Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 658

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Малчин Монгол” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Буянт Таван Эрдэнэ” ХХК-ний захирал Г.Тунгалагтуулд холбогдох “Эм бэлдмэлийн үнэ 1.848.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч: “Малчин Монгол” ХХК-ний захирал Д.Энхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Нэхэмжлэлийн шаардлага: 1.848.000 төгрөг гаргуулах

          Нэхэмжлэлийн утга: “Буянт таван эрдэнэ” ХХК-ний захирал Гармаа овогтой Тунгалагтуул нь 2012 онд манай компанаас 1.768.000  төгрөгний малын эм бэлдмэл, тарилга туулгалт, 2013 онд “Мөнх сүрэг эрдэнэ” ХХК-ний малын эмч хөдөлмөрөөр дамжуулан 780.000 төгрөгийн эм бэлдмэл  нийт 2.548.000 төгрөгийн зээлээс 1.848.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл  өгөхгүй, худал ярьж, хууран мэхэлж байгаад гомдолтой байна. Иймд “Буянт Таван Эрдэнэ” ХХК-ний захирал Г.Тунгалагтуулаас 1848.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

           Хариуцагч “Буянт таван эрдэнэ” ХХК-ний захирал Г.Тунгалагтуул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан  тайлбартаа:

        ...”Малчин монгол” ХХК-ий нэхэмжлэлтэй “Буянт Таван Эрдэнэ” ХХК-ий захирал Г.Тунгалагтуул надад холбогдуулан 1.848.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар болон улсын тэмдэгтийн хураамж  тайлбарласныг ойлголоо... гэжээ.

                                 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК нь “Буянт Таван Эрдэнэ” ХХК-ний захирал Г.Тунгалагтуулд холбогдуулан “Эм бэлдмэлийн үнэ 1.848.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  шүүхэд  гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Буянт таван Эрдэнэ ХХК-ий захирал Г.Тунгалагтуул нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.848.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.518 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 44.518 төгрөгний  тал хувь болох 22.259 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 22.259 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-д олгох нь зүйтэй.   

 

               Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

               1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Малчин Монгол” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Буянт Таван Эрдэнэ” ХХК-ний захирал Г.Тунгалагтуулд холбогдох “Эм бэлдмэлийн үнэ 1.848.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.518 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 44.518 төгрөгний  тал хувь болох 22.259 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 22.259 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                   ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ