| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0241/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/230 |
| Огноо | 2017-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2017/0241/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц-,
Шүүгдэгч М.М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.М-т холбогдох эрүүгийн 1718000170035 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, М.М-,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.М.М- нь иргэн А.А.А-г Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын хувцас, сургалтын төлбөр гэж нийт 2 901 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М.М-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн:
Би анх Л- гэх хүүхэдтэй фэйсбүүкээр найз болж өөрийгөө М- гэж танилцуулаад харилцаж эхэлсэн. Тэгээд би харилцаж байхдаа өөрийгөө Дарханы Онцгой байдлын албанд хүний нөөцийн ажилтан хийдэг гэж хэлээд Онцгой байдалд ажилд орох хүмүүсийг бүртгэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Л- гэж хүүхэд найз А.А- гэх хүүхдэд миний гар утсыг өгсөн байсан. А.А- над руу утсаар яриад Онцгой байдалд ажилд орох гэсэн юмаа гэж ярьсан. Тэгээд би А.А-г бүртгэж авлаа гээд хувцасны мөнгө гэж 510 000 төгрөг өгөх хэрэгтэй гээд 2017 оны 5 дугаар сарын 01-нд анх 510 000 төгрөгийг ээжийн 57361****** дугаар дансаар авсан боловч ээж мэдээд андуурч мөнгө орж ирсэн байна гээд буцаагаад шилжүүлчихсэн байсан тул тэр мөнгийг авч чадаагүй. Дараа нь 2017 оны 5-р сарын 05-ны өдөр өөрийнхөө 57362****** дугаарын Хаан банкны дансаар бүртгэлийн хураамж гэж 289 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 10-ны өдөр 285 000 төгрөг, тэр өдрөө дахиад 120 000 төгрөг авсан. 2017 оны 5-р сарын 14-ны өдөр гутал, аранзны мөнгө гэж 100 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 18-ны өдөр 117 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 19-ны өдөр өөрийнхөө 57362****** дугаарын Хаан банкны дансаар 250 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 28-ны өдөр 215 000 төгрөг бас хоол хүнс майханы мөнгө гэж авсан байх одоо мөнгө авах бүртээ яг юу гэж хэлж авснаа санахгүй байна. 2017 оны 5-р сарын 30-ны өдөр ээж Т-элийн дансаар А.А-гаас 200 000 төгрөг шилжүүлж авсан. Бас л ажилд ороход чинь хэрэгтэй байна гэж авсан байх. 2017 оны 6-р сарын 01-ны өдөр би Улаанбаатар хот явах гээд мөнгө хэрэг болоод тухайн үед манай ээж Т-элийн виза карт байсан учраас ээжийн дансаар 50 000 төгрөг аваад ээжийн картнаас би өөрөө авсан. Ээжийн дансаар мөнгө авсныг ээж мэдээгүй. А.А-гаас авсан дараа нь Улаанбаатар хотод очоод бас мөнгө хэрэг болоод өмнө нь А.А-гийн өмнөөс мөнгө өгсөн гэж хэлсэн учраас тэр мөнгөө авч байна гэж өөрийнхөө 57362****** дугаарын Хаан банкны дансаар 2017 оны 6-р сарын 02-ны өдөр орны мөнгө гэж 170 000 төгрөг авсан. Дараа нь 2017 оны 6-р сарын 05-ны өдөр А.А-гаас хөдөө хээр байрлах майханы мөнгө гэж 150 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 06-ны өдөр 170 000 төгрөгийг аранз, унааны мөнгө гэж, 2017 оны 6-р сарын 07-ны өдөр 135 000 төгрөг бас л тиймэрхүү юм хэлж авсан байх сайн санахгүй байна. Дараа нь 2017 оны 6-р сарын 11-ны өдөр ээж Т-элийн карт нь надад байсан учраас А.А-д мөрдөс, өргөдлийн хураамжны мөнгө хэрэгтэй гэж 50 000 төгрөг ээжийн дансаар аваад картнаас нь би өөрөө бэлнээр авсан. 2017 оны 6-р сарын 14-ны өдөр А.А-гаас сургалтын төлбөр гэж 500 000 төгрөг өөрийнхөө дансаар, 2017 оны 6-р сарын 18-ны өдөр А.А-гаас хоол унааны мөнгө гэж 100 000 төгрөг хамгийн сүүлд авсан. Ингээд би нийтдээ А.А-гаас 2 901 000 төгрөг ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж авсан нь үнэн. Онцгой байдлын газарт ажилд оруулна гэж бусдаас мөнгө авах санааг сэтгүүлээс уншсан. Сэтгүүл дээр ажилд оруулж өгнө гэж мөнгө авдаг хүн гадаад руу гарсан байна гэсэн утгатай нийтлэл уншаад түүнээс санаа авсан. Би А.А-тай холбоотой болсноос хойш өөрийн фэйсбүүкээр найзууд болсон. Тэгээд би өөрийн цахим хаягаасаа болон утсаар А.А- руу ярьж тэдэн төгрөг хэрэгтэй байна гэж мөнгө авдаг байсан. Би А.А-тай анх 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод уулзахаар тохирч А.А-гийн бичиг баримт болох 4 хувь цээж зураг, паспортын хуулбар, дансны хуулга зэргийг нь авсан. А.А-тай би утсаар яриад бичиг баримтыг нь авахаас өмнө Онцгой байдлын ерөнхий газар ороход 3 үеийн намтар, цагдаагийн газрын тодорхойлолт хэрэгтэй гэж хэлсэн. Би А.А-тай 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс хойш уулзаагүй. А.А-гаас авсан 2 900 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч А.А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай оюутан ангийн Л- гэх залуу Төв аймагт байдаг. 2017 оны 5-р сарын эхээр би Л-тай утсаар ярьсан чинь Дархан явах гэж байгаа Дарханы Онцгой байдлын албанд орох гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод яаж орж байгаа юм гэж асуусан чинь Л- хувцас хоолны мөнгө 510 000 орчим төгрөг өгөөд орж байгаа чи орохгүй юм уу гэхээр нь би аав, ээжээсээ асуусан чинь аав, ээж хоёр тэгвэл тэгэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би Л-ас М- гэдэг хүний утасны дугаарыг нь аваад ярьсан чинь эхний ээлжинд хувцас мөрдөсний мөнгө 510 000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Түүнээс хойш Дарханы Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж эхлээд хувцас хоол, гутал, шалгалт, шинжилгээ, хандив, майхан, цув, сургалтын мөнгө гэж бага багаар авсаар нийт 2 901 000 төгрөг авсан. Би Т-эл гэх хүний 57361****** дугаарын данс руу 300 000 төгрөг, М.М-ийн 57362****** дугаарын данс руу 2 484 000 төгрөг шилжүүлсэн. Өөр М.М- гэх 573661***** дугаарын данс руу 117 000 төгрөг шилжүүлсэн. Цагдаагаар шалгуулж эхлэхэд М- биш М.М- гэдгийг мэдсэн. Б- гэх хүнтэй уулзаж байгаагүй өөр өөр утаснаас ярьдаг байсан. Тэр дугаарууд нь надад байхгүй. Б- нь өөрийгөө Дарханы Онцгой байдлын газарт ажилладаг гэж хэлсэн. Гэхдээ минийхээр Б- гэж хүн байхгүй М.М- өөрөө над руу өөр утаснаас яриад байсан байх. Би 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Онцгой байдал руу ороод М-, Б- гэдэг 2 хүн танайд ажилладаг уу гэж асуухад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд би 18 цаг хүртэл хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь гэрлүүгээ явсан. 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Дархан руу ирсэн чинь над руу мессежээр Б- нь дансны дугаараа явуулчих хээрийн бэлтгэлд гарахаа больсон 2-3 цагийн дараа мөнгө нь орчихно гэж хэлсэн. Тэр өдөртөө мөнгө орж ирэхгүй болохоор нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болсон хэргийн талаар өргөдөл гаргасан гэх мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч Б.Т-элийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газраас танай охин хүнээс мөнгө залилан авсан байна гэж яриад дансны хуулгаа авч харахад миний дансанд А.А- гэх хүнээс 3 удаа мөнгө шилжүүлсэн байсан. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 510 000 төгрөг А.А- гэх хүнээс орж ирсэн байсныг 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 510809***** дугаар данс руу буцааж шилжүүлсэн. Энэ мөнгийг би данс андуураад над руу шилжүүлсэн байна гэж бодоод буцаад А.А- гэх данс руу явуулсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А.А- гэх хүнээс 200 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 50 000 төгрөг тус тус шилжүүлсэн байсан. 3 дахь шилжүүлсэн мөнгө болох 2017 оны 6 дугаар сарын 11-нд 50 000 төгрөг тус тус шилжиж орсон байсан. Би энэ хүнээс орж ирсэн мөнгийг мэдээгүй. Энэ мөнгөнүүдийг сүүлд би өөрийнхөө дансны хуулгыг авч харж байж мэдсэн. Тэгсэн М.М- миний дансыг өгөөд А.А- гэдэг хүүхдээс мөнгө авсан байсан. Миний виза картын нууц дугаарыг манай хүүхдүүд бүгд л мэддэг. Би картаа тэр болгон хэрэглэдэггүй болохоор М.М-ийг мөнгө авч байгааг мэддэггүй байсан. 2017 оны 5 дугаар сарын дундуур мөнгөтэй болж гэртээ гурил, мах, будаа авчрахаар нь хаанаас мөнгөтэй болсон юм бэ гэж асуухад хүүхдийнхээ дэвтрийг дэлгүүрт тавьсан, найз нөхдөөсөө мөнгө зээлж авсан гэж хэлдэг байсан. Хүүхэд болон дүү нартаа хувцас авч өгч байсан гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрч Т.Н- мөрдөн байцаалтад өгсөн:
Би А.А-гийн төрсөн эгч нь бөгөөд А.А- Дарханд ажиллаж амьдрах гээд ирчихсэн Аполло төвд ажиллаж байсан. Тэгээд 2017 оны 5-р сард А.А- оюутан ангийнхаа Л- гэж найзтайгаа утсаар ярихад тэр хүүхэд нь Дарханы Онцгой байдлын газарт нэг хүний орон тоо байгаа гэнэ орох уу гэж асуусан байсан. Тэгээд А.А- ажилд орохоор болоод Л-д ормоор байна гэж хэлтэл М- гээд хүний утсыг өгсөн гэсэн. А.А- тэр М- гэдэг хүнтэй нь утсаар ярьсан чинь эхний ээлжинд сургалтын мөнгө гэж 500 000 төгрөг хэрэгтэй гэж байна гэж А.А- надад хэлсэн. Тухайн үед би нялх хүүхэдтэй гарч орж чадахгүй байсан учраас манай найз Б-ы данснаас 520 000 төгрөг хүний данс руу шилжүүлүүлсэн гэсэн. Тэгсэн дараа нь нөгөө мөнгө шилжүүлсэн данс нь буруу данс байна гээд буцааж Б-ы данс руу хийгээд дахиад өөр данс руу мөнгө шилжүүлсэн гэдгийг надад хэлж байсан. Тэгээд нилээн байж байгаад би одоо сар өдрийг нь санахгүй байна А.А- надад хоол хүнс гэсэн санагдаж байна ямар ч байсан 140 000 төгрөг хэрэгтэй байна мөнгө байвал өгөөч гэхээр нь би А.А-д 140 000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2017 оны 5-р сарын 30-ны өдөр манай гэр бүлд ажил явдал гараад Сэлэнгэ явах гэж байтал М- гэдэг охин нь А.А-гийн утас руу залгахаар нь би утсыг нь аваад ярьсан чинь майханы мөнгө 350 000 төгрөг одоо өгөх хэрэгтэй байна майхан захиалах хугацаа нь хэтрэх гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил явдал гараад мөнгөний боломжгүй байна гэж хэлсэн чинь М- гэдэг хүүхэн яаралтай явуулахгүй бол хоцрох гээд байна хоцрох юм бол торгуультай гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг асууж байгаад яръя гэж хэлсэн. Тэгсэн удалгүй М- над руу 8996**** дугаараас мессеж бичээд ажил явдалтай байгаа бол би өөрөөсөө мөнгийг нь өгье үлдсэнийг та олоод өгөөчээ надад 150 000 төгрөг байна та үлдсэн 200 000 төгрөгийг яаралтай шилжүүлээчээ гэхээр нь би нөхрийнхөө Капитрон банкны интернет банкаар 200 000 төгрөгийг Т-эл гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь А.А-тай утсаар ярьсан гэсэн. Уг нь эхлээд шалгалт авна гэж байснаа болилоо шалгалтанд орох хүмүүс багасаад шалгалт авахгүйгээр хээрийн бэлтгэлд 2017 оны 6-р сарын 20-ны өдөр гарна гэж байснаа сонгууль болох нь сонгууль өнгөрөөгөөд гарна тэрэнд хоол унд, майхан, хувцас, гутал тусгай хэрэгслийн мөнгө төгрөг гэж удаа дараа мөнгө авч байсан. Тэгээд 2017 оны 6-р сарын 27-ны өдөр манай дүү А.А- Улаанбаатар хот яваад М-тэй уулзах гэж очоод уулзаж чадаагүй гэсэн. Тэгээд тэрнээс хойш М- утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд бид нар цагдаад өргөдөл өгсөн юм гэх мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Т.Л- мөрдөн байцаалтад өгсөн:
Би М.М-ийг сайн танихгүй. Анх фэйсбүүкээр харилцдаг байсан. Тэгээд 2017 оны 5-р сарын эхээр харилцаж байхдаа М.М- өөрийгөө Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг хүний нөөцийн ажилтан хийдэг манайх шинээр хүмүүсийг ажилд авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүртгүүлж болох юм уу гэж асуусан. Тэгсэн чинь М.М- бүртгүүлж болно бүртгэлийн мөнгө, аранзны мөнгө гэж 230 000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учраас мөнгө өгөөгүй байсан. Тэр үед би нэг сургуулийн А.А-тай утсаар яриад ойр зуурын юм ярьж байгаад Дарханы Онцгой байдлын газарт ажилд орох гэж байгаа талаараа ярьсан. Тэгсэн чинь А.А- би ч гэсэн бүртгүүлье гэхээр нь М.М-ийн утсыг А.А-д өгсөн. Тэгээд тэр 2 хоорондоо харилцсан байх гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн:
Тэгээд 2017 оны 5-р сарын 03-ны өдөр А.А- над руу утсаар яриад би ажлаасаа гарч чадахгүй байна нэг хүний дансруу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би А.А-гийн ажил дээр очоод 520 000 төгрөгийг нь бэлнээр аваад А.А-гийн өгсөн 57361****** дугаарын данс руу 520 000 төгрөг бэлэн мөнгөний машинаас шилжүүлж өгсөн. Тэр өдрийн маргааш нь А.А- над руу яриад өчигдрийн шилжүүлсэн мөнгө буруу данс руу шилжсэн байна таны данс руу буцаагаад шилжүүлнэ гэж байна гэсэн. Тэгтэл удалгүй 520 000 төгрөг миний данс руу орж ирсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу ажлаар явахаар болоод 520 000 төгрөгийг бэлнээр А.А-д буцааж аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн:
Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан Ахлах мэргэжилтнээр 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт М-М.М-, Б- гэж хүмүүс өмнө нь ажиллаж байгаагүй одоо ч ийм хүмүүс ажилладаггүй. Манай байгууллагаас 2017 оны 5, 6 дугаар саруудад ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй. Хэрвээ манай байгууллага сонгон шалгаруулалт зарлах бол Онцгой байдлын Ерөнхий газраас албан бичиг ирж түүний дагуу манай байгууллагад орон тоо байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт зарладаг. Манайх элсэлт авч материалыг нь бүрдүүлээд Улаанбаатар хот руу Онцгой байдлын ерөнхий газар луу явуулдаг. Тэгээд Хууль сахиулах их сургууль дээр комисстой нэгдсэн шалгалт авдаг. Ер нь элсэлт, шалгалт, сургалт зохион байгуулахаар бол үнэ төлбөргүй зохион байгуулагддаг гэх мэдүүлэг /хх 31/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 12/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14, 15/, "Капитал зууч" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17, 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43-44/, М.М.М-ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60-61/, хохирогч А.А.А-гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 62-65/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.М.М- нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн А.А.А-г Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож ажлын хувцас, сургалтын төлбөр гэж нийт 2 901 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.М.М-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч М.М.М-ийн эзэмшлийн 250 000 төгрөгийн үнэ бүхий Жи мобайлын U6 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 -т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.М- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
4.Шүүгдэгч М.М.М-ийн эзэмшлийн 250 000 төгрөгийн үнэ бүхий Жи Мобайлын U6 маркын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ