| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0244/Э |
| Дугаар | 202/ШЦТ267 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 202/ШЦТ267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0244/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Ш.Н,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Хохирогч С.Г,
Шүүгчдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Гын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000232 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Э /регистрийн дугаар: ... /, ........ оны ... дугаар сарын .. -ны өдөр ..... аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл ... , ........-ийн хамт .... аймгийн ....... сумын .. дугаар баг, ...... байрны ..... талд байрлах нийтийн байрны ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-... аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-.. аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
-... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ....... аймгийн ..... сумын... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна иргэн С.Гийн цээж, хэвлийн тус газар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, 10 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, бүдүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, хэвлийд цус, баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Бид хоёр маргалдаж, зодолдсон, манай аавыг С.Г харж байгаагүй, харин би түүний аавыг таньдаг гээд хочийг нь хэлснээс болж бид хоёр маргалдсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Уг нь бид хоёрт өш хонзонгийн зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 23:00 цаг өнгөрч байхад бид хоёр бид хоёр бие биенийхээ аавын талаар ярьж байгаад маргалдсан. Г.Э манай аавын хочийг хэлээд байхаар нь би уурласан. Тэгээд би явлаа гээд тэдний гэрээс гарч Г намайг таксинд суулгаж өгөхөөр явж байхад Г.Э араас гүйгээд ирсэн. Намайг эхлээд цохих шиг болоход би гайгүй байсан, 2 дахь удаа намайг хутгалахад нь бие сульдаад газарт унасан. Хэсэг хугацаанд ухаан алдаж, орж гараад байсан. Г.Э, н.Г нар намайг 2 талаас өргөж Г.Эын гэрт оруулсан. Би гэрт нь орж 30-40 сек болоод ухаан алдаад, нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. Тэгээд би Г.Э гэдэг манай найз намайг хутгалсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш ухаан алдаад 2 хоногийн дараа сэрсэн. ...Эмчилгээний зардал 993,730 төгрөг нэхэмжилж байгаа. “Дархан мийт фүүдс” ХХК-д ажилладаг байсан, 2 сар ажиллаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 1,800,000 төгрөг, нийт 2,793,730 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 2018000000232 дугаартай эрүүгийн хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн схем зураг[1],
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,[2]
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,[3]
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,[4]
Хохирогч С.Гийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ тамхи авах санаатай Үйлчилгээний төв рүү алхаж явахдаа өөрийн ..... дугаарын утаснаас найз Гын ... дугаарын утас руу залгаж ярихад 18-ын буудал дээр бид нар бөөндөө байна гэж ярихаар нь би очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Этай ярьж бид хоёр уулзахаар болоод би 18-ын буудал дээр очиход Г.Э байхгүй болохоор нь Г.Эын ... дугаар луу залгахад Тосгонд 6-ын буудал дээр байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь такси бариад очиход Г, Э хоёр хамт зогсож байсан ба бид гурав “Шинэ Дархан”-д байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн гадна очиж нэг шил 0,75 литрийн Хараа архийг паркийн хашаан дотор ороод модон дунд сууж байгаад ууж дуусахад Г.Э гурвуулаа манайд очъё. Манай гэрт Г эхнэр хүүхэдтэйгээ ирсэн гээд байхаар нь зөвшөөрөөд Дархан сумын 5 дугаар баг, хуучин холбооны байрны баруун талд байх нийтийн байрны 9 тоотод очсон. Гэрт нь ороход Г.Эын эхнэр О, манай найз Г, түүний эхнэр Б нар байсан. Тэгээд би өөрийнхөө мөнгөөр дахиад нэг шил 0,75 литрийн Хараа архи, 2 литрийн том савтай пиво 1 савыг авсан. Тэр архинаас нь Э, Г хоёр ганц хоёр татаад дахин уугаагүй. Г бид хоёр тэр архийг хувааж уусан. Бид нар архиа ууж дуусаад дахин нэг шил 0,75 литрийн архи авч ууж байгаад би Г.Этай маргалдаад ноцолдсон чинь эхнэрүүд та нар нялх хүүхдийн хажууд хэрүүл маргаан хийлээ гээд уурласан. Тэгэхээр нь бид хоёр эвлэрээд учраа олоод сууж байтал Э миний аавын хочыг “Б С ” гэдэг байсан юм гээд байхаар нь би чи тэгээд яах гээд байгаа юм гэж хэлээд бид хоёр дахин маргаад гэрээс нь Г, Э бид гурав гараад Э бид хоёр зууралдаад ноцолдсон. Тэгэхэд Г бид хоёрыг салгаад намайг дагуулаад таксинд суулгаж өгөх гээд Эын байрны ард явж байтал бид хоёрын араас Э гүйж ирээд миний хэвлий хэсэг рүү нэг юмаар хатгах шиг болоход халуу оргиод явчихсан. Тэгэхээр нь би Эыг түлхэхэд дахиад миний цээж хэсэг рүү хатгасан. Тэгэхэд нь би өвдөлтийг нь дийлэхгүй газар унасан. Г.Э намайг гэртээ оруулаад гэдэснээс гарах цусыг тогтоох гээд цэвэрлээд байсан. Эын эхнэр О чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ зодолдох мөрөөрөө зодолдохгүй хүн аллаа шүү дээ гээд Эыг загнаж байсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...тэгээд орой 21:50 цаг орчим миний хүү С.Г над руу залгаад ярихаар нь би хаана явж байна гэхэд надад хаана байгаагаа хэлэхгүй байсан. Тэгээд шөнө 02:00 цагт эмнэлгээс залгаад танай хүүхэд хутгалуулсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[6],
Гэрч Ц.Оын хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны орой би гэртээ охин Я найз Б, түүний нөхөр О.Г нарын хамт байж байхад 20:00 цагийн үед гаднаас манай нөхөр Э, Г, Г гурав торонд Хараа нэртэй 0,75 литрийн 2 шил архи, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, Милко нэртэй савтай печень аваад гэрт орж ирээд авчирсан архи задлаад тэр хэд юм яриад суусан. Тэр архинаас Э 2 хундага уугаад хэвтээд 40 орчим минут унтаж байгаад босож ирээд тэр хэдтэй юм яриад архи ууж байгаад С.Гтой маргалдаад байсан. С.Г за би явлаа шүү гээд гэрээс гараад явахад С.Гийн араас манай нөхөр Э гүйж гарчхаад орж ирэхгүй байхаар нь гэрийн цонхоор харахад манай байрны урд байрлах Паптист сүмийн хашааны хажууд С.Г хэвтсэн, хажууд нь Э замын хашлага дээр сууж байсан. Би гэрээс гараад тэр хоёр дээр очоод С.Гийг босгох гээд тамхины асаагуурын гэрэл тусгахад С.Гий гэдэс хэсгээс цус гарч байхаар нь тэр хутгыг нь аваад гэрт оруулж гэрийн ариун цэврийн өрөөнд орж усаар угаагаад хутга хийдэг шүүгээнд хийсэн. ...Гийг өргөөд гэрт оруулаад би С.Гийн гэдэснээс гарч байсан цусыг нь арчиж өгч байхад С.Г надад намайг эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[7],
Гэрч Х.Бгийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед нөхөр болох О.Г хүүхдийн хамт найз Эын гэрт ирсэн. ...Орой 21 цагийн үед Э 2 найзын хамт гурвуулаа ирсэн. Тэгээд байж байтал Эын цуг ирсэн нэг найз Бүдүүнээ гэж дууддаг залуу хажуу айлын нохойд хазуулчихлаа гээд гэрт орж ирээд хутга аваад гарахад Э, манай нөхөр Г хоёр хойноос нь цуг гараад буцаад Э нь нөгөө Бүдүүн гэх залуугийн авч гарсан хутгыг барьчихсан буцаж орж ирсэн. Тэгээд байж байтал Эын найз Г 1 шил архи, 3 литрийн 1 пиво аваад буцаад ороод ирсэн. Э найз Гийг өдөөд хоёулаа маргалдаад байхаар нь та нар нялх хүүхэд байхад яах гээд маргалдаад байгаа юм бэ гэхэд Г Эаас уучлалт гуйхад Э чадахгүй гээд Гоос хэрүүл өдөөд байсан. Түүнээс тэр хоёрыг би зодолдохыг хараагүй унтчихсан байсан.” гэх мэдүүлэг[8],
Гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр жижүүрийн эмчээр ажиллаж байхад шөнийн 02 цаг 30 минутын үед бусдад хутгалуулсан өгүүлэмжтэй өвчтөн хүлээн авах тасагт ирэхээр нь биед нь үзлэг хийхэд хэвлийн зүүн талд 10 дугаар хавирганы орчимд 3 см зүсэгдсэн шархтай, шархны сэмж цухуйсан, цээжний зүүн талд хөхний толгойн дор 3 см орчим зүсэгдсэн шарх байсан. Тухайн өвчтөнийг яаралтай мэс засалд оруулахаар өгүүлэмж асуухад өөрийн найз болох Э гэдэг хүнтэй маргалдаад хутгалуулсан. Бид хоёр согтуу байсан гэж хэлсэн. Тэгээд амь насны заалтаар яаралтай журмаар мэс засалд орсон.” гэх мэдүүлэг[9],
Гэрч О.Гийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...бид нар юм яриад сууж байхад Э, Г хоёр дахиад хоорондоо маргалдаад байхаар нь нялх хүүхдүүдээс хол очиж маргалд гээд гарахаар нь би хамт гарсан. Тэгээд байрныхаа үүдэнд гарчхаад Г, Эыг хэд хэдэн удаа үүрч газар унагаасан тэгэхэд нь би тэр хоёрыг салгаад Гийг гэр лүү нь явуулах санаатай дагуулаад Эын байрны ар талд байх мөсөн котокийн талбайн сүмийн хашаа хоёрын хооронд явж байтал Э араас гүйж гарч ирээд С.Гтой зууралдаад ноцолдсон тэгэхэд С.Г гэдсээ бариад газар унахаар нь би Эыг чи хүн аллаа шүү дээ гэж хэлээд түлхээд газар унагаачхаад С.Гийн гэдсийг харахад цус гарч байсан. Тэгэхэд Эын эхнэр О гадаа гараад ирчихсэн чи хүн аллаа шүү дээ тэнэг новш вэ гээд загнаад байсан. Тэгээд Гийг өргөөд Эын гэрт оруулаад харахад хэвлий хэсэг болон цээж хэсэг 2 газраас цус гарч байсан. Э Гийг яг юугаар хатгасныг мэдээгүй. Харин өглөө надад Э хэлэхдээ гэр лүүгээ ороод хоолны шүүгээнээсээ хар өнгийн хутга авч гараад Гийг хутгаар хоёр удаа хатгасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[10],
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[11],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Туяагийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 376 дугаар дүгнэлт “...С.Гийн биед цээжний өмнө доод хэсэг болон хэвлийн зүүн хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хоёр удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Гийн биед илэрсэн хэвлийн зүүн хэсгийн шарх нь хэвлийн хөндийд нэвтэрсэн байх ба хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, 10 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, будүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, хэвлийд цус, баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэсэн байна. Хэвлийд нэвтэрсэн шархны улмаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай мэс ажилбар хийгдсэн байна. С.Гийн биед илэрсэн хэвлийн шархны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. С.Гийн биед илэрсэн цээжний өмнө доод хэсгийн шархны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Гийн биед 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгээр цээжний зүүн талын хэсгийн цус хуралт, 2020 оны 05 дугаар сарын 05-ны 2:23 цагт хийсэн гэмтлийн эмчийн үзлэгээр хүзүү цээжний өмнө хэсгийн боолтын улайлт илэрсэн байх ба энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. С.Гт учирсан гэмтэл нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны шөнө үүссэн байх боломжтой. С.Гт учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадвар эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[12],
Шүүгдэгч Г.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], шийтгэх тогтоолын хуулбар[14], хохирогч С.Гийн эмчилгээний зардлын баримтууд[15], хувийн байдалтай холбоотой баримт бичиг[16] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ......... аймгийн .......... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр, .......-ын байрны баруун талд байрлах нийтийн байрны гадна, иргэн С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээж, хэвлийн тус газар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, 10 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, будүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, хэвлийд цус баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч Г.Эыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай байна” гэж дүгнэжээ.
Гэмтлийн хүнд зэрэгт: “гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл” хамаарах ба хохирогч С.Гийн биед илэрсэн хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, бүдүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, хэвлийд цус, баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хохирогчид ээмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй бол амь нас нь хохирох аюултай нөхцөл байдалд байжээ.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Эыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч С.Г нь эмчилгээний төлбөрт 993,730 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,793,730 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан боловч уг хугацаанд хохирол нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Г.Эаас 2,793,730 төгрөгийг гаргуулж хохирогч С.Гт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч хохирогчтой найз нөхдийн холбоотой, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан боловч гэмт хэрэг гарснаас хойш хохирол нөхөн төлөх талаар ямар ч санаачлаг гаргаагүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: “...гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 7 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа санал дүгнэлтдээ: “Шүүгдэгч хэдийгээр хохирол төлбөр төлөөгүй боловч хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч нь өндөр настай эцгийгээ асардаг, 1 хүүхэдтэй, жирэмсэн эхнэр, ар гэрээ тэжээдэг байсан. Урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан зэргийг харгалзаж, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, урьд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Гын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 2,793,730 төгрөг гаргуулж, ............ аймгийн ...... сумын ... дугаар баг, ...... дүгээр хэсэг, .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хохирогч Б овогт С-ийн Г /РД:........... , утас-.........../-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
[1] Хавтаст хэргийн 2-10 тал
[2] Хавтаст хэргийн 18-19 тал
[3] Хавтаст хэргийн 20-22 тал
[4] Хавтаст хэргийн 23 тал
[5] Хавтаст хэргийн 25-27 тал
[6] Хавтаст хэргийн 28-тал
[7] Хавтаст хэргийн 29-30 тал
[8] Хавтаст хэргийн 31-32 тал
[9] Хавтаст хэргийн 33-тал
[10] Хатаст хэргийн 36-37 тал
[11] Хавтаст хэргийн 39-40-тал
[12] Хавтаст хэргийн 42-43-тал
[13] Хавтаст хэргийн 68 тал
[14] Хавтаст хэргийн 70-78 тал
[15] Хавтаст хэргийн 82-86 тал
[16] Хавтаст хэргийн 87-88, 91-95 тал