Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2283

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.С-эд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.З-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ө.С-эд алтны хуурай төхөөрөмж скубр, дизелийн хамт худалдах, худалдан авах гэрээгээр 20 000 000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдсан. Уг гэрээг хийх үед 6 000 000 төгрөгийг дансаар, дараа нь 3 000 000 төгрөгийг мөн дансаар өгсөн. Үлдэгдэл 11 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгөхөөр гэрээндээ тусгасан боловч Ө.С- нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл өгөхгүй байна. Иймд Ө.С-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг, алданги 55 000 төгрөг, нийт 11 055 000 төгрөгийг  гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  иргэн Ж.З-оос  алтны хуурамж төхөөрөмж  скубер, дизелийн хамт  худалдах, худалдан авах гэрээгээр  худалдан авсан нь үнэн болно. Гэрээг хийх үед  иргэн Ж.З-ын  дансанд 6 000 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөгийг  шилжүүлсэн.  Үлдэгдэл 11 000 000 төгрөгийг  11 дүгээр сарын 2-нд  өгөхөөр тохиролцсон.  Гэвч худалдаж авсан тоног төхөөрөмж нь хүдэртэй шороогоо барихгүй алдаж байсан. Үүнээс болж зардал гарч цаг хугацаагаа алдаж, надад маш их хохирол гарсан.  Уг тоног төхөөрөмжийг Баянхонгор аймагт Дундговиос  өөрийн зардлаар авчруулсан. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт байрлах “Өвөр онц” гэх нэртэй газарт ажиллуулахаар очсон боловч энд алтны хүдэр гарахгүй газар байна гэж хэлсэн боловч ажиллахгүй байсан юм байна. Ажиллах үед нь хоол хүнс, шатахууны өдөр тутмын  зардлыг би хувиасаа гаргаж байсан. Уг газарт 700 литр  дизель түлш аваачсанаас 300 литрээр нь ажилласнаас 400 литр нь үлдсэн байхад иргэн Ж.З- нь дур мэдэн хулгайлан  200 литрийг зарсан байсан. Тэр мөнгөө хот руу шилжүүлсэн гэж өөрөө хүлээсэн. Энэ үед нь миний бие  холбогдох  хуулийн байгууллагад гомдолгүй  гээд  орхисон.  Уг төхөөрөмжийг  надад залилан  мэхлэж зарсан байна. Үүнээс болж надад маш их хэмжээний хохирол учирсан. Тийм учраас 11 055 000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

      Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.С-ээс 11 055 000 /арван нэгэн сая тавин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-ээс 191 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.З-оос  худалдаж авсан алт олборлох тоног төхөөрөмж нь чанар, стандартын шаардлага хангахгүй, хүдэртэй шороогоо барихгүй байсан. Тоног төхөөрөмжийг гар хийцийн аргаар хийж намайг хуурч мэхлэх арга хэрэглэж шаардлага хангахгүй болсон тоног төхөөрөмжийг зарж борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ж.З- нь хариуцагч Ө.С-эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.З- нь алтны хуурай төхөөрөмж скубрийг дизелийн хамт шилжүүлэх, хариуцагч Ө.С- нь 20 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, талууд гэрээ байгуулагдсан болон худалдан авагч нь гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... гэрээний зүйл нь чанарын доголдолтой тул үлдэх төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Түүнчлэн мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Гэрээний зүйл болох алтны хуурай төхөөрөмж скубр, дизелийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Ө.С- нь 2017 оны 8 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “... би ерөөсөө ажиллуулж үзэж аваагүй, очиж үзэж хараад л авсан” гэж, гэрч Ц.Данзанхүүгийн “... уг тоног төхөөрөмжөөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Үр үндэс” болон “Шинэжинэст” гэдэг газруудад 20-иод хоног нилээн олон метр куб шороо ухаж угаасан боловч алт гараагүй” гэж мэдүүлсэн тайлбар зэргээс үзэхэд гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх худалдагч нь эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу шаардах эрхээ алдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээний 3.7-д “хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүх гэрээний үндсэн үүрэгт 11 000 000 төгрөг, алданги 55 000 төгрөг, нийт 11 055 000 төгрөгийг хариуцагч Ө.С-ээс гаргуулж, нэхэмжлэгч Ж.З-од олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай байх боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй, дээрх алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. Тодруулбал, шүүгч Б.Мөнхбаярыг томилсон албажуулсан захирамж гараагүй байгаа боловч Шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 4 сарын 24-ний өдрийн 385 дугаар тогтоолоор шүүгч Б.Мөнхбаярт хуваарилах хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байна. /хх-ийн 61-64 дүгээр тал/

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах тухай хүсэлт болон гэрээний үнийн талаар шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд эдгээр хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн талаар тэмдэглэгдсэн байна. /хх-ийн 95, 97, 103 дугаар тал/

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш хөтөлсөн байхад шүүхийн шийдвэрт Б.Болд-Эрдэнэ оролцсон гэж алдаатай бичсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ