| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2018/0026/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 26
Б.Б-т холбогдох
“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай”
прокурорын дүгнэлтийг хянах тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор О.Доржмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймгийн Прокуророос Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай дүгнэлттэй Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт холбогдох 1718004470023 хэргийн дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид ял эдлэж байгаа, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай Б- овогтой Б-гийн Б-.
Дархан-Уул аймгийн Прокуророос давж заалдах шатны шүүхэд гаргасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтдээ:
Прокуророос Б.Б-ыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг, Хөтөл хорооллын 6-3 тоотод оршин суух Э.Х-ийн гэрт нэвтэрч 1.680.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1718003900007 тоот хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болж, одоо уг ялыг эдэлж байгаа болно.
Б.Б-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан 15 удаагийн үйлдэлтэй эрүүгийн 1718004470023 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаартай шүүгчийн захирамжаар “Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1718003900007 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай” үндэслэлээр прокурорт буцаасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3.т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” үндэслэлээр эрүүгийн 1718003900007 дугаартай Б.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичив... гэжээ.
Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Дүгнэлтээ дэмжиж байна., Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Ялтан Б.Б-ыг ял эдэлж байх хугацаанд түүний 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд 15 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлүүд нь илэрч мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.
Прокурор дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзээд “Шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн” тул шүүгдэгч Б.Б-т Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох үйлдэл, холбогдлуудыг нэгтгэн шийдүүлэхээр дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлжээ.
Прокурорын дүгнэлт болон бусад баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хэлэлцэх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгчийн 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд 15 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлүүд нь мэдэгдээгүй байсан ба түүнд урьд оногдуулснаас илүү хүнд ял оногдуулж болох нөхцөл байдал үүссэн тул Прокурорын дүгнэлтийг хүлээн авч хэргийг нэгтгүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн 1718003900007 дугаартай Б.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4, 41.4 дүгээр зүйлийн 4.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-уул аймгийн Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1718003900007 дугаартай Б.Б-т холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн 1718004470023 дугаартай Б.Б-т холбогдох 5 хавтас хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР