Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0498

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0498

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “ЛЧ” ХХК

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: ОУХНТ

            Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Орхон нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Найрамдал” зуслангийн зүүн талын энгэрт 2.0 га газрыг зуслангийн байрны зориулалтаар 15 жилийн хугацаагаар авч, 00/97 тоот гэрчилгээтэйгээр эзэмшиж эхэлсэн. 2002 онд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн газрын албатай байгуулж, Газар эзэмших эрхийн 0000501 дугаартай гэрчилгээ олгогдсон. Үүнээс хойш 2006, 2008, 2012, 2015 онуудад “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн газрын албатай байгуулж байсан. 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байсан тул манай компаниас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж, Газар эзэмших эрхийн 000314543 тоот гэрчилгээг олгосон. Бид 2000 онд газар эзэмших эрх анх авсны дараа хууль тогтоомжийн дагуу “Найрамдал" зуслангийн зүүн талын энгэрт байрлах газарт 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Байгаль-Экологи” ХХК-тай “Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх тухай” гэрээ байгуулж “Байгаль орчны нарийвчилсан” үнэлгээний тайланг боловсруулж, Байгаль орчны яамаар батлуулсан.

Манай эзэмшлийн газар нь “Найрамдал” зуслангийн зүүн энгэрт байрладаг, найрамдал зуслангаас голоор тусгаарлагдсан бөгөөд ямар ч дэд бүтэц, зам, шугам сүлжээ байхгүй газар юм. Ингээд тухайн газартаа зуслангийн зориулалттай хотхон барихаар төлөвлөж, манай газрын хөрш зэргэлдээ газар эзэмшдэг олимпын аварга Н.Түвшинбаяр, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган болон бусад хүмүүстэй ярилцаж нэгдсэн зуслангийн хотхон барихаар төлөвлөж, манай компани өөрийн хөрөнгөөр зам, эрчим хүчний дэд бүтцийг тавихаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу бид Зуслангийн хотхоны газрын инженер геологийн судалгаа хийх, газрын фото зураг болон байр зүйн зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, барилга байгууламжийн төлөвлөлтийг хийх, түүнд үндэслэн, зам болон эрчим хүчний дэд бүтцийн хүчин чадлыг тодорхойлох, дэд бүтэц тавих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авахад чиглэгдсэн дараах ажлуудыг өөрийн хүч, хөрөнгөөр хийсэн: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, 2008 оноос зуслангийн хотхоны төлөвлөлтийн зураг төслийн ажил, 2009 оноос дэд бүтцийн төлөвлөлтийн ажил, 2015 онд “Байр зүйн зураглал”-ыг Зураг төслийн мэргэжлийн “Эм Эс Пи Эм” ХХК-иар хийлгэсэн, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1166/2016 дугаартай “Цахилгааны техникийн нөхцөлийг “УБЦТС" ТӨХК-иас авсан, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1152/2018 дугаартай “Цахилгааны техникийн нөхцөлийг “УБЦТС” ТӨХК-иас дахин авсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр АГ/25 дугаартай “Гадна цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ”-г “Стэйт консалтинг” ХХК-тай байгуулж, 10/0.4 кв-ын 100 ква чадал бүхий дэд өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төслийг хийлгэсэн, 2019 оны 05 дугаар сард “УБЦТС” ТӨХК, Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн газрын алба зэрэг захиргааны байгууллагуудаар 10/0.4 кв-ын 100 ква чадал бүхий дэд өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугамын трас буюу байгуулалтын зургийг батлуулсан.      

“Стэйт консалтинг” ХХК-ийн боловсруулсан “Гадна цахилгаан хангамжийн зураг төсөл”-д “Эрчим хүчний хөгжлийн төв”-өөр магадлал хийлгэж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 083/2019 тоот “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргуулсан.

“ГБЭТ” ХХК-тай “Авто замын зураг, төсөл хийлгэх гэрээ” байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “ЛЧ” ХХК-ийн зуслангийн байрны авто замын зураг, төслийг хийлгэж, батлуулахаар Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн. Одоо зураг төсөл хянагдаж батлагдах шатандаа явж байгаа.

2000 оноос хойш дээрх газрыг эзэмшиж байх хугацаандаа манай компаниас зөвхөн газрын төлбөр 31,444,680 төгрөг, дэд бүтэц, барилга байгууламжийн Зураг төсөл боловсруулах ажилд 78,703,150 төгрөг хашаа хайс барих, шав тэмдэг тавих, инженер геологийн судалгаа хийх зэрэг бусад зардалд 91,730 000 төгрөг, нийт 201,882,830 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Найрамдал” зуслангийн зүүн талын энгэрт байрлах 2.0 га талбай бүхий зуслангийн байрны зориулалт газарт оруулаад байна.

Гэтэл 2019 оны 09-10 дугаар сард “...“Найрамдал” зуслангийн ойр орчимд олгогдсон газруудыг шалгаж байна, цуцлах гэж байна...”гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр явах болсон. Энэ хугацаанд НЗД болон Газрын албанаас манай газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллийг манай компанид өгөөгүй, албан ёсны шийдвэр, захирамж, мэдэгдэл ирээгүй. Нэгэнт дээрх асуудал яригдаж байсан тул бид асуудлыг тодруулахаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр НЗД-ын тамгын газар, Газрын албаны холбогдох хүмүүстэй биечлэн очиж уулзахад "... Наад асуудлаараа НЗД-ын Тамгын газарт албан бичгээр ханд. Манайх албан бичгээр хариу өгнө" гэсэн хариу өгсөн.

Ингээд манай компаниас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 43/19 тоот албан бичгээр манай газартай холбоотой ямар нэгэн шийдвэр, захирамж гарсан эсэхийг тодруулахаар хандсан. Манай 43/19 тоот албан бичгийг НЗД-ын Тамгын газрын дарга Э.Содномжамц хүлээн авч, ТЗУХ-ийн дарга Ү.Ганболдод, Ү.Ганболд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр Газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзийд, Д.Бат-Өлзий дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Т.Ганчимэгт тус тус “Судлан хариу өгөх” гэсэн цохолттойгоор шилжүүлсэн байсан. Бид “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-ын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан байгуулагч Т.Ганчимэгтэй уулзахад “...танай албан бичгийн хариу төслийг боловсруулаад дарга дээр орсон боловч албан бичгээр хариу өгөхгүй амаар хариу өг гэсэн. Иймээс танай газрыг НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/902 дугаар захирамжаар цуцалсан байна" гэсэн хариуг амаар өгч, Нийслэлийн засан даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаартай захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр хуулбарлан өгснөөр манай газар эзэмших эрхийг цуцалсан болохыг мэдлээ.

НЗД-ын дээрх хууль бус үйл ажиллагаанд бид гомдолтой байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” ажиллагаа захиргааны байгууллага хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай компанид НЗД-ын захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй. НЗД-ын А/902 дугаар захирамж 2019 оны 9 дүгээр сарын 05-ний өдөр гарсан байхад захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т заасны дагуу Захиргааны актыг манай компанид албан ёсоор мэдэгдээгүй. Бид өөрсдөө хөөцөлдөж байж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр хандаж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчаас хуулбар хувийг хүлээн авч танилцлаа. Иймд бид НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаар захирамжийн хуулбартай 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад ийнхүү шүүхэд хандаж байна.

НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн орчимд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон Нийслэл, Дүүргийн Засаг даргын дараах захирамжуудыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд “ЛЧ” ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал “ЛЧ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Найрамдал” зуслангийн зүүн талын энгэрт 2.0 га газрыг 2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар анх авсан бөгөөд тухайн үед уг газар бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай ямар нэгэн давхцалгүй байсан. Бид газраа эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж, тухайн газар зуслангийн байшин барих, дэд бүтэц тавих ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж байсан. Түүнчлэн манай компани анх 2000 онд газар эзэмших, ашиглах эрх авах үед Газрын тухай хууль /1994 оны/ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэтэл НЗД манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо 2002 онд батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Газрын тухай хуулийг буцаан хэрэглэж, “ЛЧ” ХХК- ийн эрх зүйн байдлыг дордуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн, эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулсан, хууль бус шийдвэр болжээ.

НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “...бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон мөртлөө манай компаниас сүүлд 2008 оноос хойш газар эзэмших эрх авсан манай хөрш, зэргэлдээ газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг цуцлаагүй зөвхөн манай компанийн газар эзэмших эрхийг онцгойлон цуцалсан нь төрийн үйл ажиллагааны “Шударга ёс, Тэгш байдал”-ийн зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт байна. НЗД “...бусдын эзэмшлийн газартай давхцалтай" үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийг хүчингүй болгох замаар гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь манай компани анх 2000 оноос хойш тухай газрыг эзэмшиж, ашиглаж байгааг судлаж тогтоогоогүй, бодит байдлыг шалгаагүй байна.  НЗД 2019 оны А/902 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1. “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2. “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ. Гэтэл манай л компанид газар эзэмших эрх анх 2000 онд олгогдсон бөгөөд 2015 он бид шинээр газар эзэмших эрх аваагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамж гарах үед тухай газар нь манай компани эзэмшил, ашиглалтанд байсан тул уг захирамжийн эрх зүйн үндэслэлийг шалгахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл хамаарахгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/218 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн гарсан ‘Газар эзэмших эрх сунгах”-тай холбоотой харилцааг зохицуулсан захиргааны акт юм. НЗД-ын 2019 оны А/902 дугаар захирамж нь “ЛЧ” XХК-д газар эзэмших, ашиглах эрх анх олгогдсноос хойш 19 жилийн дараа гарсан байна. Иймд НЗД-ын 2019 оны А/902 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж заасныг зөрчсөн байх тул хууль бус байна. Дээрх байдлаар НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсэг нь Монгол Улсын /Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчим", Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт байна.

Уг хууль бус захиргааны актын улмаас “ЛЧ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Найрамдал” зуслангийн зүүн талын энгэрт 2.0 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрх ноцтой зөрчигдөж байна. НЗД-ын 2019 оны А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор манай компанийн газар эзэмших эрх сэргэж, газар эзэмших эрхээ цаашид хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““ЛЧ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1869322917352 дугаартай газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар Зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

“ЛЧ” ХХК-ийн Газар эзэмших эрх 2000 онд үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2 “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/218 дугаар захирамж нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т  “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар “ЛЧ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Тус захирамж гарахаас өмнө “ЛЧ” ХХК-д Захиргааны хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/2803 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ЛЧ” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор нь 42 жилийн түүхтэй 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн Пионерын “Найрамдал” зуслан байгуулах тухай 6 дугаар тогтоол гарч анх байгуулагдаж гадаад дотоодын олон зуун мянган хүүхэд багачуудыг амрааж сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж ирсэн.

Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор нь Монгол улсын үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд  хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд тус цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт НЗД-ын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 тоот шийдвэрийг (үндэслэн, нэгж талбарын 55/0261 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 0178537 дугаартай гэрчилгээтэй 12250000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг.

Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор, хүүхдийн тусгай хамгаалалтын газар нутгийг 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 152 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баянголын хөндийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоож баталсан гэтэл уг тогтоолыг зөрчиж хүүхдийн эрүүл аюулгүй орчин, байгаль экологи, хүүхдийн амарч зугаалах, сурч боловсрох, зуслангийн орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байна.

“ЛЧ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж салбарын 1869322917352 дугаартай газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар Зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Тус “ЛЧ” ХХК”-ийн газар эзэмших эрх 2000 онд үүссэн бөгөөд уг газар нь Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын тусгай хамгаалалтын бүсэд байрлаж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалт Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “Хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

“ЛЧ” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.1, 35.3.2 дахь заалтуудыг зөрчсөн мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/218 дугаар захирамж нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна” гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 зүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар “ЛЧ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хууль журам дүрмийн хүрээнд захирамж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргаж байна.” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЛЧ” ХХК-иас НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг[1] хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар нэхэмжлэгч Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийн[2] “ЛЧ” ХХК-д  холбогдох хэсгийг  “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д...” заасныг үндэслэн, “...Олон улсын “Найрамдал” зуслангийн орчинд бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцуулан газар олгосон...” гэх үндэслэлээр  хүчингүй болгожээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “...Захиргааны ерөнхий хуульд эерэг нөлөөлөл бүхий актыг хэзээ цуцлах хугацааг хэтрүүлсэн, ”сонсох ажиллагаа хийгээгүй”, “ЛЧ” ХХК  энэ газрыг хэрхэн эзэмшиж, ашиглаж байсан талаар судлаагүй, холбогдох тайлбаруудыг аваагүй, “ЛЧ” ХХК нь газар эзэмших эрх авах үед Найрамдал зуслан газар эзэмшиж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа...” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд ОУХНТийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 1230 га байхаар тогтоосон[3] бол 1996 оны Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн НЗД-ын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар 2156 га болгосон[4]

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг[5] үндэслэн НЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ сунгах тухай” 482 дугаар захирамжаар “ОУХНТд 9705000 м.кв газрыг хүүхдийн амралтын газрын зориулалтаар эзэмшүүлэн, гэрчилгээ олгосон[6] хэдий ч техникийн алдааны[7] улмаас 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар газрын хэмжээг 12250000 м.кв болгон[8] өөрчлөн эзэмшүүлэн.

НЗД-ын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар “ОУХНТийн 12250000 м.кв талбайд нэгж талбарын 18629322631255 дугаар бүхий кадастрын зураг хийлгүүлэн[9] баталгаажуулжээ.

Харин нэхэмжлэгч “ЛЧ” ХХК-ийн хувьд ОУХНТд  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн НЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ сунгах тухай” 482 дугаар захирамжаар “ОУХНТд 9705000 м.кв газрыг хүүхдийн амралтын газрын зориулалтаар эзэмшүүлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар[10] Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2 га газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, 00/97 дугаар гэрчилгээний дагуу газар эзэмшиж байжээ[11].

Нэхэмжлэгчээс гэрээ болон гэрчилгээнд заасан газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрээ хангуулан хүсэлтээ[12] гаргахад Сонгинхайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар[13] түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар сунгаснаар маргаан бүхий актыг гаргах хүртэл эзэмших эрхээ хадгалж байсан болно.

Гэтэл хариуцагч НЗДас маргаан бүхий 2020 оны А/902 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх...” үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд болох “ЛЧ” ХХК-ийн тайлбар, санал гаргах боломж олгоогүй[14] буюу сонсох ажиллагааг төгс явуулаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтыг нягтлан үзвэл маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч “ЛЧ” ХХК-ийн газар эзэмших эрх, болон эзэмшиж байгаа газрын байршлын талбайн хэмжээ[15] гуравдагч этгээд өөрийн эзэмшил газрын хэмжээг мэдээллийн санд оруулж албажуулахаас өмнө бий болсон.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заасныг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, түүний мэргэжилтнүүд  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т “улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх; 23.2.1-д “газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил эрхлэх; хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүйгээс энэхүү эрх зүйн үр дагавар үүссэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлын нэгтэн дүгнэвэл НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэл нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, акт гаргахаас өмнөх Захиргааны хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг захирамжийг эрх зүйн зөрчилтэй акт болсон гэж үзэхээр байна.

Энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх зүйтэй гэж үзэн НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 23.2.15, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “ЛЧ” ХХК-ийн гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, “НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “ЛЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж, нэхэмжлэгч “ЛЧ” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

                                                 

 

 


[1] 1 Хавтас хэргийн 204-207 хуудас

[2] 1 хавтас хэргийн 190-191 худас

[3] 2 Хавтас хэргийн 123 хуудас

[4] 2 Хавтас хэргийн 109-115 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 230-236 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 246-247 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 244 хуудас

[8] 2 Хавтас хэргийн 3-4 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 221, 235, 2 хавтас хэргийн 1-2 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 34 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 37 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 192-200 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 190-191 худас

[14] 1 Хавтас хэргийн 22, 23 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 32 хуудас