| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/02315/и |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н-гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид 2012 оноос эхлэн хамт амьдарч, Б.О-тай 2015 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин О.Гэгээлэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, одоо 4 настай. Бидний салах болсон шалтгаан гэвэл Б.О нь намайг хэнтэй ч хамаагүй харддаг, хэл амаар доромжилдог, бид нар өдөр бүр хэрүүл маргаантай байдлаас болж хамт амьдрах боломжгүй болсон. 2017 оны 08 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан, одоо тусдаа амьдарч байна. Охин надтай цуг, манай ээж, аавтай хамт байгаа. Шүүхээс эвлэрүүлэх хуагцаа өгсөн боловч бид эвлэрч амьдраагүй. Бидний зан ааш таарамжгүй, цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би охиноо аавтай нь энэ өнгөрсөн хугацаанд 4-5 удаа ууулзуулж байсан. Цаашдаа ч байнга аавтай нь холбоотой байлгана. Б.Оыг охинтойгоо уулзах, хамт байх, авч явахад нь ерөөсөө хориглодоггүй, тэгэх ч эрхгүй гэдгийг ойлгож байгаа. Би охиноо аав дээр нь үлдээх боломжгүй, өөрийн асрамжинд байлгана, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоно гэв.
Хариуцагч Б.О-аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Бид 2010 онд танилцаж, 2014 оноос нэг гэрт хамт амьдарсан. Бидний дундаас охин О.Гэгээлэн маань төрсөн. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрэх талаар Л.Н ямар ч арга хэмжээ аваагүй. Миний хувьд уучлалт гуйж, түүнтэй уулзах, ярилцах гэж олон удаа гуйсан боловч хүлээж аваагүй, гэрээр нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй, эсхүл чи яв зайл гэж хөөдөг. Охинтойгоо олон удаа уулзаж байгаагүй, намайг уулзуулдаггүй. Нэг удаа охиноо авч явахад халуураад байсан учир буцааж аваачиж өгсөн. Түүнээс хойш огт уулзуулаагүй. Би өмнө нь архи уудаг байсан боловч одоо архи уухаа больсон. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Л.Н нь цаанаа бусадтай холбоотой болсон учраас гэрлэлтээ цуцлуулах гэж байна. Өөрөө гэрлэлтээ цуцлуулна гээд байгаа бол би цуцлуулна. Гэхдээ охиноо би өөрийн асрамжинд авч өсгөнө. Охиныг Л.Н ч өөрөө харж асраагүй аав, ээж нь харж байгаа. Надтай охиноо байнга уулзуулна гэж байгаа боловч үүнд нь би итгэхгүй байна, тиймээс би охиноо өөртөө авч үлдэх хүсэлттэй, харин охинд оногдох хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй, би өөрөө охиноо өсгөх боломжтой. Би охиноо эцэг, эхтэйгээ, элэг бүтэн л амьдруулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Б.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2012 оноос эхлэн хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 13-нд охин О.Гэгээлэн төрж, зохигчид 2015 оны 03 дугаар сарын 26-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь Г-4531 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, 1125000196 тоот гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.
Хариуцагч Б.О нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй, цуцалсан тохиолдолд хүүхдээ өөрийн асрамжинд байлгана гэж тайлбарлаж байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10266 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авч 2 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрэн хэлэлцээгүй, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн бусад гишүүдийг хүндэтгэдэггүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн бага насны охин О.Гэгээлэнг ээжийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь бага насны хүүхдийг өсгөж бойжуулах, асрах, хамгаалах орчин нөхцөл, түүний эрүүл мэндэд болон хүмүүжилд тавих анхаарал, халамжийн байдал зэргийг харгалзан мөн одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа ээнэгшин дассан орчин нөхцөлд нь өсгөж хүмүүжүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцэх тул охин О.Гэгээлэнг эх Л.Нтай нь хамт байлгах үндэслэлтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өөрийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Хүүхдийг...эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно...” гэж тус тус заасан байх ба охин О.Гэгээлэн нь эцэг, эхийнхээ аль алинтай нь хамт байх, уулзах, эрүүл мэнд өсч бойжих, амьдрах эрхтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д зааснаар охинтойгоо эцэг Б.О нь уулзаж, хамт байх, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Л.Н саад болохгүй байхыг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин О.Гэгээлэнг эх Л.Нгийн асрамжинд үлдээн, түүнд оногдох хүүхдийн тэтгэлэгийг эцгээс нь гаргуулж олгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар Гачин овогт Л.Н, Хотгойд овогт Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн охин Хотгойд овогт Отгонбатын Гэгээлэнг эх Л.Нгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин О.Гэгээлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6.-д заасныг баримтлан хариуцагч Б.О-ын, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан хүүхэдтэйгээ уулзах, хамт байх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Л.Н-д даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА