Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 114/2015/0027/З |
Дугаар | 221/МА2015/0424 |
Огноо | 2015-09-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2015/0424
Г.Мөрөнгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгчО.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийнөмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчЛ.Наранжаргал, гуравдагч этгээд С.Алтантөгс, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугааршийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Мөрөнгийн нэхэмжлэлтэй,Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд Дархан-Уул аймагт явагдсан Төрийн албан хаагчийн шалгалтанд Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт Газрын даамал-ын орон тоон дээр Туслах түшмэл ТЗ-3 ангилал зэрэгт шалгалт өгч тэнцсэн.
Хонгор сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр Тушаал хүчингүй болгох тухай захирамжийн үндэслэл болгож барьсан хууль, зүйл заалт болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 40.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 7.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалтууд нь уг захирамжийн үндэслэл болж чадахгүй байна. Уг захирамжийн 1 дэх заалтанд дурьдсанаар Хууль тогтоомжийг зөрчсөн тул Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 26, 27 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаал нь яг ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн тухай тодорхой дурьдаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх нь Тамгын газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байх ба Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан асуудлаар маргаан гарсан тохиолдолд тус хуулийн 39.1, 39.4-т заасны дагуу Төрийн албаны төв байгууллага болон Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байхад Хонгор сумын Засаг дарга Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалыг хүчингүй болгосон захирамж гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар С.Алтантөгсийг ажилд эгүүлж авсан нь хуулийн дагуу Төрийн албаны шалгалт, болон бусад холбогдох шалгуурыг хангаж Хонгор сумын газрын даамлаар ажиллах эрх үүссэн миний эрх ашгийг хөндөж байгаа тул Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг 2015 оны Б/30 тоот тушаалыг хүчингүй болгуулах, мөн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар С.Алтантөгсийн ажлаас халсан 2015 оны 26 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба хуулийн дагуу гаргасан тушаалаа хууль бус тушаалаар хүчингүй болгож миний эрх ашгийг хөндөж байгаа тул уг 2015 оны 39 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Төмөрбаатар нь сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.8, 6.12-д заасны дагуу ажилтныг томилж, чөлөөлөөгүй буюу сумын Засаг даргад танилцуулж байж хэрхэхээ шийдвэрлээгүй байх тул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 26, 27 дугаар тушаалуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хүчингүй болгосон.
Сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байгаа С.Алтантөгс нь 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт явагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт-д 25-д /7 дугаарт/ бүртгэгдсэн байна. Нөөцөд бүртгэлтэй хүчинтэй 2 жилийн хугацааны дотор буюу Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтаас хойш 1 жил 8 сарын дараа С.Алтантөгсийг 2010 оны 01 дүгээр сарын 18-нд сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаал /Төрийн захиргааны/-д томилсон.
2010 оны 10 дугаар сараас Төрийн үйлчилгээний албан тушаалд 2012 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд томилогдсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23.4-д зааснаар чөлөөлөгдөж, 23.5-д зааснаар уг хугацаанд нөөцөд бүртгэлтэй хэвээрээ байхдаа Төрийн захиргааны албанд томилогдсон болохыг гэрчилж байна. Түүнийг газрын даамлаар түр ажиллаж байх хугацаанд нь Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс тухайн үед түр ажиллаж байгаа хүний тангарагийг өргүүлэхгүй гэсэн шийдвэр /өөрөөс нь үл хамаарах/-ийг амаар өгсөн байна.
Г.Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд ажлуулаагүй тул цалин олгох ямар ч үндэслэл байхгүй юм. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын цагийн бүртгэл болон нийгмийн түүний нийгмийн даатгалын дэвтэрт ямар ч бичилт хийгдээгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Мөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Хонгор сумын Засаг дарга П.Баттөрөөс тус шүүхэд хүргүүлсэн тайлбартай ижил байр суурьтай байна. Г.Мөрөнг ажилд томилсон, С.Алтантөгсийг ажлаас чөлөөлсөн, С.Алтантөгсийг эгүүлэн ажилд томилсон нь бүгд хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд С.Алтантөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байгаа С.Алтантөгс миний бие нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 26 тоот тушаалыг 17 цагт хүлээн авсан. Энэ тушаалыг гаргахдаа ажилтныг халахдаа урьдчилан мэдэгдээгүй тухайн өдрөө дараагийн хүнийг томилсон нь дараагийн шатанд гомдол гаргах эрхийг минь хаасан, Төрийн албаны шалгалтанд тэнцсэн байхад дахин зарлуулсан, байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлээгүй зэрэг зөрчил гаргасан.
2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт явагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт -д 25-д /7 дугаарт/ бүртгэгдсэн байна. Нөөцөд бүртгэлтэй хүчинтэй 2 жилийн хугацааны дотор буюу Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтаас хойш 1 жил 8 сарын дараа С.Алтантөгсийг 2010 оны 01 дүгээр сарын 18-нд сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд томилогдсон.
2007 оноос эхлэн Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт төрийн албанд ажиллаж ирсэн. 2009 оны 01 дүгээр сараас ЭМТ наран ОНҮӨГ-т нярав, бичиг хэргийн ажилтан буюу ТҮ-4-1 шатлалаар төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад 2010 оны 01 тоот тушаалаар ТЗ-3 шатлалаар Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажилласан. 2010 оны 10 дугаар сараас Төрийн үйлчилгээний албан тушаалд 2012 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн сумын Засаг даргын Тамгын газрын даамлын албан тушаалд томилогдсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23.4-д зааснаар чөлөөлөгдөж, 23.5-д зааснаар уг хугацаанд нөөцөд бүртгэлтэй хэвээрээ байхдаа Төрийн захиргааны албанд томилогдсон болохыг гэрчилж байна.
Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд тангараг өргүүлэх тухай удаа дараа /сумын ЗДТГ-ын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/132 тоот/ албан бичиг явуулсан.
Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Төмөрбаатар нь сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.8, 6.12-д заасны дагуу ажилтныг томилж, чөлөөлөөгүй буюу сумын Засаг даргад танилцуулж байж хэрхэхээ шийдвэрлээгүй байх тул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 26, 27 дугаар тушаалуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хүчингүй болгосон.
Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан өргөдлөө Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг Ж.Наранчимэгт 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 37 минутанд 66 дугаарт бүртгүүлэн хүлээлгэн өгсөн боловч одоог хүртэл Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулагдсныг баталгаажуулсан. Шүүгчийн захирамжийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 39 тоот тушаалаар 2015 оны 26 тоот тушаалыг хүчингүй болгосон. Мөн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот захирамжаар 2015 оны 51 дугаар захирамжийн С.Алтантөгст холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Эдгээр захирамж тушаалаас үзэхэд сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны Б/78 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 , 17.2 , 17.3 , Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр захирамжийн 27 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсгийг, мөн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаартай тушаал, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тушаал хүчингүй болгох тухай 39 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр дүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөрөнд ажиллах ёстой байсан хугацааны цалинг тооцож Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.Алтантөгс давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2008 оны 05 дугаар сарын 29 ний өдрийн 43 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдээд төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 8.7-д заасны дагуу нөөцөд байх 2 жилийн хугацаандаа буюу Дархан Уул аймаг Хонгор сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын даамлаар С.Алтантөгс намайг томилж энэ өдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн билээ. Үүний дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Г.Отгончимэд нь аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжиж ажиллах болсон тул сумын Засаг даргын Тамгын газар газрын даамлын үүрэгт ажлаас 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс чөлөөлөгдөж, улмаар сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар ЭМТ Наран ОНӨҮГ-ын няраваар ажиллаж байсан С.Алтантөгс миний бие нь томилогдсноор нөөцийн 2 жилийн хугацаандаа ажилдаа орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгааг 2 жилийн хугацаа 1 сар 12 хоногоор хэтэрсний дараа томилогдсон гэж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Миний бие Дархан Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийгмийн халамжийн байцаагчаар, 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нийгмийн ажилтан, 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эмт Наран ОНӨААТҮГ, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газрын даамлаар түр, 2012 оны12 сарын 06-ны өдөр газрын даамлаар ажиллаж байгаа юм. Харин газрын даамал орон тоо нь дээр төрийн жинхэнэ албан хаагч мэргэжлийн хувьд 2010 оны 01 дүгээр сарын 18-ны 01 дүгээр тушаалаар ажиллаж эхэлснээр хуулийн хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй болно.
Намайг шүүгч өмгөөлөгчөөр хангаагүй, нэхэмжлэгч тал өмгөөлөгчидтэй байсан. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлууж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар гаргасан, бүрэн гүйцэд материалтай танилцаагүй, материал нэмэгдсэн байна гэж туслах н.Батболдод хэлэхэд, 2015 оны 06 дугаар сарын 25-26-ны хооронд манайх нээлттэй хаалганы өдөрлөгтэй гэсэн. Би 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр талийгаачийн оршуулгын ажилтай байсан. Энэ талаар хүсэлт өгч хойшлуулсан юм. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 08.00 цагт шүүх хурлын өмнө ирээд хэргийн материалтай танилцах гээд хүлээхэд туслах н.Батболд нь 10 цагт ирсэн. Шүүх танхимд орж хэргийн материалтай 10 цагт танилцсан хойшлуулах хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй, шүүх хурлыг хийсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Би танилцах гэж туслахад хэд хэдэн удаа холбогдсон боловч надад хэргийн материалыг танилцуулаагүй 10 цагт дутуу үзүүлж шүүх хурлын танхим руу оруулсан, шүүгчид энэ талаар хэлсээр байтал хурлыг хийсэн нь нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Шүүх хуралдааны засварлах үеэр нарийн бичгийн даргаар Б.Содболдыг дуудаж шүүхийн шийдвэрийг түүнтэй зөвлөлдөж гаргасан гэж үзэж байна. Учир нь шуүх хурлыг засварласан байхдаа хуралдааны танхимд дуудаж өмгөөлөгч Б. Содболдыг оруулсан юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нь өмгөөлөгч болохоосоо өмнө шүүгч Л.Одбаатарын туслахаар ажиллаж байсан найз нөхдүүд болно. Талийгаачийн ажил явдлын үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. Содболд болон шүүгчийн хамтаар Засаг даргын Тамгын газарт хийсэн баримтын үзлэгт намайг оролцуулаагүй бөгөөд уг материалтай танилцах гэхэд танилцуулаагүй болно. Энэ нь нэг талд баримт бүрдүүлсэн үйлчилгээ гэж үзэж байна.
Миний бие нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ЭМТ Наран ОНӨААТҮГ -аас 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тушаалаар газрын даамлаар ажилласнаар Төрийн албаны тухай 17 зүйлийн 17.4-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэсний дагуу өмнө ажиллаж байсан н.Отгончимэд нь Дархан Уул аймагт шилжсэн нь сул орон тоо биш, харин захиргааны алба ажилчдынхаа дотор зохион байгуулалт хийж, мэргэжлийн бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа юм. Харин Дархан Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зохиомлоор сул орон тоо гэж хууль бус үйлдэл хийгээд байгааг анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Мөрөнгөөс Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр захирамжийн 27 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсгийг, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаал, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/714 дүгээр албан бичгээр газрын даамлын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга өгсний дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж, Г.Мөрөн нь сонгон шалгаруулалтад орж өндөр оноо авсан тул уг ажлын байранд түүнийг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлжээ.
Улмаар Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар албан бичгээр газрын даамлын албан тушаалд Г.Мөрөнгийн нэрийг дэвшүүлсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар Г.Мөрөнг мөн өдрөөс эхлэн туршилтын 1 жил хүртэл хугацаагаар Сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд томилсон байна.
Гэтэл дээрх тушаалыг Хонгор сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж зааснаар Тамгын газрын ажилтныг ажилд томилох эрх нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийн асуудал юм.
Иймээс Хонгор сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр захирамжийн 27 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий газрын даамлын албан тушаалд нэхэмжлэгч Г.Мөрөнг томилохоос өмнө гуравдагч этгээд С.Алтантөгс ажиллаж байсан бөгөөд тэрээр уг албан тушаалд сул орон тоо гараагүй, түүний төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа хэтрээгүй байхад уг албан тушаалд томилогдсон гэх гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал,
С.Алтантөгс нь 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нийгмийн ажилтны ажлын байранд төрийн албаны шалгалт өгч Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар заасан.
С.Алтантөгс нь төрийн албаны шалгалт өгснөөс хойш нөөцөд байх 2 жилийн хугацаандаа буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тушаалаар газрын даамлын албан тушаалд түр томилогдож, улмаар 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсний дараа өөрийн үндсэн ажил болох Эмт наран ОНӨҮГ-ын няраваар ажиллажээ.
Үүний дараа сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар тушаалаар С.Алтантөгсийг газрын даамлаар томилсон боловч энэ үед түүний төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байх 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, С.Алтантөгс нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Эмт наран ОНӨҮГ-т нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилласан байх бөгөөд тэрээр 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдсон тохиолдолд хугацааг хэтрээгүй гэж үзэхээр байна. Харин энэ хугацаа нэгэнт хэтэрсэн байхад гуравдагч этгээдийг маргаан бүхий газрын даамлын албан тушаалд томилсон байх тул уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ талаар мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалт явуулж, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр уг албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д заасны дагуу шийдвэрлэх талаар сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.
Түүнчлэн гуравдагч этгээд нь маргаан бүхий газрын даамлын албан тушаалыг сул орон тоо гэж үзэж, уг орон тоонд сонгон шалгаруулсан шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэрийн дагуу явагдсан сонгон шалгаруулалтад оролцож нэхэмжлэгч нь тэнцсэн байх тул анхан шатны шүүхээс маргаан бүхий Засаг даргын 2015 оны 51 дүгээр захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/30, 39 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 18 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар С.Алтантөгсийг газрын даамлаар эгүүлэн томилсон тул түүний Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч энэ хэрэгт гуравдагч этгээд С.Алтантөгс нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа дууссан байхад газрын даамлын албан тушаалд томилогдсон, мөн Б/30 дугаар тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдсон учир түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуулийн заалтыг бүрэн гүйцэт баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Мөрөнд 2015 оны 03 дугаар сарын 18-наас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалинг ТЗ-3.1 ангилалаар бодож олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН