Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******т холбогдох 2023000000090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн *******, суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жинст баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч шүүгдэгч А.*******ыг хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч А.*******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, тоотод буюу гэртээ “архи уухгүй маяглалаа” гэх шалтгааны улмаас Б.*******той маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000000234 дугаартай “...Иргэн Б.*******гийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Б.*******гийн биед цээжний баруун талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Иргэн Б.*******гийн бие цээжний баруун талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/-ээр түүний эрүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдлоо. Хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх хүндэвтэр хохирлыг шүүгдэгч А.******* учруулсан болох нь: 1. Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нэг их архи ууж чадахгүй согтох гээд болохгүй байхаар нь уухгүй гээд хэвтсэн чинь “Чи худлаа маяглалаа бос” гээд татаад байсан. Би босч суугаад “архи уухгүй, чадахгүй байна” гэсэн чинь худлаа маяглалаа гээд цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн би амьсгаа авч чадахгүй хэсэг муужраад нэг амьсгаа авсан чинь дээр суугаад гараараа хэд хэдэн удаа цохьсон. Намайг архи уухгүй маяглалаа гэх шалтгаанаар зодсон. А.******* нь намайг урьд өмнө зодож байгаагүй ч гэсэн архи уух болгондоо агсан тавьдаг юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, 2. Гэрч Б.Хажидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өчигдөр орой 19 цагийн үед хүргэн болох ******* *******г аваад цуг гараад явсан байсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй гээд *******гийн эхнэр хэлээд ах дүү нартай нь өглөө хайж эхэлсэн. Тэгсэн Баазын урд голын зах дээр байхаар нь очсон чинь *******, ******* хоёр сууж байсан. ******* согтуу, ******* доошоо харсан байдалтай элгээ тэвэрсэн хэвтэж байсан. Тэгээд юу хийж байгаа юм бэ гэж асуухад ******* танай дүүг Богдын гол руу авч яваад ханатлаа зодсон. Өнөө өглөө бол зодоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар *******г авч яваад *******ыг тэр гол дээр үлдээсэн. Тэгээд орой 21 цаг 30 минутын үед *******гийн бие өвдөөд байхаар нь түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, 3. Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “...Тэр өдөр баяр наадам болж байна гэж бодоод *******гийн хадам аав гэдэг айлд очсон. Тэдний самган нь миний нагац эгч юм. ******* тэдний 2 нэг хашаанд байдаг. Тэр айлд ороод хоол унд идээд байж байтал ******* гаднаас орж ирсэн. Тэднийх 1 шил архи гаргахаар нь бид хувааж уусан. Тэдний гэрт тэр 2 хөгшин ******* бид дөрөв л байсан. Тэр архийг уугаад *******гийн гэрт нь орсон чинь ******* манайд архи байхгүй хоёулаа дэлгүүрээс архи аваад танайд очье гээд бид хоёр 1 шил архи аваад манайд очсон. Тэр архиа ууж байгаад бид хоёр согтоод хоорондоо маргасан. Би гэр бүлийн асуудалтай байгаа миний эхнэр надаас салаад хот явсан байсан тэгээд сая 7 сард аавынхаа газрыг тахих гэж ирээд гэртээ 20 хоносон. Тэгээд 07 дугаар сарын 08-ны өдөр ******* нь надаас нуугаад миний эхнэрийг Улаанбаатар хот явуулсан байсан. Мөн тэр газар тахих үед ******* согтчихоод миний хүү рүү янз бүрийн юм ярьсан байсан. Энэ асуудлаас болж маргалдан хоорондоо харилцан зодолдсон. Тэгээд салаад хоорондоо эвлэрээд би ор засаж өгөөд унтсан. Өглөө босоход *******гийн баруун нүд хавдаад хөхөрсөн, хавирга хөндүүрлээд байна гэж байсан. Тэгэхээр нь би “юм үлээдэг юм байна лээ” гэж хэлсэн. Тэгээд бид 2 босоогүй хэвтэж байтал миний баз орж ирсэн. Өнөөдөр сайхан өдөр байна гол орж усанд оръё өчигдөр муухай юм боллоо гээд гол дээр очоод нэг шил архи уугаад байж байтал *******гийн ах дүү нар ирээд *******г аваад явсан. Тэр үед ******* өөрөө надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гомдол байхгүй гэж байсан чинь орой нь ах дүү нар нь цагдаад гомдол гаргасан байна лээ. Нэг их удаан зодолдоогүй. Сууж байгаад над руу эхлээд гутлаа шидээд цонх хагалсан юм. Тэгэхээр нь би “чи яасан хүн дээрэлхдэг юм” гээд барьцалдаж аваад хэд хэд цохилцсон. Тэгэхэд л нүд нь хөхөрсөн байх. Тэгээд сарваганаад байхаар нь тонгорч унагаагаад гарыг нь бариад дээр нь суусан тэгж байгаад салсан. Хавирга нь яаж гэмтсэнг би мэдэхгүй. Би Б.*******г хөлөөрөө өшиглөөгүй харин тонгорч унагаад цээжин дээр нь өвдгөлсөн. Тэгэхэд хавирга гэмтсэн байх. Нүүр рүү нь бол гараараа цохих нь цохисон юм. Миний биед учирсан гэмтэл, шарх сорви байхгүй. Надруу гутал шидэж цонх хагалаагүй байсан бол зодолдохооргүй байсан юм. ...Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч А.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч А.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 100,000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.*******гийн яллагдагчтай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч А.*******т 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36. зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37. зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ