Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2015/0151/З |
Дугаар | 221/МА2015/0454 |
Огноо | 2015-09-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2015/0454
Иргэн Ю.Б ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ю.Б , түүний өмгөөлөгч Г.А оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ю.Б ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар тогтоолгох, энэ хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 3.245.106 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулах, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 12.837.243 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ю.Б нь 1962 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд түүний нас нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 7 дахь хэсгийн 7.1-д Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад төрийн тусгай алба хаах насны дээд хязгаар ..., ахлах офицер 50, ... нас байна гэж заасан наснаас хэтэрсэн байна. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 7 дахь хэсгийн 7.2-т Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн төрийн тусгай алба хаах хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно гэж заасан бөгөөд уг заалтын дагуу Ю.Б ийн алба хаах хугацааг сунгаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ю.Б ийн алба хаах хугацаа дууссан байна. Тэрээр 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газарт гаргасан. Түүнчлэн Ю.Б ийн тэтгэвэрт гарах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Онцгой байдлын ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 4-1/2260 дугаарын албан бичгээр Ю.Б ийг тэтгэвэрт гаргах асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргатай зөвшилцсөн. Ю.Б ийг цэргийн тэтгэвэрт гаргах тухай Онцгой байдлын ерөнхий газрын саналыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга хүлээж аваад түүнийг зөвшөөрсөн тухай саналаа 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 19/650 дугаар албан бичгээр Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Ю.Б ийг тэтгэвэрт гаргах асуудлаар хуулийн хүрээнд зөвшилцсөн байна.
Иймд Ю.Б ийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 8 дугаар зүйлийн 1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 33 дугаар зүйлийн 33.12.2-т заасныг баримтлан Ю.Б ийн Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 12,837,243 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан Ю.Б ийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар тогтоолгох, энэ хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 3,245,106 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулах нэхэмжлэлд хэргийн оролцогчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, холбогдох шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Миний бие Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ажиллах тухай хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн Ерөнхий зохицуулагчаар томилогдсон.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.12.2-т зааснаар ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор миний цэргийн алба хаасан нийт хугацаа 35,4 жил болж байгаа нь үнэн. Үүн дээр маргахгүй.
2. Анхан шатны шүүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.5; 8.1-д зааснаар 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-ын 7 дугаар зүйлийн 7.1-д Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад төрийн алба хаах насны дээд хязгаар...ахлах офицер 50 нас... байна гэснийг зөрчөөгүй байна. Ю.Б ийг 52 настай байхад, цэргийн байгууллагад 35,4 жил ажилласан байхад нь цэргийн тэтгэвэрт гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүх дүгнэхдээ: Ю.Б нь 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасны дагуу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн даргын зөвлөлийн хурлаар уг асуудал нь хэлэлцэгдэж дэмжигдсэн байна. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1-д зааснаар ...36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно... гэж заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгожээ гэж дүгнэснийг мөн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хүрээнд биш, илт нэг талыг барьсан, нэхэмжлэгч миний хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдөж. хөндөгдөөд байгааг анхаарч дүгнэлт өгөлгүйгээр үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байгааг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Миний бие нь 2012 оны 04 дүгээр сарын 04-нд цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан нь үнэн боловч Онцгой байдлын ерөнхий газраас намайг тэтгэвэрт гаргах тушаал гаргаагүй. Учир нь би уг өргөдлөөсөө татгалзсанаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.А , Тамгын газрын дарга Г.Б нартай биечлэн уулзаж би төрийн тусгай алба хаасны тэтгэвэр тогтоолгоход дараалсан хамгийн өндөр цалинтай 5 жил буюу 60 сарын цалингийн дундаж тооцох боломжгүй болжээ, учир нь намайг Завхан аймгийн Онцгүй байдлын хэлтсийн даргын албанаас чөлөөлөөд дараа нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд томилогдох үед /2011 оны 01 дүгээр сарын 11-нээс 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл/ 3 сарын тасалдал гарсан тул үргэлжлүүлэн ажиллах, эсвэл энэ тасалдлыг нөхөн тушаал гаргуулах шаардлагатай байгаагаа хэлэхэд зохицуулж өгнө, хүлээж бай гэсэн тул би Мэдээлэл шуурхай удирдлагын төвдөө ажилласаар байсан бөгөөд энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас ямар ч хариу өгөөгүй.
Би дээрх өргөдлөө хүчингүй болсон гэж ойлгон 2013 оны 07 дугаар сард анхны удаа, 2014 оны 05 дугаар сард 2 дахь удаа Онцгой байдлын харьяа анги байгууллагад шилжүүлэн ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан болно. Эдгээр хүсэлтийн хариуг өгөөгүй байж байгаад гэнэт 2014 оны 08 дугаар сарын 22-нд намайг тэтгэвэрт гаргах тухай Б/414 дүгээр тушаал гарсан болохыг 2014 оны 08 дугаар сарын 31-нд мэдсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д зааснаар миний өргөдлийн хариуг өгөөгүй нь хууль зөрчиж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга /н.Дуламдорж/-тай уулзаж ярилцахад хүний нөөцийнхөн алдаа гаргасан байна, миний нэр дээр өргөдөл өгчих, гарц олж шийдэж өгнө гэсэн тул 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл өгсөн.
Би 2 жилийн өмнө тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч 2 тал хэн нь ч тэтгэвэрт гарах, гаргах шийдвэр, санаачилга гаргаагүй, би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан байхад өөрөө тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн байна гэж дүгнэлт өгөх нь үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т талууд цуцлах санал тавиагүй бөгөөд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэсэн заалт байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-ын 5.3-т энэхүү журмын 7.1-т заасан Төрийн тусгай алба хаах насны дээд хязгаарт хүрсэн албан хаагч Онцгой байдлын албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргана. Тэтгэвэр тогтоолгох албан хаагчид тухайн анги байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хуудас өгнө... гэснийг зөрчиж 2014 оны 08 дугаар сарын 22-ны Б/414 дүгээр тушаал гаргасан. Надад мэдэгдэл өгөөгүй бөгөөд үүгээр миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдсөн юм. Би цэргийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж залуу нас, мэдлэг чадвар, эрүүл мэндээ улсдаа зориулан зүтгэж ирсэн хүн. Гэнэтийн цохилтод орж, гомддог юм билээ.
2. Хэрэв Онцгой байдлын ерөнхий газрын дарга хүний нөөцийнхөн алдаа гаргаж, таныг тэтгэвэрт гаргасан тушаал буруу гарчээ, миний нэр дээр өргөдөл өг гарц олж залруулж өгнө гэж хэлээгүй бол, эсвэл залруулах боломжгүй гэдгээ шуудхан хэлсэн бол би бүтэн жил хүлээж хохирохгүй байсан. Ийнхүү Монгол Улсын иргэн, төрийн тусгай албан хаагч миний өргөдөл гомдолд хариу өгөхгүй хүнд суртал гаргаж /эс үйлдэхүйгээр/, намайг 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш ажил ч үгүй, тэтгэвэр ч үгүй хохироосон хууль бус үйлдэл байсаар байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн зарим шаардлагад нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохирч, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 3,245,106 төгрөгийг нөхөн гаргуулах асуудлыг 60 хувиар тооцуулж гаргуулахаар эвлэрснийг шүүх баталгаажуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ю.Б оос Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, бусад нэмэгдэл 12,837,243 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг мөн гаргажээ.
Ю.Б нь 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр илэрхийлж, ажлаас чөлөөлөх өргөдөл гаргаснаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар уг асуудал дэмжигдэж байсныг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/414 дүгээр тушаалаараа түүнийг алба хаах насны дээд хязгаар хүрсэн гэх үндэслэлээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчийн албан тушаалаас чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөх/ заалт болон хурандаа цолыг ахлах офицерын ангилалд хамааруулахаар заасан Засгийн газрын 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар Цэргийн цолны цалингийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралт, Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр тушаалаар баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-ын 7.1-д Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад төрийн тусгай алба хаах насны дээд хязгаар ... ахлах офицер 50 ... нас байна гэснээс үзвэл Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан ахлах офицер Ю.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэвэр тогтоолгох буюу төрийн албанаас чөлөөлөгдөх насанд хүрчээ.
Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 /Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй/-т тодорхой зохицуулсан бөгөөд энэ талаар тусгасан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-ын 7.2 /үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн төрийн тусгай алба хаах хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно/-т заасан эрхийнхээ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга тэтгэврийн насанд хүрсэн нэхэмжлэгч Ю.Б ийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 50 насанд хүрч, тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаж байсан нэхэмжлэгчийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дээрх хууль тогтоомжийн заалтын дагуу ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байна. Энэ нь харин түүнийг онцгой байдлын албанд ажиллуулах насны дээд хязгаар хүртэл ажиллуулах үндэслэл болохгүй.
Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 /Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно/-д заасны дагуу Ю.Б ид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байгаа тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Тиймээс тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Ю.Б ийг төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл байгаагүй гэж дүгнэх, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон, буруу халсны олговрыг олгох боломжгүй.
Харин гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүй удаашруулснаас тэтгэвэр тогтоолгож чадаагүйн улмаас хохирол учирсан гэж үзэж байгаа бол тухайн хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх Ю.Б ийн эрх нээлттэй бөгөөд энэ нь энэхүү захиргааны хэргийн маргааны зүйлд хамаарахгүй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР