Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Хохирогч С.Энхцэцэг

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.БатЭрдэнэд холбогдох эрүүгийн 1914006500383 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Жамбаа овогт Нямын Бат-Эрдэнэ 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн 34-06 тоотод хамтран амьдрагч С.Энхцэцэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, 2 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд уйлаад байхаар нь Баяраа гэдэг ламынд очиход Баяраа ламын төрсөн өдөр болж архиар шахсан манай эхнэр уугаад байсан. Гэртээ харихаар явах замдаа би архи уулаа гэж хэлээд уурлахад эхнэр С.Энхцэцэг миний хамар руу цохиж хамраас цус гарахад миний уур хүрч нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон, ... хоноод маргааш өглөө нь эхнэр намайг цохилоо гэж уурлаж хэрүүл хийгээд байхаар нь би хоёр өдөр архи уугаад дүү Халзангийд байхад намайг ирж авсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

Хохирогч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай хүүхэд уйлаад хамаатаны лам Баяраа ахынд очсон. Хүүхдээ үзүүлчихээд лам Баяраа ахын төрсөн өдөр гэж хэлээд архи тойруулж ууж байсан. Намайг архиар шахаж хоёр, гурван рунк архи уусан. Гэртээ харих замд манай нөхөр Н.БатЭрдэнэ архи уулаа гэж зэмлэхэд би нөхрийнхөө нүүрэнд цохьсон байх хүүхдийн өлгий цус болчихсон намайг битгий давраад байгаарай гэж хэлээд миний зүүн талын нүд рүү цохьсон ... манай нөхөр Н.БатЭрдэнэ гараараа зүүн нүдэнд нэг удаа цохьсон тухайн үед би согтчихсон байсан ... Би хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй гурван хүүхэдтэй. Манай нөхөр Н.БатЭрдэнэ архи уугаад байдаггүй, нэг уухаараа авир муутай уудаг болохоор архи уудаггүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орой гэртээ ирэхэд аав Н.БатЭрдэнэ жоохон дүүг тэврээд гэртээ ирэхдээ хамраас нь цус гарчихсан байсан. Та яасан гэж асуухад ээж чинь цохичихлоо гэж хэлсэн. Нилээд удсаны дараа ээж С.Энхцэцэг араас нь орж ирсэн, ээж жоохон юм уучихсан согтуу байсан. Аав ээжийг зодож байгаагүй, хэрүүл маргаан хийгээд байдаггүй ... би хоёр хоноод гэртээ ирэхэд ээжийн нүд жоохон хөхөрсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн 563 дугаар шинжээчийн 1. С.Энхцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/, зэрэг нотлох баримтууд тус тус болно. -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 28-29/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 38-42/, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/1927 дугаартай тодорхойлолт /хх-ийн 54/, депозит дансны хуулгууд /ххийн 51-53/, иргэний үнэмэлхний лавлагаа /хх-ийн 48/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56- 58/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 59-63/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 64/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ 3 хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн 34-06 тоотод хамтран амьдрагч С.Энхцэцэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Н.БатЭрдэнийн ... эхнэр С.Энхцэцэг миний хамар руу цохиж хамраас цус гарахад миний уур хүрч нүр рүү нь гараараа нэг удаа зүүн талын нүд рүү цохьсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 / Хохирогч С.Энхцэцэгийн ... манай нөхөр Н.Бат-Эрдэнэ гараараа зүүн нүдэнд нэг удаа цохьсон тухайн үед би согтчихсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийгийн ... би хоёр хоноод гэртээ ирэхэд ээжийн нүд жоохон хөхөрсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн 563 дугаар шинжээчийн ... С.Энхцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.БатЭрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.БатЭрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1- д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 427 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Н.БатЭрдэнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Хэргийн хохирогч С.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм Хохирогч С.Энхцэцэг нь Н.БатЭрдэнийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.БатЭрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.БатЭрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь хувьдаа 53 толгой бог малтай, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.БатЭрдэнийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.БатЭрдэнэд буцаан олгож , шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жамбаа овогт Нямын БатЭрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.БатЭрдэнийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.БатЭрдэнэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Н.БатЭрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.БатЭрдэнийн эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.БатЭрдэнэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА