Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00082

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Жамсранжавын Хүрэлбаатарт холбогдох 132/2016/0077/Э индекстэй, эрүүгийн 201606000161 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газарт төсвийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Наран овогт Жамсранжавын Хүрэлбаатар /РД:ГЙ62010132/.

    Шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн "Хоолойн адаг" гэх газар "LAND СRUISER -100" маркийн 16-11 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийх үедээ иргэн Н.Цэрэн-Очирыг дайрч бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хүрэлбаатарын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201606000161 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

      Хохирогч Н.Цэрэн-Очирын өгсөн: …Би эхнэр Я.Байгалийн хамтаар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн "Пробокс" маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Тэшиг сумын төвөөс тус сумын 2 дугаар багийн нутаг "Хоолойн адаг" гэх газарлуу "Монос цэцэг"-ийн үнэрт суухаар явсан. Эхнэр бид хоёртой хамт найзууд болох Ж.Хүрэлбаатар, түүний эхнэр Ш.Саранцэцэг, Г.Хүрэлбаатар, түүний эхнэр Ж.Эрдэнсувд, Б.Лхагвасүрэн, түүний эхнэр О.Алтанзагас нар явсан. Тэгээд бид нар очих газраа шөнийн 00 цагийн орчим очсон. Бидний араас Н.Батсуурь эхнэр Энхцэцэгийнхээ хамт өөрсдийнхөө машинтай ирсэн. "Монос цэцэг" үнэрлэх газартаа очоод хоол, цай хийж идсэн. Тэндээ бөөнөөрөө хэсэг юм яриж сууж байгаад эмэгтэйчүүдээ унтаж амраахаар өөр өөрсдийнхөө машинруу явцгаасан. Харин эрэгтэйчүүд 12 ширхэг шилтэй пиво ууж суунгаа юм яриад үлдсэн. Өглөө Н.Батсуурь эхнэрийн хамт ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд бид нарыг сууж байхад манай эхнэр Я.Байгалмаа сэрээд Б.Лхагвасүрэн, Г.Хүрэлбаатар, Ж.Хүрэлбаатар бид дөрвийг та нар хэсэг унтаж амраач гээд "Тэхийн шээг" модны сүүдэрт хөнжил газраар дэвсэж өгсөн юм. Тэнд Лхагвасүрэн унтахаар хэвтсэн ба би түүний хажуугаар унтахаар хэвтсэн. Тэгээд нэг мэдсэн чинь надтай хамт явсан хүмүүс бүгд ирцгээчихсэн юу болсон, яасан гээд байсан. Тухайн үед надад машинаар шүргэсэн нь мэдэгдээгүй. Би нойрмог байсан тул дөрвөн хөллөөд сууж байсан. Юу болсныг мэдэхгүй байсан ба би хоорондоо ярьж байгаагаас нь сонсоод Ж.Хүрэлбаатар машинаар намайг шүргэснийг мэдсэн гэх мэдүүлэг /хх 24 тал/,

        Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: 2016 оны 05 сарын 31-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг "Хоолойн адаг" гэх газарлуу эхнэр О.Алтанзагас найзууд болох Ж.Хүрэлбаатар болон түүний эхнэр Ш.Саранцэцэг, Г.Хүрэлбаатар, түүний эхнэр Эрдэнэсувд, Н.Цэрэн-очир, түүний эхнэр Я.Байгаль, Н.Батсуурь, түүний эхнэр Энхцэцэг нарын хамтаар "Монос цэцэг" үнэрлэхээр явсан. Тухайн газартаа шөнийн 00 цагийн орчимд очсон. Тэндээ бид нар бөөнөөрөө цай хоол хийж идээд юм ярьж сууцгаасан юм. Эрчүүд нь 12 ширхэг шилтэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд эмэгтэйчүүд унтаж амарцгаахаар өөр өөрсдийн машинруугаа явсан. Бид нар яриж суусаар өглөө болсон. Тэгтэл Н.Батсуурь, эхнэр Энхцэцэгийн хамтаар түрүүлээд  яваад  өгсөн. Тэгээд  Ж.Хүрэлбаатар, Г.Хүрэлбаатар, Н.Цэрэн-Очир бид нар галын дэргэд юм яриад сууж байхад манай эхнэр болон Я.Байгаль нар өглөө сэрээд хүрч ирсэн. Тэгээд Байгаль бид нарыг та хэд хэсэг унтаж амраач гэж хэлээд бут модны доор хөнжил дэвсэж өгсөн. Тэгэхээр нь би Я.Байгалийн дэвссэн гудсан дээр очоод унтаж амарсан. Миний араас Н.Цэрэн-Очир ирж хажуугаар хэвтэж амарсан. Амарч байхад нэг хүн юмаар цохих шиг болсон ба сэрээд харсан чинь машины доор байгаа  юм уу гэмээр санагдсан. Тэгээд машин хөдлөөд явах шиг болсон. Би биеэ чангалаад хэвтээд өгсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна гэх мэдүүлэг /хх 27 тал/,

       Гэрч Я.Байгалмаагийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз нарын хамтаар "Монос цэцэг"-ийн үнэрт суухаар Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг "Хоолойн адаг" гэх газар очсон юм. Бид очисон газраа бөөнөөрөө хоол цай хийж, идэж уучихаад эмэгтэйчүүд нь унтаж амрахаар өөр өөрсдийнхөө машинруу явцгаасан. Би машиндаа унтаж амарч байгаад өглөө сэрээд нөхөр Н.Цэрэн-Очир болон Ж.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн, Г.Хүрэлбаатар нарыг та нар хэсэг унтаж амраач гэж хэлээд нэг хэсэг "Тэхийн шээг" модны сүүдэрт газраар хөнжил дэвсэж өгсөн. Нөхөр Н.Цэрэн-Очир машинруугаа алхаад явж байсан. Г.Хүрэлбаатар цай чанаад байж байсан. Харин Ж.Хүрэлбаатар хажууд нь шээгээд зогсож байсан. Тэгээд Алтанзагас бид хоёр голын эрэг дээр очиж жаахан сууя гээд явах үед Б.Лхагвасүрэн миний дэвссэн хөнжил дээр хэвтэж харагдсан. Тэгээд Алтанзагас бид хоёрыг голын эрэг дээр сууж байхад машин асах чимээ сонсогдсон, эргээд харахад Ж.Хүрэлбаатар машинаа асааж арагшаа ухарч харагдсан. Ухарсан машины ард манай нөхөр Н.Цэрэн-Очир, Б.Лхагвасүрэн хоёр хэвтэж байхаар нь "Ж.Хүрэлбаатар нөгөө хоёрыг машины ард байгааг мэдсэн юм болов уу?" гээд Алтанзагасд хэлсэн. Тэгтэл Ж.Хүрэлбаатар машинаа урагшаа чиглүүлэн хөдлөхөөр нь бид хоёр "хөөе, нөгөө хоёр наана чинь машины ард хэвтэж байгаа" гээд чангаар хашгираад гүйсэн чинь Ж.Хүрэлбаатар машинаа зогсоосон. Тэгээд Алтанзагас бид хоёрыг яваад очиход манай нөхөр Н.Цэрэн-Очир хоёр гарынхаа тохойгоор газар тулаад хөлөөрөө өвдөглөөд доош харсан байдалтай, харин Б.Лхагвасүрэн болохоор хагас хэвтсэн байдалтай байцгааж байсан. Тухайн үед Б.Лхагвасүрэнгийн хамраас бага хэмжээний цус гарсан байсан ба Н.Цэрэн-Очир гайгүй байдалтай байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон бэ гэж асуухад "гайгүй, гайгүй яагаа ч үгүй" гэж хэлсэн. Тэгтэл баруун талын нуруу хэсэг нь шороо болсон байсан гэх мэдүүлэг,

       Гэрч Ж.Эрдэнэсувдын өгсөн: ...Намайг машиндаа унтаж байхад гэнэт хүмүүсийн орилох дуу гараад эхэлсэн. Би сэрээд очтол Лхагвасүрэн, Цэрэн-Очироос арай зайтай хэвтэж байсан. Цэрэн-Очир, Лхагвасүрэн нарыг унтаж байхад нь харалгүй Хүрэлбаатарыг машинаар мөргөсөн гэж байсан, яг юу болсныг би хараагүй. Тэгээд сумын эмнэлгээс эмч ирээд сумын төв рүү эмнэлэгт аваачих хэрэгтэй гээд аваад явсан гэх мэдүүлэг /хх 12 тал/,

Гэрч Ш.Саранцэцэгийн өгсөн: ... Өглөө эрт машин дуугараад хөдлөх шиг болсон. Тэр дуунаар би сэрэхэд голын тэндээс Алтанзагас, Байгаль нар ирж харагдсан. Намайг машинаас буухад хүмүүс Лхагвасүрэн, Цэрэн-Очир нараас "юу болсон бэ дайрсан уу, яасан бэ" гэж асуугаад байсан. Лхагвасүрэн хэсэг байж байгаад "нураагаар жаахан өвдөөд байна" гэж байсан. Харин Цэрэн-Очир "зүгээр, зүгээр" гэж байсан гэх мэдүүлэг /хх 13 тал/,

Гэрч О.Алтанзагасын өгсөн: ... Байгаль бид хоёрыг голын зах дээр сууж байхад машин дуугарах чимээ гарсан. Тэгтэл Байгаль "нөгөө хоёрыг маань дайрчихвий" гэхээр нь би "мэдэж байгаа байлгүй дээ" гэтэл Байгаль "дайрчихлаа" гээд хашгираад гүйсэн. Тэгээд Лхагвасүрэн, Цэрэн-Очир нар дээр гүйгээд очсон гэх мэдүүлэг /хх 19 тал/,

       Яллагдагч Ж.Хүрэлбаатарын өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би эхнэр болон найз нөхдийн хамтаар Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг "Хоолойн адаг" гэх нэртэй газар "Монос цэцэг"-ийн үнэрт суухар явсан. Очих газраа шөнийн 23 цаг ЗО минутын алдад очсон. Бид нар бөөнөөрөө хоол цай хийж идээд эмэгтэйчүүд унтаж амрахаар өөр өөрсдийнхөө машинруугаа явцгаасан. Эрэгтэйчүүд 12 ширхэг пиво авч явсан тэрнийгээ хувааж уугаад галын хажууд юм яриж сууцгаагаад өглөө болгосон. Тэр үед Я.Байгалмаа сэрээд бид нарыг "жаахан ч гэсэн унтаж, нүдний хор гаргаач" гэж хэлж байсан. Би өглөө эрт сумын төвд ажилтай байсан учир явахаар өөрийнхөө машиныг асаагаад хойшоо 10 орчим метр ухарч хөдлөөд тэгээд жолооны хүрдээ баруун гар тийш дараад хөдөлтөл голын тэндээс Байгалмаа, Алтанзагас нар "хөөе хүн дайрлаа" гээд надруу чиглээд гүйсэн. Тэгэхээр нь би машинаа шууд зогсоож унтраагаад машинаас буугаад харсан чинь Н.Цэрэн-Очир, Б.Лхагвасүрэн нар миний машины ард унтаж байсан. Н.Цэрэн-Очир нь дэвссэн даавуун дээрээ, Б.Лхагвасүрэн нь даавуунаасаа 1 метр орчим зайтай газарт хэвтээд байж байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод "та хоёрыг би машинаараа дайрчихсан уу" гэж асуухад Б.Лхагвасүрэн "миний нуруу хэсгээр машин шүргэх шиг боллоо" гэсэн. Харин би Н.Цэрэн-Очироос ямар нэгэн зүйл асууж чадаагүй ба Н.Цэрэн-Очир надаас яасан, юу болсон бэ гээд асуугаад байсан. Би "та хоёрыг машинаар дайрчих шиг боллоо" гэж хэлсэн. Би Н.Цэрэн-Очир, Б.Лхагвасүрэн нарыг миний машины ард хэвтэж байгааг мэдээгүй. Би Н.Цэрэн-Очир, Б.Лхагвасүрэн нарыг тээврийн хэрэгсэлтэйгээ ухраад баруун гар тийшээ дарж хөдлөх үедээ санамсар болгоомжгүйгээр дайрсан гэх мэдүүлэг /хх 92-93 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 187 тоот

1. Н.Цэрэн-Очирын биед чамархайн урагдал, элгэний язрал, гялтангийн арын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 53 тал/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 186 тоот

1. Б.Лхагвасүрэнгийн биед зүүн 2, 3-р хавирганы далд хугарал, цээж, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал цус хуралт, өгзөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг   удаан   хугацаагаар   сарниулах   тул   гэмтлийн   хундэвтэр   зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 35 тал/

       Булган аймаг дахь замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот:

1.   Жолооч Ж.Хүрэлбаатар нь автомашин жолоодох "ВС" ангилалын 112335 тоот эрхийн үнэмлэхтэй нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаанаас регистрийн дугаар болон овог нэрээр хайхад хүчинтэй үнэмлэхтэй байна.

2. Жолооч Ж.Хүрэлбаатар нь 2016 оны 05 дугаар 31-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр "Хоолойн адаг" гэх газарт /ой модон дунд/ өөрийн эзэмшлийн 16-11 БУА улсын дугаартай "LAND СRUISER -100" маркийн автомашинаар машиныхаа ард унтаж байсан Н.Цэрэн-Очир, Б.Лхагвасүрэн нарыг дайрч биед нь "хүнд" гэмтэл учруулахдаа машин жолоодож хөдөлгөөн хийсэн байх ба жолооч Ж.Хүрэлбаатарын хийсэн үйлдэл нь уулын ой модон дотор болсон байх  тул Замын  хөдөлгөөн биш байна.

Учир нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх заалт буюу нийтлэг үндэслэлийн  хэсэгт "Замын  хөдөлгөөн"  гэдгийг   тодорхойлохдоо "Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа" гэсэн нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр "Хоолойн адаг" гэх газарт ой модон дунд автомашинтай ухарсан хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлгүй байна.

3. Жолооч Ж.Хүрэлбаатар  нь 2016 оны 05 дугаар 31-ний өдөр  Булган  аймгийн  Тэшиг сумын нутаг дэвсгэр "Хоолойн адаг" гэх газарт ой модон дотор автомашин жолоодож ухрахдаа хойноо хэвтэж  байсан   хүнийг  дайрч   бие махбодид  хүнд   гэмтэл   учруулсан нь "зам тээврийн осол" биш байна гэх дүгнэлт /хх 72 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 тал/, хэрэг учралын газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 20-21 тал/, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/16/127 тоот "land cruiser" машины үнэлгээг 16000000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 98-100 тал/ зэрэг болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь найз нөхдийн хамт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн "Хоолойн адаг" гэх газар ой модонд "Монос цэцэг"-ийн үнэрт сууж, амарч байх үедээ өөрийн эзэмшлийн "LAND СRUISER-100" маркийн 16-11 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийх үедээ иргэн Н.Цэрэн-Очирыг дайрч, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хохирогч Н.Цэрэн-Очир, гэрч Я.Байгалмаа, Ж.Эрдэнэсувд, Ш.Саранцэцэг, О.Алтанзагас нарын өгсөн мэдүүлэг, "хохирогч Н.Цэрэн-Очирын биед чамархайн урагдал, элгэний язрал, гялтангийн арын цус хуралт бүхий хүнд гэмтэл" учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 187 тоот дүгнэлт, "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх заалт буюу нийтлэг үндэслэлийн  хэсэгт "Замын  хөдөлгөөн"  гэдгийг   тодорхойлохдоо "Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа" гэсэн нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр "Хоолойн адаг" гэх газарт ой модон дунд автомашинтай ухарсан хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлгүй байна. Жолооч Ж.Хүрэлбаатар  нь 2016 оны 06 дугаар 01-ний өдөр  Булган  аймгийн  Тэшиг сумын нутаг дэвсгэр "Хоолойн адаг" гэх газарт ой модон дотор автомашин жолоодож ухрахдаа хойноо хэвтэж  байсан   хүнийг  дайрч   бие махбодид  хүнд   гэмтэл   учруулсан нь зам тээврийн осол биш байна" гэх Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт  нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь ой модон дунд ухрах хөдөлгөөн хийх үедээ Н.Цэрэн-Очирыг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан дээр маргахгүй, харин дээрхи хор уршигийг гэм буруугүйгээр учруулсан гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн газрын ерөнхий байдал, тээврийн хэрэгсэл анх зогсож байсан байрлал, хохирогчийн хэвтэж байсан газрыг заалган бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээс дүгнэлт хийхэд  шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байжээ гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас модны сүүдэрт хэвтэж байсан Н.Цэрэн-Очирыг дайрсан нь дээрхи хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Ж.Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Н.Цэрэн-Очирын биед хүнд гэмтэл учирч хохирогчоор,  Б.Лхагвасүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирч иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдсон байх ба  шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь тэдгээрийн эмчилгээний зардлыг нөхөн төлж, гэм хорыг арилгаснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч Ж.Хүрэлбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч Ж.Хүрэлбаатарын  эзэмшлийн "LAND СRUISER-100" маркийн 16-11 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Наран овогт Жамсранжавын Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэлбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Хүрэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.     

4. Шүүгдэгч Ж.Хүрэлбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч Ж.Хүрэлбаатарын  эзэмшлийн "LAND СRUISER-100" маркийн 16-11 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хүрэлбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД