Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0020/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Н.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой, Н-гийн Б-д холбогдох 1818008540539 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн ********** регистрийн дугаартай, Н- овогт Н-гийн Б-.

- Шүүгдэгч Н.Б- нь Дархан-уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр хорих ангийн ойролцоох газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг түүж бэлтгэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар багийн **-р байрны ** тоот гэртээ  хадгалж, татсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Н- Н-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал 8.0300 грамм, цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал 1039 грамм, ургамал түүсэн газраас шинжилгээнд зориулж авсан дээж болох хатаж шарласан өвс 23 грамм зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах,

- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Н.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өвс түүсэн газраа заан өгч, хадгалсан байсан өвсөө цагдаагийн байгууллагад өгсөн зэрэг нь өөрийгөө илчилсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б- нь ам бүл 3, эх, эхнэрийн хамт амьдардаг, түүний эх нь группт байдаг бөгөөд эхнэр Т.Туяажаргал нь анхан шатны шүүх хуралдааны өмнө жирэмсэн байсан ба одоо амаржсан байгаа, нярай хүүхэд нь Улаанбаатар хотод сэхээнд байгаа зэрэг ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.

Иймд Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.д зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-г биечлэн оролцуулах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна., Гомдолд дурдсан үндэслэлээр оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б- тайлбартаа:

Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна., хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Б- нь Дархан-уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр хорих ангийн ойролцоох газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг түүж бэлтгэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 49-р брак байрны 05 тоотод хадгалсан /татсан/ гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Н.Б- өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Туяажаргалын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11915., 11918., 11919., дугаартай “ ...Н.Б-гээс хурааж авсан хатаж шарласан өвс, ургамалд шинжилгээ хийж үзэхэд   дельта 9 тетрагидроканнабинол бөгөөд энэ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөлөх  бодисын жагсалтад багтдаг болно...”  гэсэн дүгнэлт, мөн 11913 дугаартай шүүгдэгчийн шээснээс дээж авч шинжилсэн дүгнэлт болон хэргийн газарт хийсэн /ургамал түүсэн газар мөн гэрээс хураан авсан/ үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан,  шүүгдэгч, гэрчээс  хуулийн дагуу мэдүүлэг авч, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж,  хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан ... хорих ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ авч өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                   Ц.ТУЯА