Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/335

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003330321 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй,  Шарнууд овогт**************, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт архидан согтуурсан үедээ иргэн*******гийн толгой хэсэгт  халуун устай цай шидэн зодож улмаар түүний эрүүл мэндэд хүзүү, дагз, духанд 1-р зэргийн түлэнхийн шарх, зулайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байна уу 02- ний өдөр билүү жаахан гэртээ архи уучхаад Баянхонгор аймгийн 1 дүгээр багт Дэрсэд гэх газар байрлах Энх-Амгалан гэх айлынд орсон. Тухайн айлынд орчхоод мотоциклоороо манай малыг эргүүлчихгүй яасан юм бэ гэж ******* гэх охинтой муудалцсан  Дараа нь надад цай хийж өгөхөөр нь цайтай аягийг нь  уурандаа газар шидэн хагалж халуун савтай цайг*******гийн толгой руу цохиж хагалсан.******* гэх охин нь манай нөхрийн ахын охин нь байгаа юм.******* гэх охин бас нэг залуу байсан өөр хүн байгаагүй. Тухайн айлынд мал хариулахгүй гээд бас яагаад мотоцикл унаад явчихлаа гээд гэрт нь яваад орсон. Намайг гэрт нь ороод мотоцикл асуусан чинь намайг дооглоод инээгээд байсан. Тэгээд л ийм асуудлаас болж бид хоёр муудалцсан байх. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Манай гэрт Архангай аймгаас хадам талын 2 хүн ирсэн байсан. Тэгээд тэр хэдтэй 0.75-н литртэй  Улаанбаатар гэх нэртэй архи тус тус 1-г уусан байсан. Тухайн үед манай нөхөр болох Дэлгэрдалай бас байж байсан. Тиймээ би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би уг зүйл хэсгийг ойлголоо. Би монгол хэл бичиг үсэг мэднэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ойлголоо. Би хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 15, 19, 43/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: Надад яриад байх зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн                         

2020 оны 07 дугаар сарын 02- ний  өдөр Баянхонгор аймгийн Заг сумын  1 дүгээр багт байрлах манай гэрт******* гэх Баянбулаг сумын 1 дүгээр багт байдаг нэг эмэгтэй согтуу орж ирэн мотоциклоороо мал хариулчихгүй яасан юм бэ гэж хэлэн ёс бус үгээр намайг дайрч давшлан хэлж аягатай цай хийгээд өгсөн чинь хана руу шидэн хагалж дараа нь халуун савтай цай аван миний толгой руу шидэн хагалж намайг түлсэн. Миний хүзүү хэсэг болон толгой хэсэг түлэгдсэн. Манай гэрт ерөөсөө миний үеэл ах болох Сэргэлэн байсан. Өөр хүн байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Хууль ёсны төлөөлөгч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн                   

Би*******гийн төрсөн ээж байгаа юм. Нөхөр Энхдалай бид хоёр аймагт байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирэхэд манай охин болох******* нь түлэгдсэн байсан. Би охиныхоо эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна...  гэх мэдүүлэг / хх-ийн 13/, Гэрч Н.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр баг Дэрсэд гэх газарт байрлах Энх-Амгалангийнд байсан. Тухайн айлынд тус газар оршин суудаг******* гэх эмэгтэй согтуу орж ирчхээд мотоциклоороо манай малыг эргүүлчихгүй яасан юм бэ гэж Энх-Амгалантай муудалцсан. Дараа нь Энх-Амгалан түүнд цай хийж өгөхөөр нь цайтай аягыг нь уурандаа газар шидэн хагалж халуун савтай цайг Энх-Амгалангийн толгой руу цохиж хагалсан. Энх-Амгалан гэж охин нь манай эгчийн хүүхэд байгаа юм.******* бас ******* бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Харин 2 литрийн халуун сав дотор нь халуун цай байсан. Биеийн толгойн хэсэг рүү цохиж хагалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч      Б.Баяртогтохын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаартай

Э.Энх-Амгалангийн биед хүзүү, дагз, духанд 1-р зэргийн түлэнхийн шарх, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.      Дээрх баруун зулай хэсгийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, харин хүзүү, дагз, духны хэсгийн түлэнхийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ... гэх дүгнэлтэд /хх-ийн 30-31/, эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-49 /, дипозит дансны хуулга /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт архидан согтуурсан үедээ иргэн*******гийн толгой хэсэгт  халуун устай цай шидэн зодож улмаар түүний эрүүл мэндэд хүзүү, дагз, духанд 1-р зэргийн түлэнхийн шарх, зулайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй С.Энх-амгалан, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Амгалан, гэрч Н.Сэргэсэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 377 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч С.Энх-Амгалан болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас эмчилгээний зардал нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй нөгөө талаар хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар үнийн дүнг илэрхийлээгүй тул насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утас битүүмжилсэн самсунг галакси эс 8 маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг галакси эс 8 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Тариачин овогт Энхтүвшингийн Цэцэн-Очир хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Энхтүвшингийн Цэцэн-Очирт зургаан зуун / ........ / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / ............ / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Цэцэн-Очирт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Цэцэн-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчоос эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Цэцэн-Очир нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Цэцэн-Очирын эзэмшлийн самсунг галакси эс 8 маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг галакси эс 8 маркийн гар утыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Цэцэн-Очирт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Цэцэн-Очирт навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Цэцэн-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТ ЦЭНГЭЛ