| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00672/и |
| Дугаар | 757 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 757
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар , Ю.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар , Р.С-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 5.358.500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, гэрч Ч.Б, Т.С, С.Д, П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2015 оны 4 дүгээр сард иргэн Р.С нь бидэнд хандаж, хашаагаа зарах тухай ярьсан бөгөөд би эхнэр Т.О-тэй ярилцаж байгаад уг хашааг худалдан авахаар болсон юм. Ингээд Улаангом сумын 7 дугаар багт байрлах Р.С-ийн хашааг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод урьдчилгаанд 5.328.500 төгрөг өгсөн юм. Тухайн үед Р.С нь хашааны өмчлөлийн гэрчилгээг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөхөөр тохирсон бөгөөд гэрчилгээ гарсны дараа бид үлдэгдэл тооцоогоо хийхээр тохирсон. Гэвч тэр үеэс хойш Р.С нь “Хашааны гэрчилгээ банкны барьцаанд байгаа” гэж хэлээд биднийг уг хашаандаа буулгаагүй бөгөөд удалгүй тэдний хашаанд өөр айл ирж буусан. Ингээд эхнэр Т.О бид хоёр Р.С-тай удаа дараа уулзаж хашааныхаа гэрчилгээг банкнаас гаргаж өгөхийг шаардсан боловч үл тоож, сүүлдээ утсаа авахгүй, бидэнд олдохоо больж, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор явна. Эхнэр бид хоёр Р.С-тай хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын эхээр уулзаж, “Хашаагаа бидэнд өгөхгүй бол бид танд өгсөн мөнгөө буцааж авъя” гэхэд “Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Орос руу гарч ямаа самнаад 50 кг ноолуур авч ирээд таны мөнгийг өгнө” гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш мөн утас нь холбогдохгүй, алга болсон. Ингээд бид арга буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Р.С нь бидэнд хашаагаа зарах үеэр буюу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр уг хашаагаа өөр хүнд буюу н.Аюуш гэх хүнд давхар худалдан урьдчилгаанд 3.000.000 төгрөг авсныг бид эвлэрүүлэн зуучлагчид хандах үеэрээ мэдсэн юм. Р.С нь н.А гэдэг хүнд хашаагаа зарахдаа мөн бидэнд хэлсэнтэй адил 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хашааныхаа гэрчилгээг гарган өгч үлдэгдэл тооцоогоо хийхээр болсон байсан. Дараа нь А гуай Р.С-аас мөнгөө нэхэхэд мөн бид хоёрт хэлсэн шиг “Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Орос руу гарч ямаа самнаад 50 кг ноолуур авч ирээд таны мөнгийг өгнө” гэж хэлээд сураггүй болсон байсан. Ингээд бид хоёр Р.С гэгч нь анхнаасаа биднийг залилан мэхэлж мөнгө авах зорилгоор хашаагаа худалдана гэж худлаа хэлснийг нь ойлгож мэдсэн. Р.С нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үеэр ирж шүүхэд тайлбар гаргахдаа “Би Т.О, Ю.О нараас 2.000.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн, буцаагаад тэр мөнгөө би 4.000.000 төгрөг болгож өгсөн, одоо надад өгөх мөнгө төгрөг тооцоо байхгүй” гэж худлаа хэлсэн байсан. Ингээд надад зарсан хашаагаа Аюуш гэдэг хүнд давхар худалдсаныг мэдээд би цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр миний гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, “иргэний журмаар шүүхэд хандаж хохирлоо гаргуулж аваарай” гэсэн тул шүүхэд хандаж байна. Биднийг цагдаад хандаж гомдол гаргах үеэр Р.С нь Аюуш гэдэг хүнд хашаагаа зарахаар өгсөн 3.000.000 төгрөгөө буцааж өгсөн байсан. Р.С нь надаас бэлнээр авсан 3.000.000 төгрөгөө буцааж өгнө гэж ярьж байсан утасны бичлэг надад байгаа болно. Иймд иргэн Р.С-аас хашаа худалдан авахаар түүнд урьдчилгаа болгож өгсөн 5.328.500 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандахдаа төлсөн 30.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж, нийт 5.358.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ю.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслын 16 айлын орон сууцны 4-1 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манайх Улаангом сумын 7 дугаар багт хашаатай юм. Уг хашаандаа түрээсээр түр буух айл сурагласан юм. Гэтэл надтай хамт ажиллаж байсан Ю.О “Хашаагаа надад зарчих, өөр хүнд зарж болохгүй” гээд надыг гуйж байсан. 2015 оны сүүлчээр Ю.О хашааны урьдчилгаа болгож дансаар 1.200.000 төгрөг хийсэн байсан. Дараа нь миний дансанд 250.000 төгрөг, 450.000 төгрөг нэмж өгсөн юм. Би түүнээс хашааны урьдчилгаа гэж нийт 1.900.000 төгрөг авсан. Гэтэл тэрээр надад 5.328.500 төгрөг өгсөн гэж худал хэлсэн байна. Ю.О бид хоёр НИК-ийн шатахуун түгээх газар хамт ажиллаж, ээлжинд хамт гардаг байсан юм. Тэрээр миний данс руу орсон бензин, тосны мөнгийг надад хашааны мөнгөд өгсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байна. Бид хоёр хамт ээлжинд гарсан үед хүмүүс бэлэн мөнгөгүй үедээ бензин шатахуун авахдаа Ю.О нь өөрийн данс руу мобайлаар хийлгэчихээд, өөрөө картгүй байсан тул миний дансруу тэрээр уг мөнгөө хийж, маргааш өглөө нь миний картыг уншуулж, дараагийн ээлжтэй тооцоо хийж хүлээлцдэг байсан. Ингэж орж ирсэн мөнгийг хашааны үнэд өгсөн гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 оны 3 дугаар сарын үед Ю.О “Би хашаа авахгүй, үнэ нь их байна, мөнгөө авъя” гэсэн. Би түүний мөнгийг хашаагаа зарж байгаад өгнө гэж тохирсон юмаа. Гэтэл Ю.О нь ор үндэслэлгүйгээр 5.325.000 төгрөг надаас нэхэмжилж худлаа өргөдөл гаргаж, намайг хуулийн бүх байгууллагаар шалгуулж байсан юм. Миний хашааны гэрчилгээ Хас банкинд зээлтэй байгаа, тиймээс би Ю.О-ыг “15.000.000 төгрөгөө гүйцээж өгчихөөд гаргуулж ав” гэсэн. Гэтэл энэ хүн уг мөнгийг өгч чадалгүй явсаар байж өнөөдрийг хүрсэн. 2017 оны 5 дугаар сард “Би мөнгөө авна, та хашаагаа зарж ав” гэсэн. Би Ю.О-аас хашааны урьдчилгаа 1.900.000 төгрөг авсан. Үүнийг л буцаан өгнө. Энэ мөнгөө хашаа зарагдахаар өгөхөөр тохирсон юм. Гэтэл тэрээр надаас ямарч үндэслэлгүйгээр “5.328.500 төгрөг өгсөн” гэж илүү мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.О нь хариуцагч Р.С-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 5.358.500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Р.С “Би хашаагаа зарна гэсэн боловч хашааны гэрчилгээ нь 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тул түүнийг чөлөөлж өгөх боломжгүй байсан. Би Р.О-аас авсан 1.900.000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин илүү нэхэмжилж буй 3.458.500 төгрөгийг аваагүй тул төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 4 дүгээр сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Ю.О нь Р.С-аас түүний өмчлөлийн гэх Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах хашааны газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд буюу тодорхой хугацааны туршид үнийг төлж байсан талаар маргахгүй байх ба харин тухайн газрын гэрчилгээ нь Хас банкны зээлийн барьцаанд байгаа учир газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бодит нөхцөл байдал байгаагүйн улмаас худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн үнийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ю.О-ын Хаан банк дахь 5819163186, хариуцагч Р.Сарантуяагийн Хаан банк дахь 5819253140 тоот дасны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Ю.О-ын 5819163186 тоот данснаас 5819253140 тоот данс руу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 250.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 450.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 67.200 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 36.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 45.300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 80.000 төгрөг, нийт 2.178.500 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Хариуцагч нь “Бид хоёр хамт ээлжинд гарсан үед хүмүүс бэлэн мөнгөгүй үедээ бензин шатахуун авахдаа Ю.О нь өөрийн данс руу мобайлаар хийлгэчихээд, өөрөө картгүй байсан тул миний дансруу тэрээр уг мөнгөө хийж, маргааш өглөө нь миний картыг уншуулж, дараагийн ээлжтэй тооцоо хийж хүлээлцдэг байсан” гэж тайлбарлаж, түүний данс руу орсон 67.200, 36.000, 50.000, 45.300, 80.000 төгрөгийг “хүмүүсийн авсан бензин, шатахууны мөнгө” гэсэн боловч Ю.Отгонжаргалын данс руу бусад этгээдээс тийм хэмжээний мөнгө шилжиж орж байсан нь тогтоогдохгүй, Ю.Отгонжаргал өөрийн дансанд байсан мөнгөнөөс Р.С-ийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан нь нотлогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Б-ын “Ю.О Р.С-аас хашаа худалдан авахаар надтай хамт банкны зээл хөөцөлдөж байсан” гэх мэдүүлэг, Т.С-ийн “2015 оны 4 дүгээр сарын эхээр манай хүргэн Ю.О, эхнэрийн хамтаар хашаа худалдан авна гээд 2.000.000 төгрөг аваад, худалдаж авах гэж байгаа гэх хашааны гадна хамтдаа очсон. Тухайн үед тэд “Бидэнд 2.000.000 төгрөг байна. Худалдаж байгаа хүнд нь өгнө” гээд хашаа руу яваад орсон” гэх мэдүүлэг, С.Д-ийн “Ю.О ах Р.С эгчээс хашааг нь худалдан авна гээд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөгийг банкнаас авчраад миний хажууд бэлнээр өгч байсан” гэх мэдүүлэг, П.Д-ын “Р.С-ийн хашаанд би амьдардаг. Р.С надад хашаагаа зарна гээд 5.700.000 төгрөг авсан. Гэтэл Ю.О гэдэг хүн ирээд бас хашаа худалдан авахаар мөнгө өгсөн гэж хэлсэн. Р.С өөрөө надад “О-аас 5.000.000 төгрөг авсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, Ю.О, түүний эхнэр Т.О нарын Увс аймгийн Цагдаагийн газарт өгсөн “Р.С-д бид 5.328.500 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Би 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдийнхээ хадгаламж барьцаалсан 2.000.000 төгрөгийн зээл аваад Р.С-д бэлнээр тэр дор нь өгсөн, мөн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэж тус тус мэдүүлсэн боловч гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлох бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба хэрэв нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэн мөнгө өгсөн бол үүнийгээ ямар нэгэн хэлбэрээр баримтжуулан, бэхжүүлэх боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ хийхдээ бичгээр байгуулаагүй, мөн бэлнээр мөнгө өгч байсан гэх боловч бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн ямар нэгэн бичгийн баримт үйлдэгдээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ю.О-аас “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” шаардлага гаргасан байх боловч нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, энэхүү ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал нь зайлшгүй гарах байсан зардал биш тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Р.С-аас 2.178.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-аас 49.806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.О-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн “Ярианы бичлэг” гэх СД дээрх бичлэгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрүүдэд бичигдсэн зүйлс нь хэрэгт хамааралгүй байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Р.С-аас 2.178.500 /хоёр сая нэг зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.686 /нэг зуун мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-аас 49.806 /дөчин есөн мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.О-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА