудыг л татаж өгөх үүрэгтэй. Тэрийг ашиглаж компьютерын программаар хоорондоо үйлчилгээ нэвтрүүлэх ажил нь тусдаа гэрээгээр зохицуулагдаж байгаа. Гэрээгээр 10 аймгийг холбох ёстой ч 6 аймгийг холбосон. Цаашид 4 аймгийг холбоход бэлэн байгаа ч маргаан гарч түр зогссон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ИНЕГ-т Орон нутгийн нисэх буудлуудын Санхүү, төлөвлөлтийн программыг ИНЕГ-тай онлайн сүлжээнд холбох, Сургалт дадлагын цогцолборт суралцагчдын бүртгэлийн программ 1 багц нийлүүлэх, 2011 онд хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд 46,4 сая төгрөгөөр тусгагдсан ажил байсан. Ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад үнэлгээний хороо хуралдаж, “Юнителком” ХХК, “Сетком” ХХК-иудаас тендерийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж, 39.6 сая төгрөөгөөр ажлыг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулж 2011.9.21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл энэхүү эрхээ ИНЕГ-ын дарга 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ж М Н ХХК-ийн дээрх ажлын хүрээнд зөвхөн Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудлуудад 49,1 сая төгрөгөөр тавихаар санал тавьсан хүсэлтийг нь үндэслэн 46/11 тоот гэрээг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 45 сая төгрөгийн үнэтэй байгуулсанаар 10 аймгийн нисэх буудлуудыг ИНЕГ-тай шилэн кабелиар холбох ажпыг хийж гүйцэтгэх энэхүү ажлыг хийгдэж байх хугацаанд буюу 2011.11.14-нд ИНЕГ, Ж М Н ХХК-ийн хооронд Орон нутгийн нисэх буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх ЖМ-11/922 тоот гэрээ хийгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, 46/11 тоот гэрээт ажилтай давхардсан ажил байсан, уг сүлжээг ашиглаагүй тул сар бүр төлөх үйлчилгээний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү гэрээ нь шүүхэд хандаж хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй. Угаасаа ИХ-ийн 56.1.1-д заасан илт хууль бус гэрээ тул хүчин төгөлдөр бус. Хэрэв хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулагдах байсан бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8-д заасан босго үнийг давсан бөгөөд тухайн үед 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээг нээлттэй тендер шалгаруулж байж хийгдэх ёстой байтал шууд байгуулагдсан. Хэрвээ манай гэрээ байгаад тендер зарлагдсан бол дугаар нь ТББ дугаар байна. Гэтэл ЖМ-11/922 гэрээний дугаар нь манай энгийн гэрээнд ч байдаггүй. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажил хүлээж авахдаа эрх бүхий хүмүүст нь хүлээлгэж өгөөд, тэрийг нь ашиглахад 10 аймгаас 6 аймгийг нь ИНЕГ-ын санхүүгийн программтай холбогдож байж ажил хүлээн авсанд тооцох байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн 6 аймагт хүлээж авах эрх бүхий биш этгээдүүдээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд ямар ажил хийлгэснээ ч мэдэхгүй, ямар ажил хүлээж авчхаад сар болгон мөнгө төлөх үүрэгтэй болсноо ч мэдэхгүй зүйлийг ИНЕГ хүлээж авах боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь гэсэн аймгуудад тавьчхаад ИНЕГ-тай шилэн кабелиар холбож, нэгдсэн сүлжээнд холбоно гэсэн. Нэгдсэн сүлжээ гэдэг нь нэг сүлжээгээр холбогдоно. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар зөвхөн төхөөрөмжид суулгаад орхино гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Ж М Н ХХК-ийн хийсэн ажлаар нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй. ЖМ-11/922 гэрээний 2.1-д яаж ажлаа хүлээлгэж өгөхийг заасан бөгөөд энэ бол удаан жилийн хугацаатай гэрээ учраас ажлаа хийсний дараа ИНЕГ-т гэрээгээр хүлээлгэж өгнө гэж заасан. Актаар хүлээлгэж өгөөд акт дээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь зураагүй байхад өгсөн гэж шаардаж байна. 46/11 тоот гэрээ нь хэдэн аймгуудыг нэгдсэн сүлжээгээр холбох ажил бөгөөд санхүү бүртгэл болон төлөвлөлтийн программыг онлайн сүлжээнд холбох, ЖМ-11/922 тоот гэрээ нь ИНЕГ-тай 10 аймгийн нисэх буудал нэг сүлжээтэй болох юм гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж М Н ХХК нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гэрээний үүрэгт 272.833.421төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний 6.5, 6.6-д зааснаар ажлаа гүйцэтгэж, 6.3-т зааснаар сүлжээг актаар хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсийг төлбөрийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь ЖМ-11/922 тоот гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, 46/11 тоот гэрээний ажилтай давхардсан, сүлжээг ашиглаагүй, гэрээнд зөвхөн төхөөрөмжид суулгаад орхино гэсэн өгүүлбэр байхгүй, актаар хүлээлгэж өгөөд гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь зураагүй байхад өгсөн гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр, 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулжээ.  

 

Ж М Н ХХК нь ИНЕГ-тай 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Орон нутгийн буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх тухай” ЖМ-11/922 дугаар гэрээг байгуулж, ИНЕГ-ын харьяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Тосонцэнгэл, Алтай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймгийн нисэх онгоцны буудлуудыг ИНЕГ-тай шилэн кабелиар холбож нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр тохиролцсоноор хариуцагчид үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэрээний 6.2-т зааснаар шилэн кабелийн нэгдсэн сүлжээ байгуулахад гарсан зардлыг ИНЕГ нь 10 жилийн хугацаанд улирал бүр хуваан төлж, өмчлөлдөө шилжүүлж авахаа тохирсны дагуу нэхэмжлэгч нь Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Завхан зэрэг 6 аймгийн нисэх онгоцны буудлууд болон ИНЕГ-т шилэн кабель татах, төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглахад бэлэн болгож, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус ажлыг актаар хүлээлгэн өгсөн нь үйл баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь сүлжээг ашиглахад аймгуудыг ИНЕГ-ын санхүүгийн программтай холбож, нэгдсэн сүлжээнд холбогдсоноор ажил хүлээн авсанд тооцох байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь талуудын байгуулсан гэрээний 1.2-т гэрээний зорилгыг онлайн сүлжээгээр хангах гэж тодорхойлсон ба Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлах юм.

 

Ж М Н ХХК, ИНЕГ нарын хооронд байгуулагдсан ЖМ-11/922 дугаар гэрээгээр орон нутгийн буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэхээр, харин ТББ/Б-46/11 дугаар гэрээгээр Санхүү бүртгэлийн болон төлөвлөлтийн программыг онлайн сүлжээнд холбохоор тохиролцсоныг ажил давхардсан гэж үзэхгүй, санхүүгийн программтай холбогдож байж ажил хүлээн авна гэж ойлгохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл дээрх 2 гэрээ нь 2 өөр утга, агуулга бүхий гэрээ байх бөгөөд ЖМ-11/922 дугаар гэрээгээр сүлжээг бий болгох ажлыг гүйцэтгэх, ТББ/Б-46/11 дугаар гэрээгээр байгуулсан сүлжээг холбосноор ИНЕГ нь орон нутгийн нисэх онгоцны буудлуудтай холбогдоно гэж ойлгохоор байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ЖМ-11/922 дугаар гэрээний дагуу хийсэн ажлыг шаардаж байх бөгөөд ажил хүлээн авсан акт болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хийсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах, 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь Баянхонгор, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Завхан Говь-Алтай аймгууд болон ИНЕГ-т бүлжээг байгуулж, тус бүрт нь тухайн аймгийн нисэх буудлын даргад актаар хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Шилэн кабелийн угсралт, үйлчилгээ хүлээн авсан актаар тогтоогдож байна.

 

Шүүхээс шинжээчээр томилогдсон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дүгнэлтээр ЖМ-11/922 болон ТББ/Б-46/11 дугаар гэрээнүүдийн ажил давхцаагүй болохыг, ЖМ-11/922 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь дээрх шилэн кабелийн угсралт үйлчилгээг хийж, актаар хүлээлгэн өгсөн, цаашид ашиглахад бэлэн бэлэн байдалтай байгаа талаар дүгнэжээ.

 

Харин ИНЕГ-ын төв байранд шилэн кабелийн угсралтыг хийсэн боловч серверийн өрөөний засварын ажлын улмаастөгсгөлийн төхөөрөмжийг холбоогүй гэж дүгнэсэн нь нийлүүлэгч байгууллагын бус захиалагчийн буруутайгаас холбоогүйг нотолж байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор зохицуулсан тул хариуцагчийг ИНЕГ-ын төв байранд угсарсан шилэн кабелийн сүлжээг хүлээн авсан гэж үзлээ.

 

Талууд ЖМ-11/922 тоот гэрээний 6.1-д зааснаар нэг сард төлөх 1 цэгийн төлбөрийг нэмүү өртгийн татварын оруулан 890.037 төгрөг байхаар,  6.5-д тухайн чиглэлийн сарын төлбөрийг нийлүүлэгч тухайн чиглэлийн сүлжээг байгуулж, захиалагчийн ашиглалтад өгсөн өдрөөс тооцохоор тохиролцсон байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8-д заасныг зөрчиж, 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээг нээлттэй тендер шалгаруулаагүй тул Иргэний хуулийн 56.1.1-д заасан илт хууль бус гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн тухайн байгууллагын эрх бүхий этгээдүүдээс бусадтай гэрээ байгуулж, ажил үйлчилгээг хүлээн авсан байтал ямар ажил хийлгэснээ ч мэдэхгүй, ямар ажил хүлээж авчихаад сар болгон мөнгө төлөх үүрэгтэй болсноо ч мэдэхгүй зүйлийг ИНЕГ хүлээж авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 272.833.421 төгрөг гаргууулж, Ж М Н ХХК-т олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.522.118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.522.118 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолтой холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т заасныг баримтлан хариуцагч И Н Е Г-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 272.833.421 /хоёр зуун далан хоёр сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг гаргууулж, нэхэмжлэгч  Ж М Н ХХК-д /РД: 5173914/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.522.118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.522.118 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолтой холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ