Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 731

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар , Таргууд овогтой Ж.О, 

          Хариуцагч: Увс аймгийн ХХҮГхолбогдох,

          Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 4.261.887 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Хөдөлмөрийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байхдаа аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ, чин шударгаар гүйцэтгэж ирсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд өргөдөл гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүхийн 10 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00814 тоот тогтоолын дагуу Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/24 тоот тушаалаар үйлчлэгчээр ажилд орсон тул 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.261.887 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, мөн нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.   

             Хариуцагч Увс аймгийн ХХҮГ-ын дарга Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд Ж.О-ийн гаргасан нэхэмжлэлтд дараах тайлбар хүргүүлж байна. Манай газрын бүтэц орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар баталсан тушаалын хавсралтад зааснаар үйлчилгээний 4-н ажилтан байна гэснийг байгууллагын үйл ажиллагааны онцлог, ачааллаас хамаарч үйлчлэгч-1, жолооч-1, нярав-1, угтах ажилтан-1 тус тус байхаар тогтоосон. Гэтэл Хөдөлмөрийн хэлтэс үйлчлэгч-1, Нийгмийн халамжийн хэлтэс үйлчлэгч-1 тус бүр ажиллаж байсан ба орон тоо бүтцээр 1 үйлчлэгч ажиллах боломжтой тул Ж.О-ийг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн. Нийгмийн халамжийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан Б.П нь жирэмсний амралттай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлын байр нь хадгалагдаж үлдэх эрх зүйн үндэслэлтэй тул Ж.О чөлөөлөгдсөн. Гэтэл шат шатны шүүх энэ үндэслэлүүдийг харгалзан үзэхгүйгээр Ж.Оюунцэцэгийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. Б.П нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад эргэж ажилд орох хүсэлт гаргасан боловч Ж.О-ийг уг ажлын байранд эгүүлэн тогтоосон тул ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр Б.П-ааг ажилд эгүүлж аваагүй болно. Иймд Б.П нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвгшөөрч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүгчийн 385 тоот захирамж гарсан. Ийм байдлаар нэг ажлын байранд 2 хүнийг эгүүлэн тогтоосон тул Ж.О-т ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй юм” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Увс аймгийн ХХҮГ-т холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 4.261.887 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгч ажилтай Ж.О-ийг тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 814 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэгчийг уг албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

         Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ж.О нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/24 дүгээр Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар ажилдаа томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

           Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.О нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор шаардах эрхтэй бөгөөд тэрээр ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 4.261.887 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Ж.О-ийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2016 оны 8 дугаар сард 451.656 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 342.042 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 418.050 төгрөгийн цалин тус тус авсан байх ба нийт 1.211.748 төгрөгийн цалингаас нэг сарын дундаж цалинг тооцоход  403.916 төгрөг, мөн нэг өдрийн цалин 18.786 төгрөг байна.

          Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 20 хоног, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацаа, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажлын 6 хоногийн цалинг тооцож үзэхэд нийт 4.123.680 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгч Ж.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138.207 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 4.123.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138.207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 80.928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-т олгох нь зүйтэй байна.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 4.123.680 /дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138.207 /нэг зуун гучин найман мянга хоёр зуун долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ж.О-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.140 /наян гурван мянга нэг зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 80.928 /наян мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-т олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА