Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2318

 

 

 

 

 

 

 

 

 

Х банк-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Х банк-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б, Т.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 445 913 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Е, Х.Т,

Хариуцагч: Т.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Б- нь манай банктай 2014 оны 7 сарын 28-ны өдөр 1580004381 дугаартай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг хашаа байшин авах зориулалтаар авсан. Уг гэрээнд зээлдэгчийн нөхөр Г.Б нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон. Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, .............. тоотод оршин байрлах 74 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 404 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгч Т.Б- нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017 оны 1 сарын 11-нээс хойш огт төлбөр хийгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Энэ үндэслэлээр 2017 оны 6 сарын 6-ны өдөр банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, үндсэн төлбөр 25 267 971 төгрөг, зээлийн хүү 2 156 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 468 төгрөг, нийт 27 429 415 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг буюу нийт 27 445 914 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа, хүү төлсөн асуудлыг буцаана гэж байгаа ч өөрсдөө тооцооллыг гаргаагүй, бодолтыг хийгээгүй, хэдэн төгрөгийг илүү төлсөн гэдэг баримтыг манайд гаргаж өгөөгүй. Банкны зээлийн хүү нь тооцоолсон тооцооны дагуу гарч байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 1 сараас хойш зээлийн хүүг тооцохдоо жилийн 18 хувиар буюу сарын 1,5 хувиар тооцож нэхэмжилж байгаа. Хариуцагч Т.Б- нь анх зээл авсан тус банкны “Хүчит шонхор” салбарын захиралтай уулзахдаа зээлийн хугацааг сунгах санал тавьсан байсан. Ингэж хугацаа сунгахад Монголбанкны журмаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт ороход зээлийн хуримтлагдсан хүүг заавал төлөх ёстой. Гэтэл ямар ч хүү төлөхгүй гээд байна, тэгээд хүүгүй зээл авсан болоод байна уу. Хариуцагч нар нь ямар нэгэн аргаар төлөлт хийх боломжгүй юм байна гэснийг үндэслээд гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан. Зээлийг төлөөгүй хугацаа хэтэрсэн нь зөрчил гэж үзнэ. Тухайн дүнгээр зээлээ төлбөл нэг удаадаа тохиролцох боломжтой. Хариуцагч нар мөнгөн дүн дээр маргаантай, хүүг төлөхгүй гээд байгаа. Тэгэхээр гэрээгээ үргэлжлүүлнэ гэвэл мэдээж хүүг төлөх болно, үүнийг зөвшөөрөхгүй учраас өөр байдлаар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм. Өмнө төлсөн бүх мөнгийг одоо байгаа үлдэгдэл зээлээс хасуулна гэж байгаа нь огт үндэслэлгүй гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 сарын 28-нд 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг авсан. Бид 40 000 000 төгрөгийн хашаа байшин худалдаж авахдаа 12 000 000 төгрөгийн урьдчилгааг өгч, 28 000 000 төгрөгийг нь банкнаас зээлж өгсөн юм. Бидний тооцоогоор нийт 16 221 000 төгрөгийг банкинд төлсөн байгаа. Захиралтай нь уулзаад бид хоёр 3 сард хашаа байшинг зарна, тэр хүртэл хүү бодохгүйгээр зогсоож байгаач гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд үлдэгдлийг нь асуухад 26 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд яагаад зээл төлөөд байхад хасагдахгүй байгаа юм бэ гэхэд бид нар хүүгээ авч байна гэж хэлсэн. 2017 оны 4 сарын 14-нд мэдэгдэх хуудас ирүүлсэн бөгөөд 1 754 000 төгрөгийг төлөх, үүнээс 389 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаад хүүнд 1 363 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 550 000 төгрөг гэж орсон. Мэдэгдэх хуудсыг аваад захирал дээр нь очиж учир байдлаа хэлж, хүүгээ зогсоож өгөөч гэж гуйсан. Тэгэхэд тийм юм байхгүй, гэрээнийхээ дагуу төлөөд яв, эсхүл хураалга гэдэг зүйлийг хэлсэн. 27 440 000 төгрөг гэж нэхэмжилсэн байгаа, бид нар хашаа байшингаа зараад ч энэ мөнгийг өгч чадахгүй. 2 хүүхэдтэйгээ гудамжинд гаралтай нь биш. Бид 2 машинаа зараад зээлэндээ өгсөн. Бид зээлэнд өгсөн 16 221 000 төгрөгөө нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулаад үлдсэнийг нь төлөөд гэрээгээ үргэлжлүүлэхгүй цуцалж, гэрээнээс татгалзана. Бид хоёр ажилгүй, нөхөр маань өдөр таксинд явж амьдралаа болгодог. Банк ашгийн байгууллага ч гэсэн зээлнээс ердөө 571 000 төгрөг л хасагдсан байна. Бидэнд илүү төлөлт ч хийж байсан удаа байгаа. Ядаж хүүнд 50 хувь, үндсэн зээлд 50 хувиар тооцоод авч болно шүү дээ. Гэрээг үргэлжлүүлнэ гэхээр дахиад л хүү тооцогдох учир гэрээ цуцлахыг бид зөвшөөрч байна, харин 16 221 000 төгрөгийг хасуулаад үлдсэнийг нь төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.Б-, Г.Б нараас 26 741 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк-д олгож, нэхэмжлэлээс 704 661төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

   Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 65 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 1580004381-01 тоот баталгаат ипотекийн гэрээний барьцааны зүйл болох Т.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202011580 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, ............ тоотод байрлалтай, 18641313571409 нэгж талбарын дугаартай, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах өмчлөх эрхийн Ү-2202018913 дугаарт бүртгэлтэй, 74 м.кв талбайтай, хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус албанд даалгаж, 

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 7 сараас 2017 оны 1 сарын 15-гы хооронд 16 221 000 төгрөг төлсөн. Гэтэл одоо үлдэгдэл 26 741 252 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх 6 741 252 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 6 741 252 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Х” банк ХХК нь хариуцагч Т.Б-, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 445 913 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Х банк” ХХК нь 28 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Т.Б-, Г.Б нар нь, 120 сарын хугацаанд, тохирсон хүүгийн хамт зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, ..... тоотод байрлах, газар болон хувийн сууцыг барьцаалсан байна. /хх-ийн  4-11 дүгээр тал/        

                                                                                                                       

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Х банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Т.Б-, Г.Б нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд “...зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгана” гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 20.5 хувь байна”, 2.3-т “Банк нь жил бүрийн 6, 12 дугаар саруудад зээлийн хувьсах хүүг банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн жилийн хүүг тогтоож дараа сарын 1-ний өдрөөс мөрдөнө” гэж банк дангаар мэдэгдэл заасан байна. Талуудын хоорондын дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл гэрээ байгааг анхан шатны шүүх анхаараагүйн улмаас ийм төрлийн гэрээнд Иргэний хуулиар тогтоосон хязгаарлалтуудыг баримтлаагүй нь буруу байна.

 

            Аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй  байгуулсан гэрээний стандарт нөхцөлийн утга санаа ойлгомжгүй бол Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагч талд буюу зээлдэгч иргэнд ашигтайгаар тайлбарлана.

 

            Нэхэмжлэгч Х банк нь гэрээний 2.2, 2.3-т суурь хүү, хувьсах хүү гэж 2 өөр хэлбэрээр зээлийн хүүг тодорхойлсон гэрээний агуулгыг тайлбарлахдаа талуудын гэрээгээр тохиролцсон хамгийн бага хүү болох 16.5 хувиар тооцож хүү гаргуулах нь зээлдэгчид ашигтай тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Иймд зээлдэгч нарын зээл авсан өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 34 сар 10 хоногийн хүүг жилийн 16.5 хувиар тооцоход /28 000 000 х 16.5% = 4 620 000₮ жилийн хүү, 4 620 000₮ : 12сар = 385 000₮сарын хүү, 385 000 х 34сар 10хоног = 13 218 333/ 13 218 333 төгрөгийн хүү, зээлийн гэрээний үндсэн төлбөр 28 000 000 төгрөг, нийт 41 218 333 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүнээс зээлдэгч нарын төлсөн 16 221 000 төгрөгийг хасч үлдэх 24 997 333 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452  дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан алдаа гаргасныг нэмж дүгнэх замаар залруулах боломжтой байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхой байхаар заасан. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээнд үндсэн хүүгийн хэмжээ тодорхой бус байхад нэмэгдүүлсэн хүүг гэрээний 4.1.11-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэнэ гэж заасан нь дээрх хуулийг зөрчсөн байна. Иймд энэхүү хууль зөрчсөн гэрээний заалтад үндэслэн нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т нийцнэ.

 

            Харин талуудын хооронд байгуулсан баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

 

 Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр товлосон атлаа 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх боловч талууд хэн аль нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон, тэдгээрийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 26 741 252 төгрөг” гэснийг “24 997 333 төгрөг” гэж, “... 704 661 төгрөг ...” гэснийг “2 448 580 төгрөг” гэж,

3 дахь заалтын “... 291 656 төгрөг ...” гэснийг “282 936 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 820 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ