Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 28

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0014/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Д.Энхтуяа

Хохирогч                                       Э.Б-

Хохирогчийн өмгөөлөгч               Ж.Туяа

Шүүгдэгч                                       С.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолтой, С-гийн Б-д холбогдох, 1818001410535 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Е- овогт С-гийн Б-.

Шүүгдэгч С.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын өрөөнд сургуулийн эмч Э.Б-тай '‘үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхснээр Э.Б- нь толгойгоороо хана мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Е- овогт С-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Хохирогч Э.Б-гийн эмчилгээний зардал 8.305.417 /найман сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

- Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сидийг хэрэгт хавсаргаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдолдоо:

... Мөрдөгч Б.Гэрэлцогт нь 2018.02.12-ны өдрийн дотор шүүх эмнэлгийн дүгнэлт хийхээр хугацааг тогтоож өгсөн боловч шинжээч эмч Д.Туяа 2018.02.15-нд дүгнэлт гаргасан. Энэ нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.3., 11.4.д заасан заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж гаргасан хүчингүй дүгнэлтээр ялласан.

Э.Б-гийн биед зодуулсан гэх ул мөр байхгүй, Дарханы Нэгдсэн эмнэлэгт /2018.02.09/ хэвтэхэд үзлэг хийсэн эмчийн бичиг, шүүх эмнэлгийн дүгнэлт /2018.02.15/ зөрүүтэй. Мөн камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй. Намайг хэрэгт гүтгэх үндэслэлтэй, намайг зодсон болох нь нотлогдоогүй байхад ялласан.

Э.Б- нь 8,305,417 төгрөгийг зөвхөн тархи доргилт төдийгүй чих, хэнгэрэгний хагалгаа, дотор эрхтэн, нуруу, зүрх судасны эмчилгээ, эхо аппарат, дох тэмбүүгийн шинжилгээ зэрэг эмчилгээнүүд, мөн гэр ахуй, хүнсний бараа бүтээгдэхүүн, бензин хоол зэргээр 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хамаарах мөнгийг нэхэмжилсэн.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Туяа нь  ...Тархи доргилт нь хоёроос дөрвөн 7 хоногт бүрэн эдгэрэх боломжтой... гэж тайлбарлаж, анхан шатны шүүх  Э.Б-д зөвхөн тархи доргилт гэсэн хөнгөн гэмтэл учруулсан байна.. гэж үзэж байсан ч шийтгэх тогтоолд гэмтэл болон хугацааг ялгаж салгаж дурдаагүй.., Иймд давж заалдах гомдол гаргаж байна.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б- тайлбартаа:

Эрх бүхий албан тушаалтан хугацаа тогтоосны үндсэн дээр дүгнэлтийг гаргах ёстой, хэрэв тогтоосон хугацаанд амжихгүй бол хүсэлтээ гаргах ёстой байсан. Дүгнэлт гарах хугацаа хэтэрсэн тул дүгнэлт хуулийн дагуу гараагүй гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд “зүүн гарын бугуй хөхрөлт” гэж байгаа,  гэтэл 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтэнд дээрх гэмтэл байдаггүй. Энэ нь надад хамааралгүй. Э.Б- нь “тархи доргилт” гэх гэмтэлд 8.300.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралд яригдсан “шүүгчийн нэрийг барьж утасдсан” гэж намайг гүтгэж байгаа. Мөн намайг хүчингийн хэрэгт шалгагдаж тохиролцож байсан гэж гүтгэсэн. Э.Б- нь зөвхөн эм, тарианы зардалд 1.400.000 төгрөг нэхэмжилдэг. 6.100.000 төгрөгийн хохирол гээд байгаа нь “НӨТ”-н баримтгүй, байгууллагын падаантай цаас ашиглаж гаргасан баримтууд байдаг. Э.Б- 2-11 сар хүртэл буюу 10 сарын турш надаас мөнгө нэхэмжилсэн. Гэтэл дүгнэлтээр “тархи доргилт сарын хугацаанд эмчилгээ хийлгэж эмчлэгдэх боломжтой” гэж гарсан. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Б- тайлбартаа:

...Дүгнэлтийг хууль зөрчиж гаргасан гэсэн нь үндэслэлгүй., Э.Б-гийн биед зодуулсан гэх ул мөр байхгүй гэж хэллээ.

Гэмтэл нь ил болон далд хэлбэрээр байдаг бөгөөд далд учирсан гэмтэл нь илүү хүнд байдаг.., Шүүх  камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд үндэслэж хэргийг шийдсэн .., шүүгдэгч С.Б- үүнийг үгүйсгэж чадахгүй.

Би С.Б-д шалтгаангүйгээр зодуулсандаа гомдолтой.., тэр тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..,  С.Б- нь хувийн байдлын хувьд урьд нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 96.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан..,   ёс зүйн хувьд доголдолтой хүн..,  Тархи бол хүний гол эрхтэн.., Миний чихний сонсгол муудаж Улаанбаатар хотод мэс засал хийлгэсэн нь үнэн., зүгээр байж байгаа эрхтэндээ мэс ажилбар хийлгэнэ гэж юу байхав.., би хохирлоо үндэслэлгүй нэхэмжлээгүй.

           Миний бие  26 жил тасралтгүй ажиллаж байна.., энэ гэмт хэрэгт өртснөөс болж би эрүүл мэнд, ажлаараа хохирсон тул  хохирлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Б-гийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна.., 2018 оны 02 дугаар сарын 10-нд мөрдөгч тогтоол үйлдэж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинжилгээний акт хүлээж авсан.., Хохирогчийн биед “тархи доргилт” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Тухайн хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг асуусан..,  С.Б- камерийн бичлэгийг өөрөө өгсөн.., Камерийн бичлэгээр сургуулиас эмнэлэг рүү явсан гэдгийг нотолдог..,

С.Б- хохирол төлөөгүй бөгөөд сэтгэлээрээ хохирлыг төлж барагдуулсан бол өөр асуудал юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч шинжээч томилох тогтоол үйлдсэн.

Амралтын өдөр байсан учраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тогтоолыг өгч, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шинжээч эмчид үзүүлж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацаанд гарсан бөгөөд   тархи доргилт гэмтэл учирсан нь тогтоогдсон. Харин зүүн талын бугалганд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Тухайн үед Э.Б- нь эмнэлгийн байгууллагад очиход шаардлагатай бичиг баримт байхгүй учраас гэртээ очиж бичиг, баримтаа авчирч эмнэлэгт хэвтсэн болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч С.Б-ыг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өрөөндөө сургуулийн эмч Э.Б-тай '‘үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхснээр Э.Б- нь толгойгоороо хана мөргөсний улмаас тархи нь доргиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч Э.Б- эмчилгээний зардал гэж  8.305.417 /найман сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-  ...бид маргалдсан харин хохирогчийг цохиогүй... гэж, хохирогч Э.Б- нь ... миний цамцнаас татаад хана мөргүүлсэн... гэж мэдүүлэг өгч, мөн  шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж энэ үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргаж, хохирогч тайлбар гаргасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:

Шүүгдэгч С.Б- нь Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал, хохирогч Э.Б- нь сургуулийн эмчээр ажилладаг бөгөөд   2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тэдний хооронд '‘үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд эмч Э.Б- ирээгүйгээс маргаан үүсэж захирлын өрөөнд хамт орцгоосон байна.

Тэднийг захирлын өрөөнд орсноос хойш 5 минутын дараа  гэрч Л.*******, З.*******, Н.******* нар араас нь орсон бөгөөд  тэд “ ... биднийг ороход Э.Б- чихээ дараад сууж байсан ... гэсэн мэдүүлэг өгчээ.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт шүүгдэгч хохирогч нар маргалдсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч С.Б-, хохирогч Э.Б-г цохьсон гэдгийг харсан гэрч байхгүй.

Гэвч хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох тэдний маргалдсаны өмнөх ба дараах үйл баримтыг гэрчилсэн гэрч З.*******, Н.*******, Л.******* нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, энэ үйл баримтын дараа хохирогч Э.Б- эмнэлэгт үзүүлсэн тухай жижүүрийн эмч Э.******* мэдүүлэг.,    “тархи доргилт” гэсэн оноштой гэмтлийн тасагт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн тухай  эмнэлгийн баримт, эмчлэгч эмч Г.Лхагвасүрэнгийн  мэдүүлэг, / х.хийн 39.,  55-57.,  65-67.,  58-64., 80., 81., 91 дүгээр хуудас /  түүнчлэн  Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 262 дугаартай    “...Э.Б-гийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт тогтоогдлоо., энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд  цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...”  гэсэн дүгнэлт  зэргээр хохирогч Э.Б-гийн биед тухайн цаг хугацаа, орон зайд  ...тархи доргилт... бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Харин шүүгдэгч С.Б-  нь  хохирогч Э.Б-г цохиогүй гэж байгаа боловч энэ нь дээрх нотлох баримт, цаг хугацаа, үйл баримтаар үгүйсгэгдэж байгаагаас гадна  шүүгдэгч үүнийгээ нотлох хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй,  эсхүл хэрэгт байгаа нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн  үндэслэлээ зааж чадахгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримт болон  үйл баримтанд  үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ. 

Мөн хохирогч Э.Б- энэ хэргийн улмаас баруун чих өрөвсөж мэс ажилбар хийлгэсэн тул хоол унд, унааны зардал, эмчилгээний зардал гэж 8.305.417 төгрөг нэхэмжилсэн боловч  дээрх үйлдлийн буюу энэ хэргийн улмаас хохирогчийн ...чихэнд гэмтэл учирсан... гэдэг нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтаар үгүйсгэгдэж   байна.

Түүнчлэн энэ талаар Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 693 дугаартай  ...Э.Б-гийн  биед баруун талын дунд чихний наалдац “архаг” үрэвсэл тогтоогдсон бөгөөд энэ өвчний улмаас хамар хоолойн эмнэлэгт хэвтэж наалдацыг цэвэрлэх, хэнгэргэн хальсны  зузаарсан  хэсгийг цэвэрлэх  хагалгаа хийлгэсэн., гэсэн дүгнэлт / х.хийн 96-р хуудас / гарснаас гадна  шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт оролцож ...Э.Б-гийн чихний үрэвсэл нь  шүүгдэгчийн учруулсан хохирол болох тархи доргилтоос үүсээгүй.., тархи доргилтоос чихэнд ямар нэг үрэвсэл үүсдэггүй... гэсэн мэдүүлэг өгчээ.

Үүнээс үзвэл хохирогч Э.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 8.305.417 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэлгүй орхисон нь үндэслэлтэй байх  бөгөөд харин хохирогч  нь “тархи  доргилт” бүхий хөнгөн хохирлын улмаас учирсан хохирлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж нэхэмжлэх нь эрхтэй.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан., хэрэгт хамаарал бүхий дүгнэлтийг эрх бүхий шинжээч  гаргасан.,   шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж дүгнэлт хийсэн., хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэсэн  байна.

Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахдаа  ямар хэмжээгээр  хэсэгчлэн төлөх талаар заагаагүй байх тул зөвтгөж,  шүүгдэгч С.Б-ын гаргасан  ...шинжээчийн дүгнэлт хууль бус.., нотлох баримт болох  камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байхад  намайг хэрэгт гүтгэсэн тул  шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг:

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА