Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0231/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адьяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт И у овогт Цийн Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000244 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, И у овогт Цийн Ц /регистрийн дугаар:......... /, .. оны .  дугаар сарын . -ны өдөр .... аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй, ..  настай, тусгай дунд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ........-ийн хамт ....  аймгийн ... сумын....  дугаар баг ....  дугаар гудамжны .  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн. Үүнд:

- .  дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ..  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар,

- ...  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12,  2020 оны 01 дүгээр сарын 16, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд ... аймгийн ... сумын ... баг ..... гудамжны ...тоот гэртээ эхнэр О.Гийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... аймгийн ... сумын ... баг ..... гудамжны ...тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Гийн эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн хөх, цээжний урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ ...Би 2015 онд О.Гтэй танилцаад 10 сараас нь хамт амьдраад 2018 онд Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд тэсэлгээчнээр ажилд ороод 1 сар амраад 1 сар ажилладаг байсан. Гэтэл 9 дүгээр сард ажил дээрээ байж байтал манай найзын эхнэр чат бичээд танай эхнэр манай нөхөртэй явалддаг юм байна гэж хэлсэн. Би гэртээ ирээд уг асуудлыг нь асуухад үнэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж, би Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. 1 сараас хойш О.Г Орхонтуул суманд байх гэр лүүгээ явж бид тусдаа амьдарч байсан. Дараа нь дахин очоод уулзахад нутагтаа нэг хүнтэй уулздаг болсон байсан бөгөөд 4 дүгээр сарын 20-ны өдөр Дарханд ирсэн.  Би тэр үед утсаар яриад эхнэртэйгээ хамт амьдаръя гэж бодож байсан. Гэтэл ирснийх нь дараа ангийнх нэг залуу залгасан. Тэр залуутайгаа ирэн очин амьдардаг байсан. Ер нь хардалтын улмаас л хэрүүл маргаан болсон. Би эхнэртэйгээ эргэж нийлэх гээд л чаргууцалдаж байсан. Одоо дахин ингэхгүй. Би эхнэрээ байнга зоддоггүй ч зоддог нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй. гэв.

 

Эрүүгийн 2018000000244 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.Гийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 30, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн “...Ц.Ц бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хорих ангид гэрлэлтээ батлуулсан. Ц нь надтай хамт амьдарч эхэлсэн үеэс эхлээд намайг зоддог байсан. 2019 оны 12 дугаар сард Ц намайг зодоод цагдаад шалгуулаад шүүхээр 450,000 төгрөгөөр торгуулсан. Дараа нь дахин намайг зодоод 2019 оны 12 дугаар сард цагдаад шалгагдаад шүүхээр 600,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас намайг хүчээр авчраад 14 хоног гэрээсээ гаргахгүй байж байгаад би цагдаад мэдэгдээд 30 хоног баривчлагдаж байсан. Би тэр үеэс хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд амьдарч байгаа. Бид 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор салах болсон. Ц.Ц бид хоёр анх гэр бүл болоход Ц нь Ц гээд дагавар хүүхэдтэй байсан. 2020 оны 04 дүгээр 27-ны өдөр Цгийн дагавар хүү Ц над руу фэйсбүүкээр Ээжээ та хэзээ ирэх юм бэ таныг санаад байна. гэхээр нь би  Ц руу залгаад чи хүүхдийнхээ өмнөөс бичээд байгаа юм болов уу гэж бодоод Ц руу залгаад  чи хүүхдийнхээ өмнөөс юм бичээд байгаа юм уу гэсэн чинь үгүй бид хоёр хол байна чамайг харин асуугаад санаад байна гэхээр нь би салж байгаа гэж хэлж чадахгүй байна. Чи хүүхдийн сэтгэлийг бодоод нэг хүрээд ирээч гэхээр нь би за гээд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагт вагоноор Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Дарханд ирсэн чинь Ц хүүтэйгээ намайг тоссон. Тэгээд Цгийн ..  сумын .....  дугаар баг ....  тоот гэрт нь очоод унтах гэж байсан чинь Ц намайг архи уух уу гэхээр нь би эмчилгээтэй байгаа зүрх өвдөөд байгаа гэсэн чинь нэг шил 0,75 литрийн Хараа архи гаргаж ирээд 3 аягыг хийж уугаад унтсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц хүүгийн хамт бид гурав гадуур явж байгаад 19 цагийн орчимд гэртээ очсон. Тэгээд цаг гаран болоод Ц нөгөө үлдэгдэл архиа уугаад согтоод намайг утсаа гаргаад ир гээд миний утсыг үзэж байснаа чи янхан шүү дээ гээд уурлаад миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохихоор нь би нүүрээ гараараа хаасан чинь миний 2 гар луу цохиж байснаа өшиглөөд байхаар нь би орилж уйлаад гуйсан чинь болихгүй байхаар нь би за болъё, би чамтай хамт амьдарна гэсэн чинь больсон. Тэгэхээр нь шүүх дээр чинь очоод би чамаас салахгүй гэдгээ хэлээд өгье гэж хэлж байж тайвшруулсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэрээсээ гаргаагүй. Өөрөө ч гараагүй. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүх дээр Ц бид хоёр цуг очоод шүүгчийн туслахад би болсон асуудлыг хэлсэн чинь намайг цагдаад ханд гээд цагдаа явуулаад Ц цагдаа дээр үлдсэн.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Л.М-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Манай охин О.Г надад 2-3 хоногийн өмнө Дарханд шүүх хурал болоод гарч байсан чинь Ц намайг өшиглөсөн гэж хэлэхээр нь би яасан юм бэ цагдаад хандаагүй юм уу гэсэн чинь намайг өшиглөөд нүүр рүү цохисон. Тэгээд би цагдаад хэлсэн гэж хэлсэн. ...Ц шоронгоос гарч ирээд Г тэр хоёр хотод байр түрээсэлдэг байхад нь очсон чинь Ц, Г хоёр орой гарч яваад өглөө ирсэн. Ирэхдээ Г уйлчихсан орж ирэхээр нь юу болсон юм бэ гээд асуусан чинь Ц намайг элдвээр доромжлоод зодсон гээд хөл гар нь хөх эрээн болсон байсан. 2019 онд хэдэн сард гэдгийг нь санахгүй байна Г над руу яриад Ц намайг зодлоо хүрээд ирээч гэхээр нь би Дарханд ирсэн чинь Гийг Ц ажил дээр очоод зодсон гээд нүүр ам нь хөхөрсөн байхаар нь Цгийн гэрт очоод Гийн хувцсыг авах гээд Г бид хоёр очсон чинь хаалга нь түгжээтэй байхаар нь тайлах гээд ойртсон чинь дотроос нь Ц гартаа ногоон иштэй хутга барьчихсан гарч ирэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь Гийн хоолойд хутга тулгаснаа утсаа салгахгүй бол охиныг чинь аллаа шүү гэхээр нь би айсандаа утсаа салгасан чинь Ц өөрийнхөө гэдэс рүү нөгөө хутгаараа хутгалсан. 2020 оны 02 дугаар сард нэг орой Г хүнтэй уулзаад ирье гээд гарч яваад ирж хоноогүй. Тэгсэн чинь манай сумын нэг хүн залгаад хүргэн чинь явсан уу гэхээр нь би юун хүргэн гэсэн чинь Ц Г хоёр өчигдөр манай хүүгийнхээр ороод гарсан байна лээ гэхээр нь Г рүү залгасан чинь утсаа авахгүй байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй болохоор нь хэсгийн төлөөлөгчид очоод хэлсэн чинь надад камерын бичлэг үзүүлсэн чинь Гийг Ц үстээд чирээд машинд суулгаад аваад явсан байсан. Энэ хоёр Ц-г ял эдэлж байхад гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Н.У-ын мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн ...2020 оны эхээр Ц ажилтай байхад Г өөр хүнтэй уулзсан гээд тэрнээс болоод маргалдсан гэж Ц өөрөө надад утсаар ярьж хэлсэн. Түүнээс би яг юу болсон гэдгийг нүдээрээ хараагүй. Тэр хоёр жижиг сажиг юман дээр маргалдаад байх шиг байдаг. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц намайг ажилтай байхад хүүхдээ манай гэрт өгчхөөд явсан байсан. Тэр үед цагдаагаас надад Ц, Г 2 маргалдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц руу зурвас бичсэн чинь хариу бичихгүй байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 359 дугаартай “...О.Гийн биед зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн хөх, цээжний урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

Ц.Цгийн мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн ...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчим нөгөө 10 жилийнх нь залуу залгасан чинь Г утсаа аваад битгий дахиж залгаад бай гээд утсаа салгасан. Тэгээд надад би холбогдоогүй байгаа гэж хэлсэн. Тэгээд орой нь цагийг нь сайн санахгүй байна би Гийг утсыг оролдож байгаад чатыг нь үзсэн чинь нөгөө залуутайгаа чаталсан чатаа нуусан байхаар нь нээгээд үзсэн чинь 2 сараас хойш хоорондоо бичсэн бүх юм нь байхаар нь уншсан чинь уулзаж учирсан бүх юм аа бичсэн байсан. Тэгээд би Гийг чи энэ залуугаас салсан сарнисан гээд байсан чинь хаана байна гээд уурлаад Гтэй маргалдаад гараараа нүүрлүү нэг удаа цохиод 2 гар луу нь гараараа хэд хэдэн удаа цохиод хөл рүү нь өшиглөсөн чинь Г уучлаарай гээд байсан. Тэгээд би уураа барьж чадахгүй нэлээн маргалдаж байгаад болиод Гтэй юм ярьж суусаар байгаад үүр цайлгасан.” гэх мэдүүлэг[5],

 

Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин өндөр” гэх үнэлгээ[6],

 

Шүүгдэгч Ц.Цгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэл оногдуулсан шийтгэвэр болон шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Цгийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12,  2020 оны 01 дүгээр сарын 16, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд ... аймгийн ... сумын ... баг ..... гудамжны ...тоот гэртээ эхнэр О.Гийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... аймгийн ... сумын ... баг ..... гудамжны ...тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Гийн эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн хөх, цээжний урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Ц нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Цг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч О.Гийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн хөх, цээжний урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Ц.Цгийн хохирогчийг 3 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Зөрчилд шийтгүүлсэн нь хоёр удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангана.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч О.Г нь шүүгдэгч Ц.Цгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бага насны хүүгийн хамт амьдардаг ганц бие эцэг байна.

Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Ц.Ц нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Цг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И у овогт Цийн Цг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Цг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Цд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгааралт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР               

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-6, 7-8 тал

[2] Хавтаст хэргийн 9-10  тал

[3] Хавтаст хэргийн 11-12  тал

[4] Хавтаст хэргийн 18-19 тал

[5] Хавтаст хэргийн 29-30  тал

[6] Хавтаст хэргийн 38-39 тал

[7] Хавтаст хэргийн 41-63 тал