Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2319

 

 

 

 

 

 

 

 

 

 

АХИМ-газар,

ДБГ- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: АХИМ-газар, ДБГ- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК--д холбогдох

 

Даатгалын гэрээний үүрэгт 178 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т, Х.О, Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Х.О, Г.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АНУ-ын иргэн Б.Д.Г нь 2006 онд Монгол Улсад эхнэр 6 хүүхдийн хамт ирж АНУ-ын Англи хэлний институтын Монгол дахь салбарт ажиллаж эхэлсэн. Тус салбарын захирлаар ажиллаж байх үедээ гэр бүлээрээ амьдрах зориулалтаар 2008-2009 онд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн ...... байршилд 400 м.кв талбай бүхий зоорийн давхартай 2 давхар хувийн сууцыг халаалтын орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийн шийдэл болох газ, цахилгаан эрчим хүч хэрэглэхээр өөрийн хөрөнгөөр барьж Монгол Улсын хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр авсан. Энэ үеэс хойш Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй даатгалын байгууллагуудтай тухайлбал “М” ХХК--тай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж үл хөдлөх эд хөрөнгөө даатгуулж ирсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 тоот үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дараах 6 төрлийн үндсэн эрсдэлээс даатгуулсан. Үүнд

1. бүх төрлийн гал /ой хээрийн түймэр гэх мэт/,

2. тэсрэлт дэлбэрэлтийн,

3. байгалийн галт уул дэлбэрэх, газар хөдлөлт, аадар бороо, шуурга, үер, ус, хөлдөлт, хөрсний суулт, нурангид даруулах, хүчит салхи,

4. цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/,

5. ус чийгний / сантехникийн шугам сүлжээний гэмтэл/

6. гадны нөлөөллийн /гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл зэрэг болно. Даатгалын гэрээнд заасан даатгалын хураамж болох 1 030 150 төгрөгийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн. Гэр бүлээрээ 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Тайланд Улс руу явсан хойгуур буюу 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр миний сууцанд гал гарч Монгол Улсын иргэн А нь миний найз Х.О болон гал унтраах байгууллагад утсаар мэдэгдсэнээр цагдаа, гал унтраах мэргэжлийн байгууллагууд даатгалын байгууллагын холбогдох ажилтнууд газар дээр нь ирж галыг унтраах арга хэмжээ авсан байсан. Галын улмаас орон байр маань шатаж сүйрсэн тул Монгол Улсын эрх бүхий байгууллагад хууль журмынх нь дагуу хандаж гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгосон юм. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад шинжээчээр томилогдсон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаартай дүгнэлтэд байшингийн газар давхрын гол хэсэгт цахилгааны хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурууд цонож гал гарсан гэж тогтоосон бөгөөд Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 225/259 тоот гал түймэр гарсан тухай актад мөн дээрх үндэслэлээр галын шалтгааныг тодорхойлсон. Хөрөнгийн үнэлгээний “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланд гал түймрийн улмаас 178 800 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж цаашид хүн амьдарч болох эсэх талаар дүгнэлтийг гаргуулахад мэргэжлийн хяналтын улсын байцаагч шатсан барилгын төлөв байдлыг хянан үзэж 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 07-78/194 тоот дүгнэлтээр гал түймрийн улмаас барилгын хийц бүтцэд гарсан эврэл гэмтлийн төлөв байдал нь цаашид барилгыг буулгахгүйгээр сэргээн босгох боломжгүй, өндөр температур бүхий түймрийн үйлчлэлээр бат бэх нь алдагдсан, жин ихтэй, бетон хучилт доргиох, тулаас хийх, дам нуруунуудыг солих, гэж оролдвол нуралт цаашид үргэлжилж барилгын тогтворжилт бүхэлдээ алдагдах учир Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтын шаардлагад нийцэхгүй байгааг бидэнд мэдэгдсэн болно. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК--д өргөдөл, холбогдох материалыг гаргасан. “М” ХХК- 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/56 тоот албан бичгээр Даатгалын гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогдоогүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, шилжилтийн эсэргүүцэл нь техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөнөөс үүсдэг, даац ачааалал хэтрүүлснээс үүсдэг аюулгүй ажиллагааны зааврыг хангаж ажиллаагүйгээс үүсдэг байна. Энэ нь даатгалын гэрээний 3.2.3, 3.3.2-т заасан нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдлууд нь даатгалын гэрээний ерөнхий хасалт болон тусгайлсан хасалт болгон онцлон заасан даатгалын эрсдэлд тооцохгүй нөхцөл байдлууд юм гэж тайлбарлсан байна. Энэ шийдвэрийг хянуулахаар Даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хандсан боловч Санхүүгийн зохицуулах хороо 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/4478 тоот бичгээр даатгалын гэрээний 3.2.3, 3.3.2 , Даатгалын тухай хуулийн 8.5.3-т тус тус заасныг үндэслэн “М” ХХК- нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд “М” ХХК--тай харилцан тохиролцож өөрийн эд хөрөнгийг дээрх 6 төрлийн эрсдэлээс даатгуулах, даатгуулагч миний хүлээх хариуцлагын хэмжээ 00/тэг/ байх нөхцлөөр бичгээр гэрээ байгуулан даатгалын хураамж төлөх үүргээ бүрэн биелүүлсэн ба даатгалын гэрээний 2.1.1-т заасан бүх төрлийн галын /ой хээрийн түймэр гэх мэт/, 2.1.4-т заасан цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/ гэсэн эрсдэл үүссэн гэж үзэж байна. Уг эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн болох нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байхад даатгагч байгууллага нь нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж гэрээний нөхцлийг илтэд гуйвуулан тайлбарлаж байгаад гомдолтой байна. “М” ХХК--ийг сонгох болсон нэг үндсэн шалтгаан нь гэрээний 2.2.5-д “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 14 хоногт багтаан энэхүү гэрээгээр хүлээсэн нийт хариуцлагыг 80-аас доошгүй хувийг олон улсын нэр хүндтэй давхар даатгагч нарт давхар даатгуулна” гэсэн даатгалын тусгай нөхцөл амласан тул би сонгосон. Иймд нөхөн төлбөрт 178 800 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2-т заасны дагуу даатгалын гэрээний 2.1-д зааснаар даатгалын зүйлийг үндсэн эрсдэлээс даатгасан бөгөөд нэхэмжлэгчийн дотоод цахилгааны утасны хэлхээний эрсдэлээс учирах хохирлыг даатгаагүй болно. Өөрөөр хэлбэл даатгалын зүйлд дотоод цахилгааны утасны хэлхээнд үүссэн шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд гэрээний 2.1.4-д заасан цахилгаан эрчим хүч түгээгчээс хэрэглэгчид нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачааллаас үүдэн гарсан эрсдэл биш юм. Галын шалтгааныг байшингийн газар давхарын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгаан утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгууруудад цонож гал түймэр гарсныг шинжээчийн дүгнэлт тогтоосон нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа байгааг нотолсон байна. Гал гарсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж гадны нөлөөгүй гэж тогтоосон нь даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн нь тогтоогдохгүй байна. Дээрх дүгнэлтээс үзэхэд цахилгаан утасны холболт суларсан үйл баримт нь нэхэмжлэгч өөрөө гал гарах нөхцөл орчныг бүрдүүлсэн буюу ашиглалтын горимыг зөрчсөн байх тул бидний хооронд байгуулсан гэрээний 3.3.2 дах хэсэгт заасан техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол гэж нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай зохицуулалт үйлчлэх ёстой. Даатгуулагч 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэртээ байхгүй байх хугацаанд гал гарсан нь даатгалын тохиолдол үүсэх нөхцөл орчныг бүрдүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад цахилгаан хуваарилах самбарт үүссэн шилжилтийн эсэргүүцэл нь цахилгааны утаснуудын бүрээст гал үүсгэж модон тулгуурууд цонож гал гарсныг тогтоосон байна. Үүнээс үзэхэд цахилгаан хуваарилах самбарын байршил нь аюулгүй ажиллагааны горимыг хангаагүйн улмаас модон тулгуурууд цонож гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь Даатгалын тухай хуулийн 10.1.5 дах хэсэгт даатгалын зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол бий болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах даатгагчид нэн даруй мэдэгдэх гэж заасан үндсэн гол үүргээ даатгуулагч биелүүлээгүйг тогтоож байна. Даатгуулагч өөрийн байрны дотоод цахилгаан хэлхээг бүрэн унтрааж салгаагүйн улмаас шилжилтийн эсэргүүцэл үүссэн байх бөгөөд хэрэглэгч 380 вольтын цахилгаан хэрэглэж байсан нь бидэнд прокурорын байгууллагаас ирсэн мэдэгдлээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь санхүүгийн зохицуулах хорооноос хариу авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гал гарсан үйл явцыг бидэнд мэдэгдсэнээр хохирлын хэмжээ, шалтгаан зэргийг тогтооход даатгагчийн зүгээс байнга, ил тод нээлттэйгээр хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлж хууль болон гэрээнд заасны дагуу шаардлагатай заавар зөвлөгөөг өгч байсан. Нэхэмжлэгч хохирлын хэмжээг тогтоохдоо бидэнд мэдэгдэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гарсан байна. Хохирлын хэмжээг тогтоосон акт нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна. Дүгнэлтэд бичигдсэн үндэслэлүүд нь нүдэн баримжаагаар хийгдсэнээс болж барилгын гадна талын өнгөлгөөний тоосгон хананд үүссэн байсан хуучин цууралтыг ослын улмаас шинээр үүссэн гэж буруу тогтоосон, лабораторын шинжилгээнд үндэслээгүй, тухайн барилга байгууламжийн зураг төсөл нь мэргэжлийн байгууллага боловсруулсан эсэх, болон улсын экспертизээр хянагдаж баталгаажсан эсэхэд санаатай дүгнэлт өгөөгүй зэрэг алдаа, дутагдал гаргаж үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээчин Д.Ганбаатарын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 06-20/01 дугаартай үнэлгээний тайлан нь хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна. Даатгалын гэрээний 3.2.2. даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, 3.2.3. даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдлийн улмаас хохирол гарсан, 3.3.2. техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол гэсэн заалтууд нь ерөнхий болон тусгай хасалтуудад орж байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК--иас 178 800 000 /нэг зуун далан найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АНУ-д төвтэй АХИМ-газар, ДБГ- нарт хувь тэнцүүлэн олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч АНУ-д төвтэй АХИМ-газар, ДБГ- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 103 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 051 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн зардал 20 526 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хөрөнгийн үнэлгээний “Лендс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт, талуудын хооронд байгуулсан гэрээ, тухайн гэрээний харилцааг зохицуулж байгаа хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэж, илт нэг  талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Үйл баримт болон шинжээчийн дүгнэлтийг буруу дүгнэсэн.  Хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээч, дэд хурандаа Д.Өлзийцэцэгийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаар шинжээчийн дүгнэлтийн 7.3-т "... цахилгаан утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурнуудад цонож гал түймэр гарсан байна" гэж, мөн шинжээчийн Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн тус дүгнэлттэй холбоотой нэмэлт тайлбарт"... цахилгаан хэрэгслийг буруу суурилуулах, угсрах, холбох, даац ачаалал хэтрүүлэх, цахилгаан хэрэгслийн ашиглалтын горим зөрчих зэрэг алдаанаас шилжилтийн эсэргүүцэл үүсэх юм" гэж тус тус дүгнэсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Гүйдлийн хүч ихсэхэд дамжуулагч утсан дээрх хүчдэл ихсэж, цахилгааны утаснуудад халалт үүсч утаснуудын бүрээс шатаж гал түймэр гарсан байна. Дээрх үндэслэлээр гал гарсан нь даатгалын гэрээний 2.1.1-д заасан ... эрсдэлд хамаарах үндэслэлтэй байна" гэж, мөн "Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл гэдэг нь цахилгаан эрчим хүч хэрэглэж буй хэрэглэгчид очиж байгаа гүйдлийн хэлбэлзлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан гүйдлийн хүч ихэсч, багасч өөрчлөгдөхийг ойлгоно. Иймд ... цахилгаан хуваарилах самбарт шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс гүйдлийн хүч ихсэх нь даатгалын гэрээний 2.1.4-т ... гэж заасан эрсдэлд хамаарч байна" гэж тус тус дүгнэсэн нь талуудын маргаангүй дээрх шинжээчийн дүгнэлт болох цорын ганц нотлох баримтыг буруу шинжлэн судалж, илт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, нэхэмжлэгчийн цахилгаан утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатсан бөгөөд тухайн цахилгаан утаснууд нэг дамжуулагчаас хөндлөн огтлолын өөр талбайн нөгөө дамжуулагчид шилжихэд тэдний хүрэлцэн нийлсэн холболт буруу, дутуу, муу холбогдсон зэрэг нөхцөл байдлаас болж сулрах буюу чанга биш болох, бэхлээгүй, алдуурах зэрэг байдал үүсч буруу суурилуулсан, ашиглалтын горим зөрчигдсөн нь үйл баримтаар тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг дутуу шинжлэн судалж, илт гуйвуулж гүйдлийн хүч ихсэхэд дамжуулагч утсан дээрх хүчдэл ихсэж, цахилгааны утаснуудад халалт үүсч утаснуудын бүрээс шатаж гал түймэр гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна. Мөн шүүхийн энэ илт гуйвуулсан үндэслэл буюу цахилгаан гүйдлийн хүч ихэсч, багасч өөрчлөгдсөний улмаас гал гарсан гэх үйл явдал болоогүй, энэ талаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ "дээрх гал түймрийн улмаас даатгалын зүйл болох ... “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 178 000 000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна" гэж үндэслэн тус мөнгөн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өмнө нь өөрийн гаргасан шийдвэрийг үгүйсгэсэн гэж үзэж байна. Энэхүү хохирлын дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4, 438.5, 438.6 дах хэсгүүд болон тус дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36398 дугаар шүүгчийн захирамжид тус тус нийцээгүй болно. Энэхүү захирамжид хариу ирүүлсэн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийн 4-т "орон сууцны барилгын 1-р давхрын нурж цөмөрсөн хэсгийн давхар дундын хучилт, хана, хамар ханыг буулган дахин шинэчлэх шаардлагатай. Буулгах шинэчлэх ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагтай" гэж дүгнэсэн буюу барилгыг бүхэлд нь нураах шаардлагагүй харин тодорхой хэсгийг буулган шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд нийцээгүй хохирол үнэлгээний тайлан болно. “Гэрэгэ эстимэйт” ХХК болон “Лендс” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангууд нь шүүхээс тогтоосон шинжээч болох Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд үндэслээгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх явцад хууль бус нь тогтоогдсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд үндэслэсэн юм. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул дээр дурдсан нөхцөл байдал болон үйл баримтуудыг үндэслэн Сүхбатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч АХИМ-газар болон ДБГ- нар нь хариуцагч “М” ХХК--д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 178 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ДБГ-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамж, 87 тоотод байрлах 400 м.кв хувийн сууцанд учирах эрсдлийг хариуцагч “М” ХХК- нь даатган авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна. /1-р хх-ийн 14-16 дугаар тал/

 

            Даатгалын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гал түймэр гарсны улмаас хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангуудаар тогтоогджээ. /1-р хх-ийн 21-28, 63-85 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.1.1-т /бүх төрлийн галын (ой хээрийн гүймэр г.м)/, 2.1.4-т /цахилгаан эрчим хүчний (цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалалаас үүссэн гал гэж үзэж даатгалын тохиолдол бий болсон гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

            Тодруулбал, даатгалын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд гал түймэр гарах болсон шалтгааныг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 2014 оны 6 сарын 12-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гал түймэр гарсан тухай актад “... цахилгааны утаснуудын холболт суларч, шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурнуудад цонож гал түймэр гарсан” гэж тус тус дүгнэжээ. /1-р хх-ийн 18-20 дугаар тал/

 

            Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн зохицуулагч галын шинжээч нь “... цахилгааны хэрэгслийг буруу суурилуулах, угсрах, холбох, даац ачаалал хэтрүүлэх, цахилгаан хэрэгслийн ашиглалтын горим зөрчих зэрэг алдаанаас шилжилтийн эсэргүүцэл үүснэ” гэж уг гал түймэр гарах болсон шалтгаан буюу “... цахилгааны утаснуудын холболт суларч, шилжилтийн эсэргүүцэл үүссэн” гэх дүгнэлтийн үндэслэл буюу  шилжилтийн эсэргүүцэл ямар тохиолдолд гардаг талаар заажээ.

 

            Дулааны 4-р цахилгаан станци ТӨХК-ийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн албан бичигт “... цахилгаан холболтод сулралт үүсэх үед шилжилтийн эсэргүүцэл  зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсэж, тухайн хэсэгт халалт үүснэ. Энэ нь гүйцэтгэгчийн буюу хэрэглэгчийн алдаанаас болж үүснэ” гэж, Эрчим хүчний яамны 2013 оны 10 сарын 16-ны өдрийн албан бичигт “... шилжилтийн эсэргүүцэл нь тухайн хүрэлцэж буй гадаргуунуудын тэгш бус байдлаас гадна дамжуулагчуудын материал, хийц, контактуудын холбоос, барилтаас шалтгаалан ихсэж багасдаг” гэжээ. /1-р хх-ийн 54, 95, 241 дүгээр тал/

 

            Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд гал түймрийн шалтгаан нь талуудын байгуулсан даатгалын гэрээний тохиолдол болох 2.1.1-т заасан “ой хээрийн түймэр”, 2.1.4-т заасан “цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал”-аас үүссэн нь нотлогдоогүй, харин нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу цахилгаан утасны холболт суларсанаас үүссэн гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.1.1, 2.1.4-т заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК--иас гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.

           

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй үйл баримт буюу “шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс цахилгаан гүйдлийн хүч ихсэнэ” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний “Лендс” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба уг шинжээчийн ажлын хөлс болох 20 526 000 төгрөгийг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах байтал нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь зөрчилтэй байна. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийн энэ  талаархи хэсгийг хэвээр үлдээв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “М” ХХК--иас даатгалын гэрээний үүрэгт 178 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АХИМ-газар болон ДБГ- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 051 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД                                                                                                      

                                                                                                  Г.ДАВААДОРЖ