Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 257

 

                                                     Д.Б-д холбогдох ялыг дүйцүүлэн хасах тухай

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, ялтны өмгөөлөгч Г.Наранбаатар,нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаар магадлалтай Д.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Б овогт Д.Б нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 529 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр 13 жил хорих ял  болгон өөрчилсөн, одоо уг ялаа эдэлж байгаа,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн эдлэх ялыг дүйцүүлэн хасаж, 09 жил 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн 09 жил 03 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаар магадлалаар: “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн эдлэх ялыг дүйцүүлэн хасч, 09 жил 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг 12 жил 02 сар 13 хоногоор тогтоосугай...” гэж

Захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн 09 жил 03 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

Ялтан Д.Б-ийн ялын тооцоог хийж, шинэчлэн тогтоосон ялаас хасч тооцохыг тухайн хорих байгууллагад мэдэгдэж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Ялтны өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.Б нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 529 дүгээр магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс өнөөдрийн байдлаар дээрх ялаас Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 429 дүгээр ангид 03 жил 01 сар 05 хоногийг биечлэн эдэлж, шагналын 3 сар 25 хоног авч нийт 03 жил 5 сар 02 хоногийн ял эдэлсэн байна. Шүүгч Б.Батаагийн 233 дугаартай захирамжаар Д.Б-ийн хорих ялыг дүйцүүлэн хасахдаа хүнийг санаатай алах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна гэж үзсэн. Энэхүү үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шинэ Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” 11.2.2.5 дугаар зүйл дэх “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэх зүйл заалтаар дүйцүүлэх нь хуулийг оновчтой, зөв хэрэглэх улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан бол” гэсэн гэмт хэрэг байхгүй байсан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тухайн зүйлийн хүндрүүлэх шинжид шинээр оруулан хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зүйлд заасан шинж нь шинээр гэмт хэрэгт тооцогдож, хуульчлагдсан боловч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын нэг үндэслэл үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй гэж давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт тайлбарласан нь үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын нэг үндэслэл үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй байх учиртай гэсэн дээрх тайлбар нь Эрүүгийн хуулийн 1.9.1 дүгээр зүйл заалттай харшилж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2-д зааснаар “... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул ялтан Д.Б-ийн ялыг нь дүйцүүлэн хасахдаа шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.1 дэх зүйлийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ялыг дүйцүүлэн хасах нь Д.Б-ийн үйлдлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...2002 оны Эрүүгийн хуульд хүнд гэмтэл учруулсны улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж байсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.2.5-д зааснаар ялыг дүйцүүлэн хасах нь хуулийг оновчтой зөв хэрэглэх ба 2002 оны Эрүүгийн хуулиар 10-15 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэхээр байсан бол шинэ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.2.5-д “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хорих ялыг хөнгөрүүлэн хуульчилсан байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,9,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Д.Б-ийн эдлэх ялыг дүйцүүлэн хасахдаа зохих журмын дагуу хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

Оролцсон прокуророос: Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг шинээр эрүүжүүлсэн тул 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийг хэрэглэнэ. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт уг хуулийг буцаан хэрэглэхгүй байх нэг үндэслэлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон“ тохиолдлыг хамааруулан хуульчилсан байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон гэдэгт өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй байсан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шинэ Эрүүгийн хуулиар эрүүжүүлсэн хэм хэмжээ тогтоосныг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч нийгэмд аюултай тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцох замаар эрүүгийн хариуцлага, ялыг шинээр тогтоож буй явдал юм.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгийг уг хэм, хэмжээг  тогтоосон хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар шинээр эрүүжүүлсэн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсгийг дээр дурдсан хугацаанаас хойш үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх тул энэ талаар гаргасан ялтны өмгөөлөгч Г.Наранбаатарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Харин анхан шатны шүүх ялтан Д.Б-д шүүхээс анх оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах хэмжээний талаар шүүгчийн захирамжинд дурдсан мөртлөө уг хэмжээгээр бус түүний эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН